Ч.Гансүх:

Шийдэгдээгүй асуудал их байх тусам жинхэнэ удирдагчийн орон зай үгүйлэгдэж байна гэсэн үг


7 минут уншина
Ч.Гансүх: Шийдэгдээгүй асуудал их байх тусам жинхэнэ удирдагчийн орон зай үгүйлэгдэж байна гэсэн үг

Хүмүүс гадаад болон дотоод дүр төрхөөрөө дамжуулан өөрийн ур чадвар, үзэл баримтлал, хандлагаа бусдад хүргэх бүрэн боломжтой. Шинжлэх ухаан болохуйц хэмжээнд хөгжсөн хувь хүний имиж нь Визуаль буюу гадаад дүр төрх, Вербель буюу хүний дотоод мөн чанараар илэрдэг байна. Хүний дотоод мөн чанарын илэрхийлэл болох хувь манлайлал, удирдагч хүний зан чанарын талаар “Focus on the family Mongolia” төвийн хамтын ажиллагаа хариуцсан захирал, “DISC” төвийн мастер багш Ч.Гансүхтэй ярилцлаа. 

Манлайлал, удирдагч гэдэг үгийг та хэрхэн тодорхойлох вэ? 

-Нийгэм, ажлын талбарт тулгарсан асуудал бэрхшээлд шийдэл гаргах зөн харааг олон нийтэд өөрийн амьдрал, үнэт зүйл, амьдралын хэв маягаараа үлгэрлэн бусдын хүндэтгэлийг олсноор дагах хүсэл тэмүүллийг бий болгодог хүнийг удирдагч, манлайлагч гэж тодорхойлж болно. 

-Манлайлагч, удирдагч нь зөн хараа зорилгыг хүмүүст хүргэдэг хүн юм. Харин тэрхүү зорилго зөн харааг хүргэхдээ үнэт зүйл, зарчмаа маш тодорхой тодорхойлж, үүнийгээ хадгалж үлдэхийн тулд өөрийн бүх зүйлээ зориулдаг хүн гэдгээ бусдад баталсан үед хүмүүс дагадаг. Үүнийг Доктор Джеймс Коузес, Меер Поузнер хоёр тодорхойлохдоо

  • Удирдагч манлайлагч юунд итгэдэг гэдгийг мэдэхгүй бол хүмүүс түүнд итгэж чадахгүй.
  • Өөрийнхөө юунд итгэдэг гэдэг вэ гэдгээ тодорхой болгохоос нааш та удирдагч манлайлагч болж чадахгүй хэмээн тодорхойлсон байдаг.

Одоогийн нийгмийн нөхцөл байдалд манлайлагч хүн ямар үүрэг гүйцэтгэх вэ? 

-Манлайлал, удирдагч гэдэг маш өргөн ойлголт. Өнөө цагийн дэлхийн дулаарал, үндэстнүүдийн дайсагнал, эдийн засгийн бэрхшээл гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхийн тулд удирдагч манлайлагч нар гарч ирэх зайлшгүй шаардлагатай. 

Харин зөв удирдагч манлайлагч гарч ирэх нь өөрөө асуудал болоод байгааг бид одоогийн нөхцөл байдлаас бэлээхэн харж болно. Өөрөөр хэлбэл, шийдэгдээгүй асуудал их байх тусам жинхэнэ удирдагчийн орон зай үгүйлэгдэж байна гэсэн үг. Нийгэм, улс төр, байгууллага гээд бүх талбар дээр баг хамт олныг удирдах, асуудлыг шийдвэрлэж чадахуйц удирдагчийн хэрэгцээ шаардлага улам их өссөн гэхэд болно. 

Таны хувьд удирдагч манлайлагч хүний талаар судалгаа хийдэг. Тэгэхээр удирдагчийг тодорхойлдог хамгийн чухал өгөгдлийг юу гэж тодорхойлох вэ? 

