-Та сүүлийн 15 жилийн турш бусдад урам зориг өгч, асуудал бэрхшээлээ даван туулахад зориулсан сургалт, лекц зохион байгуулсаар иржээ. Яагаад энэ ажлыг сонгож хийх болсон бэ?
Залуучуудын хувьд хүний үндсэн хэрэгцээ болох санхүүгийн тал дээр бие дааж, карераа амжилттай эхлүүлэхээр зүтгээд явж байхдаа гэрлээд үр хүүхэдтэй болж аав, нөхөр болдог. Миний хувьд ч адилхан, 25 настай байхдаа хийж бүтээнэ, болно гэж зүтгээд өөрийн гэсэн бизнестэй санхүүгийн хувьд боломжтой болсон ч гэр бүийн харилцааны хувьд асуудал гарч ирсэн. Энэ асуудлыг хүн бүрт яриад шийдээд байх боломжгүй шүү дээ. Тэгээд тулгарсан асуудлаа хувь хүний хөгжлийн өсөлтөөр шийдэх хэрэгцээ гарч ирснийг амьдрал хүчээр надад ойлгуулсан. Би өөрөө тухайн асуудлыг шийдэх чадваргүй байгаагаа ойлгож, мэдсэн. Яагаад гэвэл амьдралын энээ асуудал өөрөө бизнес эхлүүлэхээс маш өөр зүйл. Миний хувьд залуухан, хоёр хүүхэдтэй байхдаа гэр бүлийн харилцааны асуудлаа нээлттэй шийдэхгүй, дарж явсаар байгаад нилээн хүнд байдалд оруулсан төдийгүй засаж дийлэхгүй юм чинь салалтаар асуудлыг шийдье гэсэн бололтой байлаа.
-Хүмүүс юу сонсож байгаагаас шалтгаалаад тухайн хүний бодол санаа өөрчлөгдөж улмаар хандлага, зан чанарт нөлөөлдөг гэж ярьдаг. Таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
Бэрхшээ бол амьдралын нэг хэсэг, харин энэ бэрхшээлд яаж хандахаа мэдэхгүйгээс болж нэг хүний хувь тавилан эргэчихдэг. Гэр бүлийн боловсрол, хувь хүний төлөвшилд сэтгэл хөдлөлийг удирдах чадвар миний гэр бүлийн хоёр үедээ сул байсныг би олж мэдсэн. Жишээ нь аавынхаа амьдралыг дүгнээд үзэхэд хоёр дээд сургууль төгссөн, сэхээтэн боловсролтой боловч мөн л гэр бүлд тулгарсан асуудлаа зөв шийдэж чадаагүй түүхийг би олж мэдсэн. Тэгээд энэ бол миний асуудал биш, үр удамтай минь холбоотой гэр бүлийн боловсрол дотор байх ёстой маш чухал агуулга надад байхгүй байгааг олж мэдсэн юм. Тухайн үед үнэхээр гайхаж, шоконд ороод энэ талаар судлаж эхэлсэн.
-Монголчууд төдийгүй дэлхий нийтийн хандлага зүрх сэтгэлийн боловсролд анхаарах цаг болсон гэдгийг хэлж, ярьж байна. Таны сургалт, лекцийг сонсож байхад сүүлийн үед хамгийн ихээр ярих болсон EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамжийн талаар нилээн ярьж байгаа. Энэ нь хүний зүрх сэтгэлийн боловсролд анхаарч байгаа зүйл мөн үү?
EQ бол сэтгэл хөдлөлийг захирах, удирдах чадвар юм. Монголд IQ өндөр EQ сул байна. Энэ нь тухайн хүн шуналаа захирч чадахгүй, хувийн эрх ашгийг бусдынхаас дээр тавьж, өөрийнхөө мэдрэмж, уур хилэн, хэт их сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр аминчхан үзэлтэй хүмүүсийн олонх нь хурдтай сэтгэн бодох чадвартай, бизнесийн ур чадвар өндөр харин харилцааны ур чадвар, гэр бүлийн дотоод харилцааг эерэгээр шийдэх чадвар муу байдаг. Монголд гэр бүл салалт жил бүр өсөж байна. Энэ нь хувь хүний боловсролтой шууд холбоотой.
