Орос баавгай Энэтхэг заантай танго бүжиж байна
2011.01.04

Орос баавгай Энэтхэг заантай танго бүжиж байна

-Мексикийн "La Jornada" сонины тоймч Альфредо Халифе-Рамегийн нийтлэл-

Хятадын Ерөнхий сайд Вэнь Цзя Бао Энэтхэгт айлчлахдаа хуучны гомдлоо арилгахын тулд “Энэтхэг заан хятад луутай танго бүжих ёстой” гэсэн адармаатай зүйрлэлийг хэлсэн. Энэ нь цаанаа АНУ, Их Британи улсууд Гималайн хоёр талаас Хятадыг задалж бутаргахаар учруулж буй саад тотгорыг даван туулах зорилго агуулсан бололтой. Дашрамд дурдахад Хятадын тэргүүн дараа нь Пакистанд очиж, маш чухал хоёр талын хэлэлцээрийг хийж чадсан юм.
Гэхдээ хятад лууны ийм чөлөөт саналыг хүлээн авах гэж яараагүй энэтхэг заан харин орос баавгайтай танго бүжихээр шийджээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Энэтхэгт хийсэн айлчлал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 5 орны тус улсад зочилсон гинжин цувааны хамгийн сүүлчийнх нь байв. Үнэхээр Энэтхэг улс нь XXI зууны эхэн үед геополитикийн чухал хүчин зүйл болох Энэтхэгийн далайн улмаас хамгийн хүчтэй татах туйл болж хувирсан билээ. Энэ талаар Хойд Америкийн флотын эцэг, түүнийг дэлхийд ноёрхуулсан стратегийг санаачлагч, Их Британийн флотын уламжлалийг өвлөгч гэгддэг адмирал Альфред Тайер Мэхэн “Энд л манай гарагийн хувь заяа шийдэгдэнэ” гэж хэлсэн байдаг.


“Дулаан далай тэнгис” рүү гарах гарцын үнэ цэнийг арвин туршлагатай, мэргэн ухаантай бөгөөд улс орноо сайжруулан өөрчилж буй Орос улсаас өөр ямар ч орон илүү сайн мэдэхгүй. Ялангуяа геополитикийн асар их ач холбогдолтой Энэтхэгийн далай руу гарахын тулд Орос орон бүхий л түүхийнхээ турш тэмцэж ирсэн билээ. Одоо Энэтхэг, Орос хоёр ЗХУ-ыг задрах үед тасалдсан хамтын ажиллагааныхаа давуу талыг дурсан, даяаршлын геоэнергетикийн бурхан, бас хаан Владимир Путиний идэвхтэй хүчин чармайлтаар ахин сэргээж байна. Путин, мөн Бразилийн Лула да Силва нар л XXI зууны эхэн үеийн хамгийн шилдэг хоёр геостратегич боллоо. Тэд нефтийн хөзрийг зөв үнэлж, тоглож чадсан. Харамсалтай нь үүнийг Мексикийн охорхон ухаантай шинэ либералчууд яагаад ч хийж чадахгүй байна. Шинэ либерал Мексикийн чөлөөт уналтын фон дээр Орос, Бразилийн нөлөө улам өсч байгааг үүгээр л тайлбарлаж болно.


