Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банктай хамтарч “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”хэрэгжүүлдэг. Мөн “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийг Сангийн яам голлон хэрэгжүүлж байгаа бөгөөд манай яамтай холбоотой бүрэлдэхүүн хэсэг орж ажиллаж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хөдөлмөр эрхлэлтийн төслийг өргөжүүлсэн. Уг төслийн мөнгөнөөс Засгийн газраас хэрэгжүүлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх асуудалд дэмжлэг үзүүлж байгаа юм.
Гурав дахь төсөл нь “Эрсдэлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл. Тус төслийг зургаадугаар сард Дэлхийн банкны төв байгууллага баталсан бөгөөд Засгийн газраар батлагдах шатандаа явж байна. Төслийн баримт бичгийг Сангийн яам бэлдэж байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гол хэрэгжүүлэгч юм.
Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михнев “Төслийг амжилттай хэрэгжүүлэх нь маш чухал. Тиймээс чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлж, улс төрийн нөлөөллөөс хол байлгах хэрэгтэй” гэв. Үүнээс гадна бодлогын шинэчлэлийн нэг хэсэг нь тэтгэврийн шинэчлэл. Хэрэв тэтгэврийн шинэчлэл хийхгүй бол төрөөс тэтгэврийн санд олгох татаас нэмэгдсээр байх болно гэдгийг дурдав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Тэтгэврийн шинэчлэлийн талаар нэлээд идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж байгаа. Бидний энэ цаг үед тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй хийнэ. Улс төрчид ямагт Тэтгэврийн олгож буй хэмжээг нэмэгдүүлэх талаар ярьдаг боловч нөгөө талдаа сангийн орлогыг нэмэгдүүлэх талаар хэн ч ярихыг хүсдэггүй. Хүн амын насжилт нэмэгдэж, ахмад настны хүн амд эзлэх хувь нэмэгдэж, нөгөө талаас 1990-2000-д оны хүн амын төрөлтийн бууралт нь өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн албан бус салбарын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна” гэв.
Үүнээс гадна нийгмийн халамжийн тэтгэмж хүндээ хэрхэн хүрч байгаа талаар санал солилцсон юм. ХНХЯ Сангийн яамтай хамтарч И-Кэй системийг нэвтрүүлэх бөгөөд ингэснээр дүн шинжилгээг илүү ихээр хийх боломжтой болно. Улс орны хэмжээнд байгаа дата мэдээллийг холбож, өрхийн орлогыг тодорхойлох байдлыг хялбаршуулна. Үйлчилгээг цахимжуулна. Хамгийн их дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа бүлэгт чиглэж ажиллана гэдгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа онцоллоо.
Цахимжуулалтыг энэ жилдээ багтаан хийхээр зорьж байгаа бөгөөд тухайн иргэний мэдээлэлд ямар нэг өөрчлөлт ормогц хариуцаж байгаа газар нь тэр даруй мэдээллийн баазыг шинэчлэх юм.