Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Б.Бейсен: Эм эмнэлгийн хэрэгёлийн тухай хуулийн 6,2-т эмзүйн үйл ажиллагаанд хяналт тавих мэргэжлийн хяналтыг эрүүл мэндийн яам хэрэгжүүлж байсныг шинээр байгуулагдсан агентлагт шилжүүлэх юм байна. Үүнийг мэргэжлийн хяналтын газартай ижил байх гэж заасан байна. Чиш үүргийн давхардалыг арилгах хэрэгтэй. Энд эмийн чанарыг хянах эзэнгүй болсон байна гэж харлаа. Нийт эмийн 68% нь хуурамч эм байна гэж танилцуулгад дурдсан. Эрүүл мэндийн яамны үүнийг хариуцсан мэргэжилтэн нь ажлаа хийж чадахгүй байна гэсэн үү үг үү? Эсвэл мэргэжил хяналтын газар нь ажлаа хийж чадахгүй байна уу?
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.26) хуралдаан болж, Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийлээ. Б.Бейсен: Дэлхий нийтийг хамарсан энэ цар тахлын үед Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комисс, эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, хил гааль, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч нар маш сайн ажиллаж байна гэж дүгнэж байна. Энэ өвчэий вакцин гараад, захиалаад, хийгдээд дуустал энэ хөл хориог тавихгүй байх нь чухал. 10 дугаар сард ханиад томууны дэгдэлт ихсэх үед энэ өвчин гарах магадлал өндөр учраас аюултай. Энэ тал дээр сайн анхаарч ажиллах хэрэгтэй.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.28) хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. УИХ-н гишүүн Б.Бейсен: Бүх аймгуудад түргэн тусламжын асуудал байгаа. Бензины төсөв нь хязгаарлалттай байдаг. Аймаг тус бүрт очиж км, байрлалыг тогтоож төсөв батлахгүй л бол түргэн тусламжийн асуудал хүнд хэвээрээ байна. Энэ талаар сайн ярилцаж, хэлэлцэж оруулах нь зөв.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Сайншанд сумын аж үйлдвэрийн парк гэгдэх тогтоол хэвээрээ байна уу? Хүчингүй болчихсон юм уу? гэдгийг асууя.Хоёрдугаарт Дорноговь аймагт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт ороогүй байна. Үүнийг оруулах юм бол дөрвөн жилийн дараа биелэлтийг нь гаргахад их амархан. Тухайлбал ширэмний үйлдвэр баригдаад дараа жил дуусна. Монгол Улс дотооддоо ширэм үйлдвэрлэж эхэлнэ. Кокосын үйлдвэр газраа аваад зураг төсөл хийгдэж байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. Я.Содбаатар сайд хувийн хэвшлийг тэр бүр тусгаагүй гэсэн. Яг үнэндээ энд ихэнхи нь хувийн хэвшил байна. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын цахиурын ордыг ашиглалтанд оруулна гэсэн байна. Энэ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Мөн цагаан суваргыг ашиглалтанд оруулна гэсэн байна. Энэ мөн л адил хувийн хэвшилийн хөрөнгө оруулалт. Ингэж байгаа бол бүх хувийн хэвшлийн хийгдэж байгаа ажлуудыш оруулах нь зөв. Дараагийн асуудал бол Дорноговь аймагт хүн ам нилээд төвлөрч байгаа. Дөрвөн жилийн өмнө 58 мянган хүн амтай байсан бол одоо 94 мянган хүн амтай болсон. Цаашдаа тоиоохон хэмжээний бүтээн байгуулалт, боловсруулаах болон баяжуулах үйлдвэрүүдээ дагаад хүн ам олширно. Тийм учраас дулааны станцыг яаралтай тавьж өгөөчээ. Боломж нь байна уу? Дорноговь аймаг хагас жилийнхээ орлогоор барих боломж бий.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Ц.Туваан Сангийн сайдаас Багануур-Мөнгөн морьтын зам, Төв аймгийн Эрдэнэцант сумын доторх 3.2 км хатуу хучилттай зам, Зуунмод -Мазушир чиглэлийн замын ажлын төсөв төсвийн тодотгол дээр хэрхэн суулгасныг тодруулан асуулаа.
