“Мульти соёл”-ын савангийн хөөс хагарав уу?
...Хоёр дахь үеийн цагаачид л Пандорагийн хайрцгийг нээсэн гэдгийг нь Европт ойлгууллаа...
Өнөөдөр “мульти соёл”-ын /мультикультурали́зм/бол дэлхий даяар төдийгүй тодорхой нэг улсад соёлын ялгааг хадгалах, хөгжүүлэх бодлого/ асуудал Их Британид тэргүүн эгнээнд гарч ирлээ. Энэ талаар Мюнхений аюулгүйн хуралдаан дээр хийсэн Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмероны мэдэгдэл бөмбөг дэлбэрэх шиг нөлөө үзүүллээ...
Зөвхөн 1-р үеийн цагаачид л хамгийн талархалтай бөгөөд эрх баригчдад талтай ханддаг нь хэдийн батлагдсан баримт. Идэвхтэй цагаачлалд “өртсөн” Австралид цагаачид төрөлх эх орондоо байгаа мэт амьдардаг. Ажилгүйдлийн тэтгэмж, төрүүлсэн хүүхэд бүрт тэтгэмж авахаас өгсүүлээд эрүүл мэндийн үйлчилгээ хямд, нийтийн тээврийн хэрэгсэл бараг үнэгүй, орон сууцны төлбөр хөнгөлөлттэй, заримдаа үнэгүй шахам төрийн орон сууц гэх зэргээр Австралийн “шинэхэн” иргэд төрийн олон халамжийг хүртдэг. Тэд мэдээж эрх баригчдад их талархаж, “өөрийн” Засгийн газраа дэмжихийн тулд өдөрт 2 удаа сонгууль өгөхөд ч бэлэн. Цагаачид гэхдээ нэ их хөнгөлөлт, тэтгэмж хаанаас ирж байгаад огт санаа зовдоггүй. Ойрхи Дорнод, Энэтхэг, Хятад зэрэг орнуудаас ирсэн гэр бүлүүд ар араас нь маш олон хүүхэд төрүүлдэг. Хүүхэд тус бүрт 7 хоногт 180 доллар авсаар тэдний гэр бүлийн орлого нь 3-4 жилийн дараа төрийн сан хөмрөгийг арвижуулж, татвар төлдөг энгийн австрали иргэдийнхээс давж гардаг аж.
Голдуу Ойрхи Дорнодоос ирсэн цагаачид Лакемба, Кемпси, Бэнкстаун зэрэг дүүрэгт амьдардаг. Эдгээр дүүргийг хамгийн ядуу гэдэг ч үнэндээ тийм биш. Цагаачид төрийн нийгмийн халамжинд амьдардаг. Одоо бол цагаачдын орон гэр гэж бараг л орд харш, гадаа хашаа болгонд нь мерседес зогсч байдаг. Энэ аргагүй, тэд “хаузен коммишен” хэмээх цагаачдад зориулсан хямд орон сууцад амьдарсаар 5-7 жилийн дараа тансаг, олон баганатай, цасан цагаан туйпуун 2 давхар байшин худалдан авдаг. Тэгээд лимузин унаж, таксимотор, барааны болон сонины лангуугаа эргэх хэрнээ төр засгаас ядуу, гэр оронгүй цагаачдад өгдөг тэтгэмжийг үргэлжлүүлэн авсаар байдаг.
Австрали улс өөрийн уугуул иргэддээ олгодог бүх халамж, хөнгөлөлтийг хуульд заасны дагуу тэдэнд өгдөг байтал гадаадын цагаачид хариуд нь хууль бус бизнесээр /үүнд хар тамхи, нууц хөдөлмөрийн зах зээл/ хариу барьдаг. Тэгээд төрөөс тогтоосон цалингийн тавны нэгийг ажилчинд бэлнээр өгөхийн зэрэгцээ өөрийн үндэстний тусгаарлагдмал зожиг амьдралаар амьдарч, тэндээ зөвхөн төрөлх эх орныхоо хууль дүрмийг мөрддөг. Ийнхүү Австрали улс одоо Араб, Хятад, Вьетнамын “гетто”-доо нөлөөлж чадахаа байжээ. Гэтэл тэд Европын ёс суртахууны хэм хэмжээн дээр үндэслэсэн орчинд амьдарч, өөрсдөд нь өгсөн бүхий л боломжийг ашиглаж байдаг.