Энд БОЭХ чухал үүрэг гүйцэтгэсэн байх. БОЭХ гэдэг нь сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй Бразил, Орос, Энэтхэг, Хятад гэсэн 4 орны товчлол юм. Энэ эвсэлд одоо Өмнөд Африкийн БНУ нэгдэж, БОЭХА болчихсон. Гэхдээ асуудал зөвхөн түүнд байх нь юу л бол. Яагаад гэвэл Энэтхэг, Оросын 2 талын харилцаа үргэлж үр бүтээлтэй байсаар ирсэн, дээрх дурдсан “завсарлагаас” бусад үед. Гэхдээ тэрхүү завсарлага нь  Энэтхэг, Орос харилцан ойлголцолд их тус болсон бололтой. Тэр үед БОЭХА нь эдийн засгийн уян хатан эвсэл бөгөөд одоогоор хэт түрэмгий биш ч геополитикийн тэмтрүүлээ далай тэнгисээр ч, газар доогуур ч аль хэдийн сунгаж эхэлсэн гэдэг нь тодорхой болсон юм. Тийм л учраас Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон болон Францийн Ерөнхийлөгч Николя Саркози, бас АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар ар араасаа Энэтхэг рүү олон бизнесмэн төлөөлөгчдөө дагуулан цувсан. Харин Медведев бараг л Хятадын Ерөнхий сайдын өсгий дээр гишгэх шахан түүнийг явснаас ердөө 4 өдрийн дараа Энэтхэгт ирсэн нь тохиолдол бус.


Орос баавгай ба энэтхэг зааны халуун дотно уулзалтаас ердөө 2 өдрийн дараа хятад луу гэнэт ӨАБНУ-ыг БОЭХ-д орохыг урьсан байна.


XXI зууны эхэн үеийн шинэ геополитикийн хандлага ийм л байна. Өнөөг хүртэл унтсаар ирсэн дэлхийн аварга орнууд ийнхүү АНУ-ын байр суурь суларсны дараа өөрсдийн нөлөөний хүрээгээ улам тэлж байна. Даяаршлын эсрэг, бүтээн байгуулалтын бүс нутгуудын цаг хүрч ирлээ.
Постмодернист эриний нэгэн үзэгдэл болсон гажуудал буюу эндокринологичдын ярьдгаар өнчин тархины томролт энд ч ажиглагддаг. Улс орнуудын хэт томролт ба тэдний холбоо нь томоохон тоглогчдын олон хэмжээсийн /газар нутаг, хүн ам, эдийн засаг зэрэг/ үр дүн, шалтгаан юм. Тэгэхээр жижиг, мөн дунд зэргийн улс орнуудыг юу хүлээж байгаа бол?
Өмнөд Атлантикийн ба Энэтхэгийн далайг холбодог Энэтхэг, Бразил, ӨАБНУ-ын /ЭБА бүлгийн/ гурван талт аварга гурвалжингийн халхавчин дор Орос, Хятад улсууд нь 300 жилийн турш Их Британи болон АНУ-ын Тэнгисийн флот ноёрхож ирсэн далай тэнгист их тавлаг тухтай байж чадах юм.


“G7” орнуудын хөтөлбөр сайн зохицсон байдаг бол / Оросын эрчим хүч болон Хятадын худалдаанаас улам бүр хамааралтай болж байгаа Германыг үл тооцвол/ БОЭХА эвслийн түр зуурын график оновчтой бөгөөд харилцан үйлчлэл, үйл хөдлөл зохион байгуулалттай байгаа нь илт.


Хэрэв манай мета зах зээлийн, өөрөөр хэлбэл стратегийн харилцааг “технологийн шилжилт” дагалдаж байдаг бол БОЭХА-ын орнуудын хувьд энэ нь технологийн дотоод солилцоо, тэрчлэн “G7”-ийн орнуудтай хийх солилцоо юм. Тухайлбал Франц улсын Бразили ба Оростой, Германы Орос ба ойрын ирээдүйд Хятадтай хийх солилцоо.


Орос улс Энэтхэгт технологио шилжүүлэхдээ туйлын өгөөмөр байгааг туршлагатай шинжээчид онцолж байна. Жишээлбэл дуунаас хурдан, 5-р үеийн байлдааны сөнөөгч онгоцууд.
Орос баавгай ба энэтхэг зааны харилцан ойлголцол нь тэдний ашиг сонирхол давхцаж буйгаар илэрдэг. Оросууд эрчим хүч, цөмийн энергийг нийлүүлдэг. Энэ нь маш хурцадмал сэдэв болж байгаа. Түүнээс болоод Дели цөмийн зэвсэг харилцан үл дэлгэрүүлэх Гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа билээ. Харин Энэтхэг улс мэдээлэл, эм зүй, биотехнологийн салбарт нийлүүлэлт хийж байгаа.