-EQ буюу сэтгэл хөдлөлийг захирах, удирдах чадварыг хүүхдүүдэд багаас нь зааж сургаж байж үр дүн гарна. Гэхдээ томчууд өөрсдөө үлгэрлэж, энэ талын мэдлэгтэй байх хэрэгтэй учраас танай байгууллага хүний хөгжлийн сургалтыг тасралтгүй явуулдаг гэж ойлгож байгаа, зөв үү?
Би таван хүү, нэг охинтой. Монголчууд хүүхдүүдийнхээ биеийн төрүүлэхээс ухааны нь төрүүлдэггүй гэж ярьдаг. Миний хувьд хүүхдүүдийнхээ ухаанын төрүүлж сурч байна. Энэ нь хувь хүний боловсрол буюу EQ хөгжүүлж, зүрх сэтгэлийн боловсролд анхаарч байна гэсэн үг. Миний хувьд гэр бүлдээ гарч байгаа эерэг үр дүн сайн өөрчлөлтийг хараад энэ талаар бусдад хуваалцаж ажиллах хүсэлтэй болсон. Би бизнес хийж байхдаа өмнө нь өөрийнхөө өмнө хариуцлага авч байсан. Харин одоо бусдын өмнөөс харицлага авах нь хамгийн их үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгож мэдэрч, аз жаргалтай ажиллаж байна.
Энэ нь зөвхөн шашны эсвэл хүмүүнэлэгийн тодорхойлолт биш, “Үйлчүүлэгч хаан” гэдгийн мөн чанар нь энэ юм. Хэрвээ би ашиг олмоор бол бусдын үнэ цэнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Миний хувьд ийм шийдвэр гаргаж, өөрт байгаа зүйлээрээ бусдад зөвлөж, дэмжиж, бусдын асуудлыг шийдэхийн тулд сайн дураараа хариуцлага авсан. Энэ ажил маань явсаар байгаад 2009-2012 онд “Аксел Фишер” академийг үүсгэн байгуулах боломж болтол өөр дээрээ ажилласан юм. Гэр бүлийнхээ асуудлыг шийдэхийн тулд мэргэжлийн хүний зөвлөгөөг 5 жил гаруй хугацаанд авсан.
Зөөлөн ур чадварыг хэмжих амаргүй, гэхдээ урт хугацаанд нь борлуулалтаар нь тогтвортой байдлаар нь үр дүнг нь харж болно. Манай “Aфа” академи бол төлбөртэй сургалт явуулдаг, хувийн байгууллага. Гэтэл хүнд зүрх сэтгэлийн дуудлага гэж байна бизнесийн болон хувийн хэвшил, төрийн байгууллагын удирдлагууд хувь хүний хөгжил EQ гэдгийг ойлгоосой гэсэн үүднээс маш их ажилласан. Харамсалтай нь улс төрийн нөлөө, намын онцлог, үнэт зүйл, эрхэм зорилгоос шалтгаалаад зарим зүйл олон нийтэд хүртээмжтэй хийхэд амаргүй байна.
-Танай байгууллага “Edumotiva” телевизийн контент бэлтгээд үзэгчдэд хүргэж байна. Олон нийт хэрхэн хүлээж авч байна?
Бид өөрсдийнхөө халааснаас мөнгөө гаргаад нэг ч гэсэн хүний амьдралыг өөрчилье гэсэн зүрх сэтгэлтэйгээр ажиллаад, зүтгээд явж байна. Энэ контентыг хийж эхлэхэд амаргүй байна. Гэхдээ маш сайн үр дүн гарч байгааг хэлэх хэрэгтэй. Гудамжинд тааралдсан зарим хүмүүс манай байрны үйлчлэгч эмэгтэйгээс эхлээд сэтгэгдэлээ хуваалцаж, зүрх сэтгэлийн хоосон орон зайг дүүргэж байна гэж хэлж, ярьж байна энэ бол зүрх сэтгэлийн боловсрол. Үүнийг сургуульд заадаггүй харин нэг давуу тал нь үүнийг бид нар мэргэжлийн түвшинд судлаж, боловсруулаад өөрсдийнхөө амьдралын 10-20 жилийг зориулаад үүнийгээ бусдад хүртээх зорилготой ажиллаж байна.
