2020.08.27

М.Оюунчимэг: 2021 оны төсвийн хуульд мөчлөг сөрсөн бодлого явуулж, эдийн засгаа тэлэх нь зүйтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.27\ хуралдаан 9 цаг 00 минутад эхэллээ. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

“Гадаад дотоод эдийн засгийн нөхцөлөө сайн харгалзаж үзэх хэрэгтэй. УОК-ын өчигдөр хийсэн мэдээллээр 2021 оны 6 дугаар сар хүртэл хил нээгдэхгүй байхаар дахиад л эдийн засаг, эрүүл мэндтэй холбоотой асуудал үүснэ. Тиймээс бид мөчлөг сөрсөн бодлого явуулахгүй бол ажилгүйдлээ хумих аюултай. 2021 оны төсөв хэлэлцэхдээ сайн анхаарах ёстой. Алдагдлыг огцом бууруулбал хөрөнгө оруулалтыг хумих аюултай болно. ААН бол ажлын байраа хадгалах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд ажиллахыг хэлсэн. Тиймээс 2021 оны төсөвд эдийн засгаа тэлэх бодлогоо анхаарч ажиллаарай.

Дагалдаж орж ирж байгаа чухал хуулиуд байна. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай гэх мэт. Үнэхээр эрүүл мэндийн салбарт реформ хийх, хүнд суртал чирэгдлийг багасгах чиглэлд анхаарсан хууль орж ирсэн учраас гишүүд анхаарч хараарай. Эмийн үнэ, үйлчилгээ зэргийг сайжруулах боломжийг бүрдүүлсэн гэж бодож байна. 2021 онд, 2022, 2023 онд энд оруулсан өөрчлөлтөөр ийм түвшиний өөрчлөлт гарна гэсэн ямар тооцоолол байгаа вэ?”

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан нар хариуллаа.