ГХ-ны сайд Н.Энхтайван Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа
2020.08.26

ГХ-ны сайд Н.Энхтайван Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандраныг 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн үйл явцад Азийн хөгжлийн банк үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлээд, Ковид-19 цар тахлаас эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах, эдийн засгийг сэргээн идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Суурин төлөөлөгч Павит Рамачандран эдийн засгийг сэргээн идэвхжүүлэхэд худалдаа чухал үүрэгтэй бөгөөд тус банкнаас хэрэгжүүлж байгаа Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд Алтанбулаг, Боршоо, Бичигт боомт, Замын-Үүдийн чөлөөт худалдааны бүсэд бүтээн байгуулалт, хил гаалийн цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх ажил хийгдэж байгаа талаар мэдээлэв.

Суурин төлөөлөгч 2021-2024 онд хэрэгжих АХБ-ны хамтын ажиллагааны дараагийн мөчлөгт Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгнө гэдгийг тэмдэглээд, бүс нутаг, дэлхий нийтийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалд Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх чиглэлээр ГХЯ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.