Бид монгол хүн монголын үнэт баялаг гэж ярьдаг. Гэтэл хүнийхээ боловсролд нь ч анхаарч амжихгүй хангалттай их бэрхшээл бидний өмнө байна. Би хэн нэгнийг буруутгах гэсэнгүй гэхдээ л ийм зүйлд санаа таьж, ач холбогдол өгөх завгүй бужигнаж байгаа нь үнэн. Миний хувьд өнөөдөр шүүмжилж биш сануулж ярьж байна. Одоо хийхгүй бол ирээдүйд маш том хор уршиг дагуулна. Жишээлбэл өнөөдөр би хүүхэдтэйгээ ажиллаж чадаагүйгээс болоод миний хүүхэд гэр бүлийн асуудал гаргана. Энэ гэр бүлийн асуудал зүгээр нэг гэр бүлийн асуудал биш нэг хүүхдийн эцэг эхтэй байх, байхгүйн асуудал, хувь тавилан яригддаг.
Хувь хүний хөгжлийг дэмжсэн боловсрол чухал гэж ярьж байгаа ч бодлогын хэмжээнд өргөн цар хүрээнд ажиллахгүй байгаа энэ салбарт хэсэг бүлэг хүмүүс сайн дураараа ажиллаж л байна.
-Таны ажлын үр дүнг хувь хүний зан чанар, хандлагын өөрчлөлтөөс харж болох байх. Гэхдээ энэ бол амаргүй ажил, харин та ажлынхаа үр дүнг яаж мэдэрдэг вэ?
Олон жишээ байна. Нэг Их сургуулийн багш миний сургалтыг сонсоод мэргэжлээ сольсон түүх байна. Энэ бол нэг үр дүн нэг талаасаа байгууллага хохироохгүй өөр байгууллагад бүтээмжтэй, урам зоригтой ажиллах боломжтой болж байгаа юм.
мөн гэр бүлээ зөв төлөвлөж, асуудлаа зөв тодорхойлоогүйгээс болж үр хөндөлтийн асуудал яригддаг. Гэтэл нэгээс хоёр уулзалтын дараа энэ шийдвэрээ өөрчилсөн хосууд бий. Та нар төсөөлөөд үз дээ нэг хүүхдийн амь нас яригдаж байна. Тэгэхээр бид нар энхийн манаанд зогсож байна.
Хамгийн анхны телевизийн нэвтрүүлэг гарсаны дараа нэг эмэгтэй салах өргөдлөө өгөөд хоёр хонож байгаа, гэхдээ таны лекцыг сонсоод гэр бүлийнхээ сайн сайхны төлөө тэмцэхээр шийдэж өргөдлөө буцааж авлаа гэж ярьсан. Ийм үр дүн өдөр бүр гарч байна. Үүнийг хэдэн төгрөгөөр ч үнэлэгдэх боломжгүй үнэ цэнтэй зүйл.
Бидний хувьд бизнесийн салбарт зөвлөгөө өгдөг, гэхдээ гол асуудал нь хувь хүний асуудал байдаг. Бизнесийн шийдлийг олохын тулд хувь хүний ерөнхий хичээл заадаг боловч дараа нь хүмүүс хувиараа ирж зөвлөгөө авдаг. Хувь хүнтэй уулзахаар энэ нь ихэвчлэн сэтгэл зүйн асуудалаас үүдэлтэй байдаг. Ингээд хувь хүний сэтгэл зүйн асуудал шийдэгдсэнээс болж бүхэл бүтэн нэг байгууллагын хувь тавилан өөрчлөгддөг. Ийм л энгийн юм шиг хэрнээ хөшигний ард байгаа асуудлыг шийдэхээр цөөнгүй хүн ажиллаж байна гэдгийг мэдэж, дэмжих хэрэгтэй.
-Та төрийн бодлогоор хувь хүний хөгжлийг хэрхэн, яаж дэмжих хэрэгтэй гэж хардаг вэ?
