Төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т “Нэг хуулийн төслийг хэд хэдэн Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргахаар хууль тогтоомжид заасан бол тэдгээр нь хуралдаанаа тус тусдаа зохион байгуулж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ” гэж заасны дагуу Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан.
Нийгмийн бодлогын байнгын хорооны холбогдох хууль, тогтоолын төслийг хийсэн талаар санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нар тус тус танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль бүрийг заалт тус бүрээр хэлэлцсэн юм. Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нийслэл дэх нийтийн тээврийн шинэчлэлийн талаарх арга хэмжээний зорилт, төлөвлөгөө, хэрэгжилтийн явц, эхэн үеийн үр ашиг, хэтийн тооцооллын талаар мэдээлэл өгч, тайлбарлаад энэ арга хэмжээний хүрээнд орж ирсэн автобус, бусад тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх боломжийн талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулж хариулт авав.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн хоёрдугаар зүйлийг “Энэ хуулийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжив. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах тухай Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжсэн, харин Ажлын хэсэг дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг буцаахыг дэмжээгүй юм.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Уг төслийг төсөл санаачлагчид нь буцаах Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг Төсвийн байнгын хорооны гишүүд дэмжээгүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 7 дүгээр зүйлтэй холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар, Ажлын хэсгээс ирүүлсэн найруулгын шинжтэй саналуудаар тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэсэн.
Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.