Өрнөдийн орнуудад ч өөрсдийн “Чечень” бий
Дэлхийн хөгжингүй орнууд хилийн чанадад эзэмшил нутагтай байх нь хэвийн үзэгдэл болжээ.Оросууд Чеченийг алдахгүйн тулд тус улсын иргэн бүрт 50 000 рубль тараадаг. Франц улс ч ялгаагүй өөрийн “колони” орнуудыг зүгээр л тэжээж, юу ч шаарддаггүй. Харин АНУ эрхэндээ байлгадаг ард түмнүүдэд татаас өгч оронд нь иргэний эрхийг нь хасдаг.
Дэлхийн хөгжингүй улсууд, тухайлбал Франц, АНУ төсвийн мөнгөө колони байсан орнуудад одоо ч зарцуулсаар байгаа. Яагаад гэдгийг нь та мэдэхийг хүсч байна уу.
Оросын өөртөө засах тойргууд хамгийн их татаас авдаг
ОХУ 2011 онд төсвөөсөө бүс нутгуудад 470 тэрбум рублийг тараана. Үүнээс 70 тэрбум нь эмнэлгийн үйлчилгээний зорилтот хөтөлбөрт төсөвлөгдсөн гэж ОХУ-ын тоймч Лев Иванов бичжээ. “Оросын субъектүүдээс хамгийн их мөнгө авдаг нь Чечень улс гэж үздэг нь үнэний хувьтай” гэж тэрээр үзэж байна.
Албан баримтуудаас үзэхэд нэг хүнд ногдох хамгийн өндөр татаас авдаг нь Чечень биш харин Сибирь-Алс Дорнодын өөртөө засах тойргууд байдаг. Камчаткийн 1 оршин суугч Холбооны төсвөөс 86 957 рубль авдаг бол энэ тоо Якутад 42 998 рубль, Тувад 31 686 рубль, Алтайн Бүгд найрамдах улсад 29 683 рубль. Энд Чечен байхгүй байгаад гайхах хэрэггүй. ОХУ-ын Засгийн газрын мэдээллээр нэг чечень хүнд 13 021 рублийн татаас ногддог.
Харин 1 хүнд ногддог татаасын хэмжээгээр хамгийн багад ордог бүс нутгууд бол Белгород муж 958 рубль, Свердлов муж 997 рубль, Нижегород муж 1004 рубль юм.
Гэхдээ оросууд Чеченийн татаасыг өөр хэлбэрээр нэмж өгдөг. Эвдэрч сүйрсэн барилга байшинг барих, хөдөө аж ахуйг сэргээн босгох гэх мэт. Чеченийн Сангийн сайд Эли Исаев төсвийнхөө талаар мэдээлжээ. Чеченийн орлого 9 тэрбум 362 сая рубль байдаг юм байна. БН улсын төсвийн орлого 6 тэрбум 385 сая рубль, боловсролын төсвийн орлого 2 тэрбум 978 сая рубль бол төсвийн зардал нь 63 тэрбум 149 сая рубль гэнэ. ОХУ тэгэхээр Чеченьд жилд 53,8 тэрбум рублийн татаас өгдөг аж. Энэ нь Чечений нэг хүнд 50 000 орчим рубль ногдоно гэсэн үг. Жилээс жилд Чечений “хоолны дуршил” нэмэгдсээр. Тус улс 2004 онд төсвөөс 23,3 тэрбум рублийн татаас авч байсан ажээ.
ОХУ-ын хамгийн их татаас авдаг улс бол Өмнөд Осет. Энэ орныг ОХУ тусгаар улс хэмээн зарлан тунхагласан. Тэгэхээр зарчмын хувьд /де-юре/ Өмнөд Осет нь бие даасан улс боловч үнэн хэрэгтээ /де-факто/ оросууд энэ улсыг тэжээж байдаг аж. ОХУ 2011 оны төсөвтөө Өмнөд Осетэд өгөхөөр 5,7 тэрбум рубль суулгажээ. Нэг их мөнгө биш мэт. Албаны мэдээнд Өмнөд Осетийг 72 000 хүнтэй гэжээ. Тэгвэл Өмнөд Осетийн 1 хүнд 79.1 мянган рубль ногддог гэсэн үг. Гэвч үнэндээ энэ улсад 25 000 хүн л амьдардаг бөгөөд үлдсэн нь хөрш Умард Осет болон Оросын бусад бүс нутаг руу шилжжээ. Иймээс Оросын татаасыг одоогийн оршин суугчдад хуваавал нэг хүнд 200 000 мянга орчим рубль ногдож байна.