Хувь хүний хөгжлийн дасгалжуулагчаар олон хүн талбар бүрт ажиллаж байна. Төр, нийгэм, төрийн бус байгууллагууд хамтарч ажиллаж байж илүү үр дүнд хүрнэ. Миний ажиллаж байгаа салбарт хамгийн их саад болж байгаа асуудал бол төрийн тогтворгүй байдал. Бид нар Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2012 онд Хувь хүний хөгжлийн зөвлөл гэж байгуулаад төсөл, хөтөлбөр эхлэж байсан түүх бий. Тухайн үеийн сайд солигдлоо ажил явдаггүй. Тйимээс хувиараа ажиллах шийдвэрт хүрээд 10 гаруй жил ажиллаж байна. Төрийн төлөвшөөгүй байдал энэ ажлыг өргөн цар хүрээтэй явуулахад гацаадаг. Гэхдээ тусламж, дэмжлэг авч урагшилж байсан ажил бас цөөнгүй бий. Одоо бидэнд боловсон хүчин болон бэлтгэгдсэн чанартай төсөл, хөтөлбөрүүд байгаа. Гэхдээ олон нийтэд, өргөн цар хүрээнд хүргэж чадахгүй байна.
Бид нар нийгмээ шүүмжлэхээс илүү салбар салбартаа энэ ажлыг хийх ёстой. Монголчууд хүүхдийнхээ бие махбодийн төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй гэж ярьдаг үнэндээ энэ нь хариуцлагаас зугтааж байгаа зүйл. Бид хүүхдийнхээ оюун ухааныг нь төрүүлж болно. Гэтэл манай боловсролын систем боловсролын бүтээнэ гэж байгаа боловч бие бялдарын бүтээж чадахгүй л байгаа. Үүнийг боловсролын системтэй уялдуулах ёстой. Монгол хүний эрүүл мэнд, бие физилоги боловсрол, оюун ухаан буюу хандлагын төлөвшилд анхаарах цаг болсон.
-Хувь хүний хөгжил сайжрахаар гэр бүлийн харилцаанд эерэг өөрчлөлт гарч цаашлаад гэр бүл тогтвортой, амар тайван, аз жаргалтай байх нөхцөл нэмэгддэг байх. Түүнчлэн энэ нь улс орны хөгжлийн асуудалтай шууд холбогдоно?
Стресдэж, биеэ хянах чадваргүй болсон, дээрээс нь архидалт тэгээд хил хязгаараа давдаг. Энэ хүмүүс сайн уялдаа холбоогүй боловсролын тогтолцоо болон манай нийгмийн төлөвшөөгүй тогтолцооны хохирогчид.
Миний хоёр ах нэг нь 36, нэг нь 38 настайдаа амиа алдсан. Хоёр ах маань хувь хүн нь төлөвшөөгүй учраас гэр бүлийн асуудлаа шийдэж чадахгүй архины хамааралтай болж бизнес хийж байхдаа гэмт хэрэгт холбогдож цэл залуугаараа амь насаа алдсан. Энэ юунаас болсон бэ? Төр нь хүнээ боловсруулж, хөгжүүлж, хамгаалж чадаагүйгээс болж иргэн нь амь насаа алдаж байна. Сэтгэл санаагаар унаад архи уусан тэгээд гэмт хэрэгт холбогдсон. Үүнийг өнгөцхөн харвал хувь хүний асуудал гэж харна. Гэтэл тухайн нийгмийн хохирогчид төлөвшөөгүй хувь хүн болж байна.
-Манай улсад хувь хүний хөгжлийн суурь хүмүүжлийг багаас нь хүүхдэд сургах ямар боломж байна вэ?
Хувь хүний хөгжлийн суурь хүмүүжил сургуулийн өмнөх нас буюу 2-3 насандаа 50 аас илүү хувь суудаг гэж үздэг. Манай монголчуудын гол алдаад байгаа зүйл нь багш бэлтгэх хөтөлбөр дэрээ анхаарах цаг болсон. Бүх хөтөлбөр бие биетэйгээ уялдаатай байх ёстой. Зарим улс орнуудад хүүхдийнхээ хоол хүнсэнд анхаарч, шим тэжээлтэй хоол хүнсээ хэрэглэж чадаж байна уу, үгүй юу гэж гэрт нь үе үе шалгалт хийж, шаардлага хангаагүй гэр бүлд хариуцлага тооцдог. Энэ нь хатуу сонсогдож байгаа ч төр нь хяналтаа сайн тавьж, ирээдүйн иргэнээ бэлдэж чадаж байна. Гэтэл манайд зөвхөн спортын хөтөлбөрийг сургуулийн өмнөх наснаас нь эхлээд сургууль төгстөл нь хянаж чадахгүй байна. Үүнийг мэдэхгүйдээ хэрэгжүүлж чадахгүй зүйл биш, харин төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй олон асуудлын нэг нь юм.