Австраличууд эхлээд вьетнамчууд, хятадууд хаалгаа нээсэн, гэтэл “шагналд нь” “Триада” хэмээх хятадуудын гэмт бүлэглэл, дараа нь “либанизм”-ыг авлаа. 2-р үеийн цагаачдын Сиднейн Кроналлын наран шарлагын газар зохион байгуулсан “Варфоломейн шөнө” мултьтикультурализм тэдэнд юунд авч ирснийг ухаарууллаа, хэтэрхий орой.
Берлинчүүд, мюнхенчүүд өнөөдөр туркүүдтэй бөөр нийлүүлэн амьдарч байгаа ч тэд өөрсдийн нь ёс заншил, зан үйл, ёс суртахууны хэм хэмжээг нулимаад хаяж, үл тоомсорлодгийг шууд ойлгоогүй. Цагаачдын асуудал 2 сарын өмнө Герман орныг бүхэлд нь донсолгосон. Германий Канцлер Ангела Меркель “Гэмт хэрэгт өртөгсдийг хамгаалах нь гэмт хэрэгтнээс чухал. Ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хүн ажил хийгээгүй хүнээс ихийг авах ёстой. Мульти соёлын бодлого бүтэлгүйтлээ” гэж хэлсэн билээ. “Шпигель” сонин түүнээс “Цагаачид Германд хэрэгтэй. Тэдэнгүйгээр удахгүй тэтгэвэр төлөлтийг санхүүжүүлэх хүнгүй болно” гэж асуухад Меркель “Бид үүнийг хэдийн баримжаалсан. Бид Германд хяналттай цагаачлал бий болгохыг хүсч байна. Тэрчлэн гадаадын өндөр мэргэжилтэй мэргэжилтнүүд, ажилтнууд Германы хөдөлмөрийн зах зээлийн бодит байдалтай уялдаж амьдрах ёстой. Хэрэгцээ, мэргэшил, дасан зохицох чадвар гээд” хэмээн хариулсан.
Мюнхенд Европын элитүүд ийм радикал мэдэгдэл сонсохыг хүсээгүй. Өнөөгийн аюулгүй байдлын гол аюул мэдээж терроризм. Гэхдээ Их Британи, Австралид “өөрийн бойжуулсан терроризм”-тай нүүр тулгарлаа. Кэмерон “Бид мультикультурализмыг удирдлага болгож, янз бүрийн соёлын төлөөлөгчдийг тусгаарлан амьдрахыг, бүр бие биеэс тусдаа төдийгүй олон нийтийн санаа бодлоос ч ангид байхыг зөвшөөрсөн. Тэр бүү хэл бид эдгээр нийгэмлэгүүдэд /нутгийн зөвлөл/ манай үнэт зүйлсийг эсэргүүцэхийг зөвшөөрсөн” гэж хэлсэн нь Австралийн оноштой яг таарч байна!
“Европ сэрэх цаг боллоо, эндхийн улс орнуудад юу болж байгааг харах цаг ирлээ. Бидний амь нас төдийгүй амьдралын хэв маяг аюулд орлоо. Их Британид амьдарч байгаа лалын залуусын дунд экстремизм үүссэнд лалын нийгэмлэгийн лидерүүүд тодорхой хэмжээгээр буруутай. Тэд тиймэрхүү илэрлийг таслан зогсоодоггүй. Их Британийн үндсэн үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй байгууллагуудад бид туслахгүй” гэж Их Британий Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Түүнийг ийнхүү Мюнхенд үг хэлж байхад Лондоноос 50 км зайд орших Лутон хотод “Английн хамгаалалтын Лиг” байгууллага цагаачдын эсрэг жагсаал хийсэн. Өнгөрсөн оны 12-р сард Стокгольм хотод алан хядах ажиллагаа явуулсан ирак эрийн удаан хугацааны турш амьдарч, сурч байсан тэр хотын гудамжаар 3000 хүн жагслаа. Тэд лалын эсрэг уриа лоозун хашгирч, Английн нутаг дээр лалынхны дунд хэт даврах үзэл гаргахыг зогсоохыг шаардав.