Франц “колони” орнуудаа тэжээсэн хэвээр л
Дэлхий дээр зөвхөн ОХУ ганцаараа татаас өгч, бусдыг тэжээдэг юм биш. Франц улс л гэхэд өмнө нь өөрийн эрхшээлд байсан орнуудад Оросынхоос хэд дахин их татаас өгсний хүчинд тэднийг тогтоон барьж байдаг. Зарим жижиг улсыг тогтоон барих шаардлагагүй, тэд өөрсдөө эзэн гүрнээсээ бараг бүх мөчөөрөө зууралддаг. Жишээлбэл 2010 оны 1-р сарын 10-нд Францын колониуд болох Өмнөд Америкийн Гвиана, Карибын тэнгисийн Мартиники гэсэн 2 орон өөртөө засах эрхээ тэлэхийн эсрэг санал өгсөн. Мартиникийн иргэд 78,9 %, харин Гвианагийн иргэд 69,8 % саналаар шүү.
Франц улсын колони байсан орнуудад бараг 2,3 сая хүн амьдардаг. 2010 онд францчууд 17,2 тэрбум еврогийн татаасыг тэдэнд өгчээ. Эдгээр өөртөө засах эрхтэй орнуудын 1 хүнд жилд 7,5 мянган евро ногддог аж. Чеченьтэй харьцуулахад Франц өөрийн “колони” улсуудад 5 дахин ихийг төлдөг гэсэн үг.
Татаасын сөрөг тал илт. Францын эдгээр колониудад ажилгүйдэл их, дунджаар 22 % байдаг. Харин Францад ажилгүйдэл 11 % билээ. Тэр бүү хэл Францын Гвианад ажилгүйдлийн түвшин 31 %-д хүрчээ. Нутгийн хүмүүсийн 40 % нь нийгмийн тэтгэмжээр амьдарч байна. Дашрамд өгүүлэхэд Оросын Умард Кавказад ч байдал иймэрхүү. Ингушетэд ажилгүйдэл 50 %, Чеченьд 25 % байдаг.
Колонийн сэргэн мандалт
Дэлхийн түүхэнд байгаагүй ер бусын үйл явдал саяхан гарсан. Энэтхэгийн далайд оршдог Майота арлын иргэд өөрсдөө Францын колони байя гэж гуйсан билээ. Албан баримтаар нь Францын 101 дэх департамент гэж тооцогддог. Тус арлын оршин суугчид одоо Францын парламентад 1 суудал эзлэх бөгөөд нэмж, татаас авахаар болжээ. Франц улс өөртөө нэгдсэн энэ улс руу эхний хэдхэн сард 200 сая евро илгээв. Ингээд дэлхийн хөгжингүй орон Франц 186 000 лалын шашинтай боллоо. Гэхдээ Майота арлын оршин суугчдын 45 % нь ажилгүй бөгөөд нэг гэр бүлд дунджаар 5,4 хүүхэд ногддог.
Өмнө нь колонитой байсан Европын бараг бүх орон тэднийгээ тэжээхээс өөр аргагүй. Их Британи л гэхэд Гэгээн Еленагийн арлын орон нутгийн төсвийн 90 %-ийг өгдөг. Дани улс нь Гренландийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-ийг бүрдүүлдэг аж. Гэсэн хэдий ч гренландчууд саяхан бүх нийтийн санал асуулга явуулж, өөртөө засах эрхээ өргөжүүлэхийн төлөө саналаа өгсөн байна.
Голландын колони байсан Кюрасао болон Сен-Мартен арлын өмнөд хэсэг тусгаар улс болсноо зарласан. Гэхдээ Нидерландын бүрэлдэхүүнд. Үүний зэрэгцээ Бонайре, Саба ба Синт-Эстатиус арлууд Нидерландын өөртөө засах бүсүүд болсон. Гэвч эдгээр шинэчлэл нь өөрсдийн төсвийн 60-80 %-ийг эзэн гүрнээсээ авахад тэдэнд саад болсонгүй.
АНУ-ын “колониуд” эрхгүй, бас үүрэг, хариуцлага ч байхгүй
Дэлхийн орнуудаас зөвхөн АНУ өөрийн гадаад дахь эзэмшил нутгуудад өвөрмөц ханддаг. Энэ улс XIX зууны сүүлээр ноёрхож байсан колонийн эзэнт гүрнүүдийн сүүлийг мушгисан. Иймээс “ахмадууд”-ын алдаанаас сургамж авсан бололтой.
АНУ 17 бүлэг арал, олтригтой. Эдгээр “улсууд”-ын төсвийн 80-95 %-ийг АНУ өгдөг. Хачирхалтай нь колонийн эдгээр орны төлөөлөгчид АНУ-ын аль ч шатны хууль тогтоох байгууллагуудад байхгүй. Тэдний хамгийн том мөрөөдөл бол санал өгөх эрхгүйгээр Конгресст төлөөлөгчтэй байх. Яг л Дорнод Самоа буюу Пуэрто-Рико шиг. Эдгээр колонийн орнуудын оршин суугчид Холбооны байгууллагуудад төлөөлөгчдөө сонгох эрхгүй. АНУ тэр бүү хэл Дорнод Самоа зэрэг улсад омог аймгийн элдэв уламжлал, заншлыг дэмжсээр байгаа. Жишээлбэл энэ арлын Сенатад зөвхөн орон нутгийн омгийн удирдагч нар сонгогдох эрхтэй. Дашрамд дурдахад ОХУ ч мөн ингэж авирладаг. Оросууд Чеченьд инж өгөх, овгийн уламжлал зэрэг өнгөрсөн үеийн үлдэгдлийг зөвшөөрдөг.
