Дипломат охин
1982 оны “Time Magazine” сэтгүүлийн нэгэн дугаарын нүүрэн дээр “АНУ-ыг туйлаас үзэн яддаг энэхүү аюултай хүн цөмийн дайныг өдөөхөд хүргэх үү” гэсэн асуулттай цуг ЗХУ-ын төрийн тэргүүнээр томилогдсон Ю.Андроповын зургийг нийтэлсэн байв. Уг сэтгүүлийг харсан Саманта гэдэг 10 настай америк охины Зөвлөлтийн удирдагчид хандаж захиа бичихээр шийджээ. “Би АНУ ба ЗХУ-ын хооронд цөмийн дайн эхлэх вий гэдгээс үнэхээр айж байна. Та дайны төлөө эсвэл эсрэг үү?” гэж асуулт тавьснаар уг явдал эхэлсэн аж. Захидал илгээснээс хойш хагас жилийн дараа Андроповоос “ЗХУ манай орнуудын хооронд төдийгүй ерөөс газар дэлхий дээр дайн дажингүй байхын тулд бүхнийг хийхийн эрмэлзэж ирсэн. Зөвлөлтийн хүн бүр үүнийг хүсдэг... Хэрэв эцэг эх чинь зөвшөөрвөл чамайг хүрэлцэн ирэхийг урья. Манай орныг мэдэж, далайн эрэг дээрх Артек хэмээх олон улсын хүүхдийн зусланд үеийнхэнтэйгээ танилцаж болно. Тэгээд ЗХУ ард түмний эв найрамдал, энх тайвны төлөө байдгийг өөрийн нүдээр харах болно” гэж хариу ирсэн байна.
Жаахан охины тухай сонирхолтой түүх янз бүрийн цуурхал яриагаар улам баяжсан юм. Жишээ нь, олон хүн Андроповт илгээсэн захидал бол тухай үед хурцаар тавигдаж байсан асуудлыг хүүхдийн нэрээр зохиомжилсон хоёр орны тусгай байгууллагуудын хийсэн “заль мэх” гэж үздэг байлаа.
Ямартай ч Саманта охин 1983 оны 6 сарын 7-нд Моксва хотод ээж аавынхаа хамт хүрэлцэн очсон аж. Саманта ЗХУ-д хоёр 7 хоногийн турш байхдаа ОНМХ, зөвлөлтийн иргэдийн анхаарлыг татаж чадсан юм. Өдөр тутмын “Цаг үе” мэдээллийн хөтөлбөрт оролцон, зөвлөлтөд хэрхэн амралтаа өнгөрөөж буй тухайгаа төдийгүй цаашлаад жинхэнэ америк амьдралыг ч таниулахад бага ч гэсэн нөлөө үзүүлсэн гэдэг.
Саманта Ленинградад айлчилж, биечлэн В.Анпроповтой утсаар ярьж, сансарын нисгэгч В.Терешковатай уулзаж хүртэл амжсан байна. Түүний энэ алхмаас хойш “хүүхдийн дипломат” гэдэг ойлголт анх төрсөн гэдэг.
Тэрээр Оросоос буцахдаа хэлсэн “Амьдарцгаая” гэсэн үг олон хүний сэтгэлд хоногшсон үлдсэн юм. Гэвч...8 сарын 25-нд Англиас ниссэн онгоц зорьсон газраа буусангүй. Тэр онгоцонд аавынхаа хамт сууж явсан охин ээжийгээ дэлхийд үлдээгээд бурханы орон луу үүрд явсан аж. Тэр үед Саманта 13 настай байсан юм.