Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв
2020.08.27

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.27\ хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. 

Сангийн яамнаас төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний дэлгэрэнгүй судалгааг гаргуулан авч танилцсан байна. Төсвийн байнгын хороо болон Ажлын хэсэгт Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар бусад Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүн, төрийн болон ТББ-аас албан бичгээр ирүүлсэн санал бүрийг судалж, санал дүгнэлтээ гаргасан байна. 

  1. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай бол мөн хэмжээгээр бууруулах зарчмыг баримтлан Засгийн газрын өргөн мэдүүлсэн түвшинд нь төсвийн орлого, зарлагын хэмжээг барьж, төсвийн орлого, зарлагын бүтцэд нь тодорхой өөрчлөлтүүдийг оруулж батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
  2. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж, үр ашиггүй, гүйцэтгэл нь удаашралтай байгаа зарим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бууруулах замаар нэмэлт эх үүсвэрийг бий болгож зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагатай 2020 оны гүйцэтгэлтэй нь уялдуулж, зарим төсөл, арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх саналыг төсөлд тусгахаар шийдвэрлэлээ.
  3. Төсвийн ерөнхийлөн захирагчдын багц дахь урсгал зардлын хэмжээг өнгөрсөн оны түвшинд нь барьж, хууль тогтоомжоор зардал нь нэмэгдэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа төсвийн зарим ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг тодорхой түвшинд нэмэгдүүлэхээр боллоо.
  4. Улсын Их Хурлын гишүүд болон төсөвт байгууллагуудаас зардал бууруулах эх үүсвэр нь тодорхойгүйгээр урсгал болон хөрөнгө оруулалтын зардал шууд нэмэгдүүлэхээр ирүүлсэн саналуудыг зарчмын зөрүүтэй саналын шаардлага хангахгүй тул санал хураалгах шаардлагагүй гэж үзжээ.
  5. Эдийн засаг, нийгмийн үр ашгийг харгалзан салбарын бодлоготой нь уялдуулан зайлшгүй тусгах шаардлагатай эх үүсвэр тодорхой зарим төсөл, арга хэмжээг төсвийн тодотголын төсөлд шинээр тусгахаар шийдвэрлэсэн байна. 
  6. Ажлын хэсгээс Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороо болон төрийн байгууллагуудаас гаргасан саналуудыг нэгбүрчлэн судлаад, зайлшгүй тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээний зардлыг Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналд тусгасан тул бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан дээр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжих шаардлагагүй гэж үзсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар асуулт асууж, саналаа хэллээ. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи дэмжиж ТБХ-нд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.