-Хэдэн зууны туршид л удирдагч төрдөг үү эсвэл бий болж суралцдаг зүйл үү гэсэн маргаан их өрнөдөг. Удирдагч хүнд нийтлэг ямар шинж агууллагдаж байдаг вэ, Монголын ахуй соёлд удирдагч манлайлагч гэдэг хүнийг ямар байвал удирдагч гэж хүлээн зөвшөөрдөг вэ гэх асуултууд таны асуулттай холбогдож болох юм. Удирдлага манлайллын талаар бичдэг их сургуулийн доктор Коузес, Поузнер хоёрын 1980-2002 оны хооронд Ази, Америк, Европын улсууд, Австралиас  нийт 70000 гаруй хүмүүсээс судалгаа авсан. Энэхүү 20 гаруй жил хийгдсэн судалгаанд удирдагч манлайлагч нарт байдаг нийтлэг 7 зан чанараас жагсаах үед дараах 4 удирдагчийн өгөгдөл бусад үндэстнүүдэд бас адил чухал гэж гарсан. Үүнд:

  • Шударга - Нээлттэй байдал, ёс суртахуун
  • Ирээдүйг харах чадвар- Зөн хараа, зорилгод тэмүүлсэн байдал
  • Бусдыг онгод оруулдаг увидас- Удирдагчид ямар ч нөхцөл байдлаас үл хамааран хүмүүсийн хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлд амь амьсгал өгч тэдгээр хүмүүсийг хамтын аялалд  элсэн оруулах  хүслийг өрддөг хүн юм.
  • Удирдан дагуулах чадвар- гэсэн зүйл удирдагчийг тодорхойлдог гэж судалгаагаар гаргасан. Хүмүүс удирдагчаар хэн нэгнийг дагахын тулд тухайн хүн түүнийг зорилгодоо хөтлөх чадвартай гэдэгт итгэх ёстой

-Дээрх удирдагчид байх ёстой өгөгдлүүд нь тухайн хүнийг дагах итгэлцлийг бүрдүүлдэг бөгөөд ийм удирдлагатай байх үед дагаж, хүндлэж байх үед аюулгүй, хамгаалагдсан гэсэн мэдрэмжийг хамт олон, нийгмийн бүлэг, гишүүдэд нь өгдөг. 

Олон улсад удирдагч хүнийг ямар шалгуур үзүүлэлтээр тодорхойлдог вэ,  Манай улсын хувьд түүнээс ялгаатай юу?

Олон улсад удирдагч хүнийг тодорхойлох улс бүрийн өөрийн гэсэн үнэлэмж, шалгуурууд байгаа нь анзаарагддаг. Жишээлбэл, АНУ гэхэд ерөнхийлөгчийн засаглалтай учраас хүчтэй дүр төрх, хурц зан чанар, илтгэх чадвар, итгэлтэй байдал гэсэн мөн чанарыг илэрхийлэх хүмүүсийг сонгох, удирдагчаа гэж харах ойлголт байдаг. Харин Азийн улсад тогтуун тайван, хүндэтгэл хүлээсэн, ур чадвар, ухаалаг гэсэн хэсгүүдийг онцолж байгаа нь ажиглагддаг. Монголд тийм судалгаа хийгдсэн эсэхийг мэдэхгүй ч ерөнхий нэг төсөөлөл нь бүх удирдлагыг гартаа авсан, хүчирхэг хүнийг төсөөлөх нь элбэг.

Энэ нь ч магадгүй Монголыг нэгтгэж хүчирхэгжүүлсэн гэсэн утгаараа Чингис хаанаар ойлгож хүлээж авдагтай холбоотой. Гэхдээ энэхүү дүр төрхөөс илүүтэй удирдагч хүн бол өөрийн онцлог мөн чанарыг ойлгож мэдээд зогсохгүй удирдлагын багаа зүг чигт чиглүүлдэг, алсын хараа, баг хамт олны хувь хүн бүрийн ялгаатай онцлогийгг тухайн зөн хараанд тохируулан зорилгын төлөө зангидаж чадах хүн л улс орон, байгууллагыг дараагийн түвшин рүү удирдан дагуулж чаддаг. Нэг талаасаа бид удирдагчдыг шалгуураар гаргадаггүй харин тэд бусдаас өөрсдөө тодорч гарч ирдэг гэж ойлгох нь зүйтэй байх.

Удирдагч хүнд зайлшгүй байх ёстой ур чадварууд юу вэ? 

