2020.08.21

М.Оюунчимэг: ЭМД-ын сангийн мөнгөн хөрөнгийг Төрийн санд байршуулах нь зөв

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.21\ нэгдсэн хуралдаанаар   Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Оюунчимэг:

“Эрүүл мэндийн салбар хамгийн чухал, иргэн бүрт бүрч байдаг салбар юм. Иргэдтэй уулзаад явахад эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар байнга асууж, санал хэлж байдаг. Эмийн бодлогодоо эрч өөрчлөлт хийх нь чухал байна. Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайд нар ч хэлж байна. Өнөөдөр эмийг хоолноос ялгаагүй хэрэглэж байна. Хилээр орж ирэхдээ 68%-иар үнэ нь нэмэгддэг. Тэгсэн хэрнээ шаардлагатай, сайн эм байдаггүй гэж.

Энэ төсөлд ЭМД-ын сангийн мөнгөн хөрөнгийг төрийн санд байршуулах зарцуулах асуудлыг санхүү төсвийн бодлогын болон эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллага хариуцна гэсэн байна. Ингэснээр ЭМД-ын сангийн мөнгө Төрийн санд байршихаар төсвийн тодотголоор орж ирж байна гэж би ойлголоо. Нийт 506 тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт тусгасан чигээрээ тодотголд орж ирсэн байна. гэтэл ЭМД-ын сангийн мөнгөн хөрөнгө одоогийн байдлаар 17 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа гэж байна. Мөн одоо байршуулж байгаа банкуудтай гэрээ хийсэн. Хэрвээ гэрээг цуцалбал гэрээний зөрүү алдагдал 5,2 тэрбум гээд нийт 17,2 тэрбум төгрөг 10 сарын 1-ээс 12,31 хүртэлх хугацаанд төвлөрүүлэхэд гарч байна. 2021 оны хүүгийн орлого гэхэд 38,6 тэрбум гээд нилээд их алдагдал хүлээх магадлалтай байна. Энэ алдагдал, банктай хйисэн гэрээний зөрүүг хэрхэн шийдвэрлэх вэ?

Өрхийн эмч нар хүнээ үзэхээс илүү өдөржин бичиг цаастай ажиллаад өнгөрдөг гэж байсан. Энэ байдал арилах уу? Энэ эргээд жор бичдэг эмч нарын тоог томоохон эмнэлэг дээр нэмэгдэх вий дээ?

Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр буурч байгаа юм байна. Энэ талаар тайлбар өгнө үү?”

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар хариуллаа.