Талууд шинжлэх ухаан, технологийн хамтарсан төв байгуулж, банкны харилцааны системийг хөгжүүлэхээс гадна Орос, Энэтхэгийн цэрэг-техникийн эртний хамтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг оросууд баталж байна. Жишээлбэл “Адмирал Горшков” хэмээн авиа тээгч асар том хөлгөөс өгсүүлээд 5-р үеийн дуунаас хурдан, байлдааны сөнөөгч “Т-30” онгоц гээд. 
Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх “Энэтхэг ба Оросын хамтын ажиллагаа онцгой, ер бусын стратегийн ач холбогдолтой” гэж өндрөөр үнэлсэн. Энэ хамтын ажиллагаа нь Техас-Израилийн уураг тархины төв гэгддэг “Stratfor”-ын дургүйг ихэд хүргэж байна. Учир нь ”Stratfor” хуучны бүдүүлэг, нэг туйлт ертөнцийг дурсан гуниглаж “Энэтхэг улс Оросыг Хятадын эсрэг хүч болгон ашиглаж байна. Харин Москва Энэтхэгт нийлүүлэхээр амласан том гэрээнийхээ нөхцлийг биелүүлэх гэж яарахгүй байгаа нь Д.Медведев ба Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх нарын гарын үсэг зурсан 30 тэрбум долларын гэрээнд гарын үсэг зурах үеийн өөдрөг байдлыг жаахан бууруулж байна. Тэд хамтран 5-р үеийн, үл үзэгдэгч сөнөөгч онгоцуудын төслийг боловсруулж, мөн 2030 он хүртэл 250-300 ийм сөнөөгч үйлдвэрлэх юм” гэж бичжээ. Энэ үйл явдал үнэхээр тэднийг эмзэг газрыг хөндсөн бололтой.


Бусдын мөнгийг л тоолж суудаг, тийм ч сайн нэр хүндгүй “KPMG” хэмээх олон улсын аудитын компани “Өнөөдрөөс эхлээд 2016 он хүртэл Энэтхэг улс цэргийн зэр зэвсэг, техник худалдан авахад 112 тэрбум доллар зарцуулна” гэж мэдээллээ. Энэ нь дэлхийн зэвсгийн ертөнцөд хамгийн том гэрээнд тооцогдох юм. Одоогоор Энэтхэг улс олон талын зориулалттай, дунд зэргийн 125 сөнөөгчийг 12 тэрбум доллараар авах гэж байна. Мөн Оросын “МиГ-35” онгоц үйлдвэрлэгч компани гэрээ хийхийн төлөө Европын аварга том “Dassault” зэрэг компаниудтай, мөн АНУ-ын “Boeing y Lockheed Martin”-тэй өрсөлдөж байгаа билээ.


Энэтхэг улс нь АНУ, Европтой “олон туйлт сээтгэнэсэн” хэвээр байгаа ч тус улсын Оростой  нисэхийн болон батлан хамгаалах-тэнгисийн флотын салбарт харилцан ашигтай ажиллах хүчин зүйлийг анхаарлын гадна орхиж болохгүй. Үүний зэрэгцээ хуурай замын цэргийн техникийг Энэтхэгийн цэргийн үйлдвэрүүд ба бусад орны нийлүүлэлтээс хангах юм.
Энэтхэг улс эрчим хүчний нөөцийн импортоос маш их хамааралтай байгаа нь Орос улсад цэргийн салбарт нийлүүлэлтийн гэрээ байгуулахад давуу тал олгож байна. Иймээс оросууд “Агаарын цэргийн нисэх хүчин ба Тэнгисийн цэргийн флот нь орос баавгай болон энэтхэг зааны хамтын ажиллагааны үндэс болж байгаа” хэмээн үзэж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.