Өнөөдөр /2020.08.21/ УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар 2020 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оюутны хөгжлийн зээлийн талаар тодруулсан юм. Л.Энх-Амгалан: Оюутны хөгжлийн зээлийг байгуулсан шалтгаан нь Улаанбаатар хотод сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг төлөх зориулалттай. Энэ зээлийн санг 75 тэрбум төгрөгний эх үүсвэрээр баталсан. Харин энэ сангийн гүйцэтгэл бага байна. Бид босгуудыг өндөр байсныг багасгасан. Өмнө нь зээл авсан хүүхдүүдийн төлбөр их дээд сургуулиуд дээр очоогүй байна. Одоо курс ахиад сурж байгаа хүүхдүүд зээл авах гэхээр оюутны хөгжлийн сангаас чиглэл өгөөгүй, санхүүжилт тодорхой бус байна гэсэн тайлбар ирж байна. Энэ төсвийн тодотголоор оюутны хөгжлийн зээл дээр хэдэн төгрөг тавигдсан бэ? Хэдэн оюутны сургалтын төлбөрийг санхүүжүүлэх бололцоотой вэ? Санхүүжилт нь хийгдэх үү? ЖДҮ-ийн сан, зээлийн батлан даалт, хөдөлмөр эрхлэлтийн сангийн асуудлууд байна. Цар тахлын энэ хүнд үед ажлын байр гаргадаг ЖДҮ-ийн салбарыг онцгойлон анхаарахыг шаардаж байна. ЖДҮ-ийн нийт зээлийн эргэлт 4 их наяд байна. Гэтэл зээл олголт нь үүнийхээ 20 хувьд хүрэхгүй байна. Монгол улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 60 орчим хувь нь энэ салбарт ажиллаж байна. Төрийн банкны өөрчлөн байгуулалтын асуудал, ЖДҮ-ийн сан, зээлийн батлан даалтын санг амь оруулах зайлшгүй шаардлагатай. Хөдөө орон нутагт ажиллаж буй хүмүүст зээлийн барьцаа хөрөнгө байдаггүй. Эдгээр сангуудыг ерөнхийд нь өөрчлөх асуулалтыг авч үзэж, төсвийн өөрчлөлтөд тусгах шаардлагатай. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Сангуудын үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд эрс цэгцлэх шаардлагатай гэж үзсэн. Боловсролын сангийн тухайд одоогийн байдлаар 10-аад тэрбум төгрөгийн санхүүжилт гарсан бөгөөд тодорхой хэмжээний мөнгө үлдсэн байгаа. Боловсролын зээлийн сангийн тогтолцоог эргэж харж үзэх ёстой. Отгонбаяр сайдын үед их, дээд сургуулиуд 150 гаруй байсныг 90 гаруй болгосныг сайн санаж байна. Одоо эргээд хэд болсныг мэдэхгүй. Боловсролын зээлийн сангийн бодлогыг тодорхой болгох хэрэгтэй байна. Мэргэжлүүдээ эрэмбэлж, эдийн засагт хэрэгтэй, дутагдаж буй салбарын мэргэжилд зээл олгох шаардлагатай. Зээлийн санг боловсролын хөгжлийн бодлоготой нийцэж явж буйд би эргэлздэг. ЖДҮ сангийн хүртээмж багатай, нийт хүсэлтийн 20 хүрэхгүй хувьд хүртээмжтэй байна. Цаашдаа банк санхүүгийн системийг хүчтэй болгож, ЖДҮ-гээс олгож буй зээлийн бизнесийн салбарыг ач холбогдлоор нь ил тод, цахимаар олгодог тогтолцоог бий болоосой гэж бодож байна. Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж: Боловсролын сайдын багцад төсвийн тодотголоор 27 тэрбум төгрөг батлагдаж байна. Өмнөх жил бид Боловсролын зээлийн санд 11 мянган оюутны 33 тэрбум төгрөг гэж тооцсон боловч 5800 орчим оюутнуудад л хүрсэн. Тиймээс шаардлагатай хүсэлт өгсөн бүх оюутнуудад хүрэх боломжтой гэж үзэж байна.