Монгол эрдэмтдийн бүтээсэн SARS-COV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцлаа
2020.08.18

Монгол эрдэмтдийн бүтээсэн SARS-COV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн эрдэмтдийн бүтээсэн  SARS-CoV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцлаа.  Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган аваад байна.

Оношлуур нь вирусын халдварын эсрэг бие үүсэж дархлаа тогтсон эсэхийг илрүүлэхээс гадна халдварын явцыг хянах, Ковид-19 өвчний эмчилгээний үр дүнг хянах, халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг илрүүлэх, хэрэглэхэд хялбар аль ч зэрэглэлийн лабораторид ашиглах боломжтой  зэрэг олон давуу талтайг эрдэмтэд онцоллоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн богино хугацаанд амжилттай ажилласан эрдэмтдийн багт баяр хүргээд, судалгааны туршилтын ажлыг өргөжүүлэх, баталгаажуулах, патентжуулах ажлыг хэрэгжүүлэхийг зөвлөн оношлуурыг үйлдвэрлэх, хэрэглээнд нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийллээ. Энэхүү ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд шаардагдах тооцоо судалгаа, төсөв хөрөнгийн талаарх мэдээллийг илүү нарийвчлан гаргахыг үүрэг болголоо. Уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл болон албаны бусад хүмүүс оролцлоо.