-Техник технологи хөгжин нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн үүрэг нэмэгдэхийн хэрээр хэрхэн бусдад сэтгэгдэл төрүүлэх вэ гэдэгт хэт хичээх болсон нь харагдана. Энэ нь нийгмийн хэрэгцээ, хүсэн хүлээлтээс хамаараад олон нийтэд үлдээх сэтгэгдэл их чухал болсонтой холбоотой. Удирдагчийн дүр төрхийг бүрдүүлэх нь зан чанар, зан байдал, биеийн хэлэмж, ярианы хэв маяг, албан ёсны байдал, гадаад төрх зэрэг олон зүйлийг хамардаг. Энгийнээр хэлбэл, таны дүр төрх бол бусдад үлдээсэн сэтгэгдлийн үр дүнд таны тухай бий болсон эерэг ойлголтын төсөөлөл юм.

Удирдагч хүний имиж, бусдад үлдээх эерэг сэтгэгдлийг бид яг далайд байрлах мөсөн уул шиг гэж ойлгох хэрэгтэй. Харагдаж байгаа дүр төрх, илтгэх чадвар, хувцаслалт, биеэ авч явах байдал нь ил гарсан мөсөн уул шиг бол далд байгаа хэсэг нь зан чанар, итгэл үнэмшил, тууштай байдал, зөн хараа, ирээдүйг хардаг чадвар, бусдад мотиваци өгөх гэх мэт олон зүйл орох боломжтой. Харин тэрхүү далд байгаа эерэг хэсэг нь ил гарч гадаад дүр төрхтэйгээ яв цав нийцэх бусдад хүндлэгдсэн удирдагч болдог гэж би боддог. 

-Бид өнгөрсөн хугацаанд улс төр, нийгмийн салбарт удирдагч, манлайлагч, улс төрчдийн имидж бүрдүүлэлтээр удирдагч манлайлагч гэж ойлгоод сурчихсан байдаг. Энэ нь ямар нэгэн удирдагч гэсэн дүрд орохын бол удирдагч манлайлагч болно гэж андуураад байгаа санагддаг. Удирдагч гэдэг бол бусдын хүндлэлийг албан тушаал, мөнгө санхүүгээр бий болгодоггүй харин эерэг нөлөөллөөр даган дуурайх, хүндэтгэх хүслийг бусдын зүрхэнд өрдөж чаддаг тийм л хүн юм. 

Манлайлагч хүн бусдын хүндэтгэлийг хэрхэн төрүүлэх боломжтой вэ? 

-Тухайн хүний өөрийн зан чанар, хувь хүн хэн бэ гэдэг нь харуулахыг зориод байгаа удирдагчийн дүр төрхтэй нийцэж байвал маск зүүгээгүй, өөрөөрөө байгаа байдал нь хүндэтгэлийг төрүүлэх боломжтой. Харин өөрт байхгүй зүйлээ хиймэл, хуурмаг байдлаар бүрдүүлэх гэж оролдох тусмаа имиж бүрдүүлэлтэд алдаа гаргадаг.

-Энгийн жишээ нь гэхэд улс төрд орж ирж байгаа хүмүүс гэр бүлээ аз жаргалтай байгаагаар харуулахыг хичээдэг ч заримдаа үр хүүхэдтэйгээ цагийг гаргадаггүй, гэр бүлийн асуудал бэрхшээлтэй байгааг нууж сонгуулийн өрсөлдөөнд оролцдог. Мэдээж бусдад сэтгэгдэл үлдээх нь чухал боловч өөрийн бодит байдал, бусдын хүсэн хүлээлтийн хооронд их өргөн хоосон зай байх тусмаа хувь хүн зорилгынхоо төлөө гээд маск зүүж жүжиг тавих магадлалтай болдог. 

Бид хүндлэлийг худалдаж авдаггүй харин хүндлэлийг бид хүмүүсийн зүрхэнд бүтээдэг гэдгийг санах ёстой.

Удирдан манлайлахдаа дотоод хүн чухал гээд гадаад дүр төрхдөө анхаарахгүй байж болно гэсэн үг биш. Ялангуяа Монголчуудын хувьд “хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ” гэдэг үгээрээ их гаднах дүр төрхийг илүүтэй анзаардаг. Өнгөрсөн хугацаанд улс төрчид бусдаас ялгарах гэсэн утгаар алтлаг, тансаг дээлийг өмсөж байсан бол одоо цагт жирийн иргэдтэйгээ адил гэдэг санааг илэрхийлэх дээлийг өмсөх болсон. Өөрийн зан чанар, хүнлэг байдлыг бусдад таниуцлах нь үр дүнтэй манлайллын илүү сайн шинж тэмдэг бөгөөд хүмүүст нөлөөлөх магадлалыг нэмэгдүүлдэг.