Берлинд дасан зохицох тухай, интеграци гэж ярьж байхад Турк, Ойрхи Дорнодын орнуудын цагаачид, дүрвэгсдийн асуудал Лондонд өөр. Аварга том эзэнт гүрэн асан Англи улс 1948 онд иргэний тухай хууль гаргасны дараа хуучин колони орнуудын 800 сая иргэн энд визгүй ажиллаж, амьдрах болсон. Энэтхэгээс Ямайк гээд хорвоогийн өнцөг бүрээс хүмүүс ирж байснаас хамгийн олон нь энэтхэгчүүд. Дараа нь Бангладеш, Ямайк, Нигери, Пакистаны иргэд орж байв. Колони байсан орнуудын иргэдийг ажилд авах дүрмийг хялбарчилж, ажил олгогч нар тэднийг хавчих гадуурхахаас удаан жилийн турш хамгаалах бодлого явуулсаар ирсэн аж. Гэтэл британичууд “Төр засаг цагаачдыг хамгаалахдаа тэдний ёс бус үйлдлийг үл анзаарч, хариу үйлдэл үзүүлдэггүй байсан” гэж шүүмжилж байлаа. Гэтэл энэ нь яваандаа нийгмийн байдлыг түгшүүртэй болоход нөлөөлж байна.
“Ангела Меркелийн дараа Кэмерон эх орондоо мультикультурализмын бодлого нурсныг зарлаж, идэвхгүй, төвийг сахисан, хүлцэнгүй бодлогоо орхиж, “хөдөлгөөнтэй, идэвхтэй либерализм”-д уриаллаа” хэмээн сонин хэвлэлүүд бичиж байна. Их Британий “The Financial Times” сонин “Кэмерон амин чухал асуудлыг хөндлөө. Хүчирхийлэлтэй хослон манай орчинд аюул учруулж байгаа исламын хэт даврах үзлийн эсрэг хэрхэн тэмцэх вэ? Соёлын ялгаа, дасан зохицох тухай эргэцүүлэл үргэлж маргаан, сөргөлдөөн дагуулдаг. Ерөнхий сайд үнэнийг хэлсэн нь зөв. Шашны үндсэрхэг үзэл бол өнөөдөр өрнөдийн ертөнцийг бүхэлд нь шаналгаж буй асуудал юм” гэж онцолжээ.
Их Британид цагаачдын интеграцийн үндэс нь төр засаг энэ ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх. Британичууд гадаадын иргэдийн үндэстний онцлогийг хадгалахыг оролдож ирсэн. Харин Францын загвар эсрэгээр цагаачдыг өөрийн орны үлгэр жишээ иргэд болгохын тулд боловсролын системийн “тээрэм”-ээр тээрэмддэг. Гэвч энэ хоёр бодлого хоёулаа дампуурсныг эдгээр улсад дэгдэж байгаа үндэстэн хоорондын мөргөлдөөн, хүчирхийллүүд баталж байна.
“The Financial Times” сонин “Их Британий “өөрийн бойжуулсан террористууд”-ын дунд их, дээд сургуулийг төгсөгчид, докторын зэрэгтэй хүмүүс бий. Хэрэв бид их, дээд сургууль ба шоронгоос алан хядагчдыг элсүүлэх боломжийг хааж боодог юм аа гэхэд интернэтийг яаж ч хянаж, хязгаарлаж болохгүй. Тэндээс хүмүүс радикаль үзлийг авна” гэж сэрэмжлүүлэв.
Европт ирсэн Африк, Азийн орнуудаас ирсэн анхны цагаачид амар амгалан, хууль баримталдаг байсан. Тэд мөнгө олж, хэвийн ажиллахыг хүсч байлаа. Харин энд төрж, иргэншил авсан тэдний хүүхдүүд, ач нар өөрсдийн үндэсний соёл, шашныг батлуулах гэж оролдон, амархан хэт даврагч бүлэглэлд орж, исламын байгууллагуудын эгнээнд орж байна.
Энэ үеийнхэнд хөөрхий, ядуу цагаачийн бус харин тэмцэлд ялсан, байлдан дагуулагчийн сэтгэлгээ шингэжээ. Энэ бол Европын холбоонд их том асуудал. Цагаачдын бодлого хангалтгүй талаар Европ даяар ярьж байна. Их Британи цагаачдын тоогоо хэдэн зуун мянгаас хэдэн арван мянга хүртэл бууруулахад бэлэн байна. Цагаачдын эсрэг нам, хөдөлгөөнүүд сүүлийн жилд Нидерланд, Шведэд газар авчээ. Бүр АНУ-д Засгийн газартаа дарамт үзүүлж, Мексикийн хууль бус цагаачдын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахуулахаар болж байна.
Гэхдээ энэ бол тэртээ цагт О. Шпенглерийн бичсэнчлэн Европын мөхөл байж ч магадгүй юм. Иймээс одоо өрнөдийн ертөнц өөрийгөө аюулгүй байлгахын тулд цагаачдыг өөр тийш чиглүүлэх бодлого хэрэгжүүлэх байх.