2020.08.17

С.Ганбаатар: Модоо барьж байгаа ийм хүнд үед боловсрол, эрүүл мэндээсээ бүү танаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  

Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

“Татвар төлөгчиддөө нэмэр болоё гэж төсвийн тодотголыг хийсэн гэж байна. Жирийн иргэний төлөөллийн байгууллагуудтай энэ тодотголыг 3 талт хэлэлцээрээр ярилцсан уу? Тэдний санал юу байсан бэ?

Төсвийн алдагдал 4,8 их наяд гэж байна. Уул уурхайн баялгийн экспорт уначихсан байхад Оюутолгойн экспорт хэвийн байсан. 2019 он хүртэлх хугацаанд 71 тонн алт гарсан байна. Далд уурхай ашиглалтад орвол үүнээс 4 дахин орлого нэмэгдэнэ. Бид энд төсвийн тодотгол яриад сууж байхад тэдний инээд хүрч байгаа. Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэг гарсан. Гишүүд нь энд сууж байна. Хэрхэн ярилцсан бэ?

Бид сургууль, цэцэрлэг барих, хөрөнгө оруулалтыг нь тойрогтоо ахиу тусгуулах гээд л тойроод яриад байгаа. Үүнээсээ томоор сэтгэвэл Монголл Улсад их орлого орж байгаа. Бид Оюутолгой гэж хэдэн хүн шоронд хийх гээд байгаа бус төсөвтөө л тэндээс орлого оруулах гэж яриад байгаа юм.

Модоо барьж байгаа ийм хүнд үед боловсрол, эрүүл мэндээсээ танахгүй байгаарай. Салбарын ажилчид 5 жилийн тэтгэмж хасагдах уу гэдгийг надаас асуугаад байна. Үүнийг салбарын сайд нар тодорхой хариулж өгөөрэй.”

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.