2020.08.26
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Б.Саранчимэгийг сонголоо
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.08.25/ хуралдаан 15 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэй эхлэв.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харъяалагдах Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Дэд хорооны даргыг тус хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно гэсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтын дагуу Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Саранчимэгийн нэрийг дэвшүүлж байгааг хуралдаан даргалагч танилцуулав.
Ингэснээр Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Батсүхийн Саранчимэгийг сонгохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ. Дэд хорооны даргыг сонгосонтой холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Т.Аубакир нар үг хэллээ. Ингээд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Саранчимэгийг сонгосон Байнгын хорооны тогтоолыг баталснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөв