Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.
ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцууллаа.
Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин цар тахлаас үүдэлтэй урьдчилан тооцоолоогүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж боловсруулсан улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн 2020 оны тодотголын төслийг дагалдуулж 19 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн.
Үүнд цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтийн багц арга хэмжээ энэ оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж байгаа ч цаашид цар тахлын улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилж болзошгүй байгааг харгалзан хөнгөлөлт, чөлөөлөлтийг он дуустал үргэлжлүүлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тогтолцоонд шинэчлэл нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Шинэчлэл хэрэгжснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй чанартай, шуурхай хүргэх, эрүүл мэндийн байгууллагууд өмчийн хэлбэр, өвчин эмгэгийн төрлөөс үл хамааран шударгаар санхүүжих тогтолцоонд шилжих аж. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх…” хэмээн заасныг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн зарим заалтын дагаж мөрдөх хугацааг нэг жилээр хойшлуулж, сургууль орчинд худалдаа эрхлэгчид болон сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг түрээсийн гэрээгээр бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд боломж олгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуульд заасан тусгай зөвшөөрлийг хялбаршуулах, түргэн шуурхай болгох үүднээс тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх асуудлыг Засгийн газар журмаар зохицуулдаг байх зохицуулалтыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Коронавируст халдварын цар тахлын улмаас олон улсын санхүүгийн зах зээлд үүсээд байгаа тодорхойгүй байдал, Монгол Улсын төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирж байгаа дарамтыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор тодорхой чадавх бүрдэж, нөхцөл байдал сайжрах хүртэл хугацаанд Ирээдүй өв сангийн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансны удирдлагаар дамжуулж эрсдэлгүй удирдах зохицуулалтыг Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлийн төлбөрийн асуудлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж, банкны жилийн зардлын өсөлтөд нөлөөлж байгааг харгалзан, мөн төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилгоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.