Нэмж өгүүлэхэд АНУ “гадаадын колониуд”-даа жилд 4 тэрбум долларыг зарцуулдаг.
Стратегийн аюулгүйн төлөө
Дэлхийн том орнууд “колони” улсуудаа зүгээр нэг тэжээдэггүй. Үүнийхээ оронд юу авдгийг Францийн жишээгээр үзье. Франц улс ивээн тэтгэдэг гадаадад улсуудынхаа ачаар асар уудам орон зай, усны нөөцийг хянаж байдаг. Францын далай тэнгисийн усан орон зайн нийт хэмжээ 4,7 сая км2. Үүний ихэнх хэсэг нь Номхон ба Энэтхэгийн далайд байдаг. Тэрчлэн францчууд олон газар цэргийн баазаа байрлуулжээ. Жишээлбэл Франц улс дэлхийн бөмбөрцгийн баруун хэсэгт орших Сен-Пьер, Микелон зэрэг арал дээр радио-электрон тагнуулын станцууд, шумбагч онгоцны баазаа байршуулсан. Тэнд мөн загас ангуучлалын том боомт бий. Эндээс нэг жилд 300 мянган тонн загас барьдаг.
Франц улс нь мөн Мексикийн баруун эргүүдийн ойролцоо Клиппертон, Вилль-де-Тулуз зэрэг жижигхэн арлуудыг эзэмшдэг. Энд мөрдөн тагнах радио-электрон станцууд бий. Тэгэхээр Францын тусгай албад АНУ-ыг хоёр талаас нь харж, бас чагнаж байдаг аж.
Энэтхэгийн далайд орших Майота, мөн Реюньон арлууд бас Франц улсад харъяалагддаг. Үүний ачаар францчууд Мозамбакийн булангийн стратегийн ач холбогдолтой далайн замыг хянадаг.
Латин Америкт гэвэл Франц улсад Гвиана бий. Энд Куругийн пуужин-сансрын полигон оршдог. Гвианагийн цэргийн баазууд дээр Францын 20 мянган цэрэг төвлөрчээ.
ОХУ нэмж ямар улсыг нэгтгэх вэ
Оросууд үнэндээ Абхаз, Өмнөд Осетийг өөртөө нэгтгэсэн. Эдгээр газар нутаг ОХУ-ын хувьд стратегийн маш их ач холбогдолтой. Үүний ачаар оросууд Хар далайн өмнөд хэсэг, Кавказын чанадахыг хяналтдаа байлгадаг.
Орчин үед ОХУ шинэ колониализмын америк маягийн замыг сонгожээ. Өөрөөр хэлбэл өөртөө нэмж нэгтгэсэн улс орнуудын иргэдэд сонгох, мөн өөр бусад эрхийг олгохгүй байгаа.
Дэлхийн хөгжингүй орнууд хилийн чанадад эзэмшил нутагтай байх нь хэвийн үзэгдэл болжээ. ОХУ ч мөн адил өөртөө шинэ газар нутгийг нэгтгэж магадгүй. Амьд жишээ Майота арал байна. Тэр улс сайн дураар Францад нэгдсэн шиг үйл явдал болохгүй гэх газаргүй.
ОХУ-ын тоймч Лев Иванов “Манай улс өөртөө Днестр мөрний орчмын нутаг, мөн Номхон далайн зарим нэг арлыг нэгтгэхэд болохгүй юмгүй. Бид өөрсдийн газар нутгаа дандаа тарааж өгөөд баймааргүй байна. Амур мөрний арлыг Хятадад, Берингийн хоолойн усан санг АНУ-д, Баренцийн тэнгисийг Норвегт өгчихсөн шүү дэ” гэж үзэж байна.
.......Тодруулахад Днестр мөрний орчмын нутаг гэдэг нь Молдав ба түүнээс тусгаарлахаа зарласан Днестрийн Молдавын талаар өгүүлсэн бололтой. Гэхдээ Днестрийн Молдавыг дэлхийн 3 “улс” л хүлээн зөвшөөрчээ. Абхаз, Уулын Карабах, Өмнөд Осет. 1989 онд энд зэвсэгт мөргөлдөөн дэгдэж, асар олон хүн амь үрэгдсэн юм. Харин ОХУ-ын генерал А.Лебедевээр толгойлуулсан цэрэг орж ирж, байдлыг намжаажээ. Энд одоо талуудын харилцаа хүндрэлтэй хэвээр байгаа бөгөөд ОХУ, Молдав, Днестрийн Молдавын БНУ-ын энхийг сахиулагчид болон Украины цэргийн ажиглагчид нөхцөл байдлыг хянаж байна. Гэвч одоо Молдав улс оросуудыг эндээс гаргах талаар нэг бус удаа эсэргүүцэл илэрхийлж байгаа.