Төсвийн тодотголын төсөлд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжив
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай АН-ын байр суурийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцууллаа.
Төсвийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцжээ. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газрын бүтэцтэй холбогдуулан, түүнчлэн дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлыг даван туулах зайлшгүй шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас төсвийн тодотголын төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 10.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буурчээ. Эхний хагас жилийн гүйцэтгэлээр төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тасарч, төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрчээ. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг нийгмийн даатгалын шимтгэл, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, дэмжлэг, тусламж үзүүлэх хууль эрх зүйн орчныг Улсын Их Хурлаас бүрдүүлсний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газраас холбогдох шат дараалсан арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлж, энэ арга хэмжээнд 1.9 их наяд төгрөгийг зарцуулжээ.
Мөн төсвийн тэвчиж болох зардлыг хэмнэж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг багасгах, өрийн хэмжээг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбоотой төсвийн ерөнхийлөн захирагчдын батлагдсан хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн гэв. Төсвийн тодотголын төсөлд нэгдсэн төсвийн нийт орлогыг 10.7 их наяд төгрөг, нийт зарлагыг 14.6 их наяд төгрөг, нийт орлогоор тооцсон төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувь байхаар, тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 12.5 хувь байхаар тусгагджээ.
Төсвийн байнгын хороо төсвийн тодотголын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан бөгөөд тус ажлын хэсэг нь ажлын хэсэгт болон Байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүд, байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн судлан үзэж, хуульд нийцсэн саналуудыг нэгтгэн томьёолж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын төслийг хэлэлцэх үед ажлын хэсгийн бэлтгэсэн санал нэг бүрийг хэлэлцэн дэмжсэн юм. Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасныг үндэслэн Улсын Их Хурлын бүх Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо дээрх төслүүдийг хоөр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлснийг хуралдаанаараа хэлэлцлээ.
Ийнхүү ажлын хэсгийн болон бусад Байнгын хороодын гаргасан зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг нягтлан хэлэлцэж, олонхын дэмжпэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолсон гэлээ. Хэлэлцүүлгийн үр дүнд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд Засгийн газрын өргөн мэдүүлсэн түвшинд нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ач холбогдол, гүйцэтгэл зэрэгтэй уялдуулан холбогдох өөрчлөлтийг тусгах, мөн зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн аудитын төв байгууллага, УИХ дахь Ардчилсан Намын Бүлгээс тусгайлсан зарчмын зөрүүтэй санал ирүүлээгүй байна.
Дараа нь Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав. Нэг хүнд оногдох ДНБ-ий хувь хэмжээ валютаар тооцвол буурсан дүн гарна, ажилгүйдэл, ядуурал буураагүй хэмээн дурдсан. Төсвийн тодотголд дурдсан тоо баримтууд нь тодотгол хийх үндэслэл биш хэмээн дурдаад Засгийн газрын өрийн талаарх саналаа илэрхийлж, төсөл дэх төсвийн алдагдлын талаарх шүүмжлэлээ илэрхийлсэн юм. Мөн валютын ханшийн өөрчлөлт, түүнээс үүдсэн эдийн засаг, бизнес, айл өрхөд үзүүлэх нөлөөллийн талаар дурдлаа. Олон улсын санхүүгийн зах зээл дэх Монгол Улсын нөхцөл байдлын талаар хэлж, төсвийн тодотголоор төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжлийг дэмжих, дундаж давхаргаа хамгаалах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзэж байгаа гэлээ. Томоохон төслүүдийг урагшлуулж, экспортыг эрс нэмэгдүүлэн, эдийн засгийг тэлэх бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай хэмээн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтэд дурдсан. Мөн хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн төслүүдийг цогц байдлаар хэрэгжүүлэх шаардлагын талаар дурдсан.
Үргэлжлүүлэн зардал нэмэгдүүлэх саналыг, зардал бууруулах саналтай хамт гаргасан, Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналуудыг танилцуулж санал хураалт явууллаа.
Тухайлбал, саналын томьёоллын хавсралт 1-д тусгагдсан 300.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2020 онд 50.0 сая төгрөгөөр санхүүжигдэхээр тусгагдсан 1 төсөл, арга хэмжээг төслөөс хасах, мөн 34 төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг 12,681.3 сая төгрөгөөр бууруулах өөрчлөлтийг хавсралтад дурдсанаар хийх нь зүйтэй хэмээн үзсэн. Мөн саналын томьёоллын хавсралт 2-д тусгагдсан 21,750.8 сая төгрөгийн төгрөгийн төсөвт өртөгтэй, 2020 онд 4,356.1 сая төгрөгөөр санхүүжих 37 төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгах, мөн 18 төсөл арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг 7,814.9 сая төгрөгөөр нэмэгдүүлэх өөрчлөлтийг хавсралтад дурдсанаар хийхийг дэмжсэн.
Мөн саналын томьёоллын хавсралт 1-ийн 17-д тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг 560.3 сая төгрөгөөр бууруулах саналтай уялдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн урсгал зардалд 230.6 сая төгрөг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 50 хүүхдийн цэцэрлэгийн урсгал зардалд 116.8 сая төгрөг тус тус тусгаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын нөөц санг 212.9 сая төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 560.3 сая төгрөгөөр Өвөрхангай аймгийн суурь зарлагыг нэмэгдүүлэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 2020 оны төсвийн жилд зарцуулах зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүй, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдүүлэхээр “Завхан аймгийн Улиастай сумын Спорт цогцолборын барилгын нэмэлт санхүүжилт болох 1,200.0 сая төгрөгийг батлуулахдаа төсөвт өртгийг нэмэгдүүлэлгүй 2020 онд санхүүжих дүнг 1,200.0 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн тул тухайн төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг хэвээр үлдээж, төсөвт өртгийг 1,200.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх” гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 29 нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо дэмжээгүй саналуудаар санал хураалт явуулав.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн гаргасан
“ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад туссан хөрөнгө оруулалтын санхүүжих төсвөөс 8.8 тэрбум төгрөгийг бууруулж Боловсролын зээлийн сангийн урсгал зардалд нэмж тусгах” саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй байна. Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 29 нь дэмжив.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамын
“Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад туссан хангамж, бараа материалын зардал болон эд хогшил, урсгал засварын зардлаас 2.5 тэрбум төгрөгийн хасаж хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн ч мөн Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм. Төсвийн байнгын хорооны дэмжээгүй уг саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 29 нь дэмжлээ.
“Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 2020-2021 оны хичээлийн жилээс 3-5 нас болгосонтой холбогдуулан 2 настай хүүхдээс хэмнэгдэх зардлаас 2.0 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” Улсын Их Хурлын гишүүн П.Анужингийн гаргасан саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм.
Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн П.Анужин нар уг саналын талаар тайлбар хийсэн бөгөөд санал хураалтад оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг саналыг дэмжээгүй Төсвийн байнгын хорооны саналыг дэмжээгүй юм.
Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж дууссанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.