Өөрийгөө олон нийтэд таниулахад удирдагч хүнд ямар асуудлууд тулгардаг вэ?

Жинхэнэ өөрийн дүр төрхөөрөө бусдын амьдралд эерэг нөлөө үзүүлэх нь чухал. Мэдээж зарим нэг бусдад буруу ойлголт өгөх хэсгээ анхаарч засах шаардлагатай ч энэ нь дүр эсгэх, жүжиглэхээс өөр ойлголт. Олон нийтэд өөрийгөө таниулахад дараах ур чадвар удирдагч хүнд зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.

  • Бусдад онгод оруулан илтгэх чадвар
  • Өгч буй илтгэлдээ тохирохуйц биеийн хэлэмж, хувцаслалт

Дээрх хоёр чадвар бол бусдад анх уулзахад төрүүлэх эерэг сэтгэгдэл бол амжилттай удирдах гэдэг бол үүнээс хавьгүй амаргүй удаан хугацааны туршид өөртөө бий болгосон дадал, амьдралын хэвшсэн зуршлаар дамжуулан бусдад нөлөөлөх чадвар юм.

  • Сэтгэл хөдлөлөө таньж тодорхойлон удирдах чадвар- Өөртэйгээ ажиллах чадвар 
  • Бусдын сэтгэл хөдлөлийг таньж мэдэн нөхцөл байдалд тохирсон сэтгэл хөдлөлөөр удирдах – Emotional Intelligence

-Удирдагч манлайлагч хүн өөрийгөө таньж мэдээд бусдыг ойлгох чадварт суралцах нь үр дүнтэйгээр баг хамт олноо удирдах чадварт суралцах юм. Үүнийг сэтгэл хөдлөлийн оюун ухааны чадамж гэдэг ойлголтыг сэтгэл зүйч Др. Даниел Гоулмен онцолж гаргаж ирсэн. 

-Удирдагч манлайлагч нар үргэлж хэцүү шийдвэр гаргах, гаднаас ирэх галыг өөр дээрээ дууддаг учраас сэтгэлзүйн бэлтгэл, дотоод хүнтэйгээ ярилцах, өөртэйгээ ажиллах шаардлага өндөр тавигддаг. Тэд хэт урагш явдаг учраас намайг хэн ч ойлгохгүй, 

Эрсдэлтэй тал заримдаа давуу чанарыг агуулдаг. Үүнийг хэрхэн бий болгох вэ?  

-Манай байгууллага нь “ДИСК” өөрийгөө таньж мэдэх сорилыг Сингапураас албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн бөгөөд энэхүү сорилоор өөрийн онцлог мөн чанар, удирдлага, менежментийн онцлогийг таньж мэдэх боломжтой болсон. “ДИСК” сорилын нэг онцлог тал нь Ази хүмүүсийн сэтгэлгээг тусгасан байдаг. Сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл ямар байх боломжтойг илэрхийлэх хэмжүүрийг гаргаж ирснээрээ онцлог юм.

-Энэхүү сорил нь өөрийгөө олж харах, давуу болон эрсдэлтэй тал, ажиллах орчин, удирдлагын хэв шинжээ таньж мэдэх, сэтгэл хөдлөлийн хариу үйлдлээ олж мэдэх гэх мэт олон давуу талтай. Энэ нь зөвхөн өөрийгөө таньж мэдээд зогсохгүй баг хамт олноороо энэхүү сорилыг хийснээр багаа хэрхэн удирдах арга барилаа тодорхойлох болон багаар хэрхэн ажиллах, бие биенийхээ онцлогыг таньж мэдснээр илүү үр бүтээмжтэй байхыг суралцах юм.

Энэхүү сорил нь веб хөгжүүлэлтээр шийдсэн учраас тус сорилд оролцсон хүмүүсийн сорил нь 10 минутын дотор хариу нь Монгол хэл дээр ирдэг. Удирдагч хүн бусдыг таньж мэдэх тусмаа ухаалаг арга замаар ур чадвар, тухайн хүний онцлогт тохирсон удирдлагын арга барилыг ашиглах нь илүү үр дүнд хүрэх юм.