Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгав
2020.08.25

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгав

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив. Нөхцөл байдлыг харгалзан 09 дүгээр сарын 15-наас хойш зарим хязгаарлалтын дэглэмийг сулруулах, цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. 08 дугаар сарын 25-ны байдлаар Монгол Улсад 298 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 289 хүн эдгэрсэн, эмчлүүлж байгаа есөн хүний нэгийнх нь бие хүндэвтэр байна.

Дэлхийн 216 улсад 23.8 сая хүн халдвар авч, 817 мянга гаруй хүн нас барж, 16,4 сая хүн эдгэрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Цар тахлын улмаас 60 орчим улс онц байдал зарлаж, 50 улс хөл хорио тогтоон, 80 гаруй улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоосон, хил хаасан хугацаагаа сунгаад байна.