Хусейн Америкчуудыг зогсоохыг Горбачеваас шаардаж байжээ
1991 оны хоёрдугаар сарын 24-нд АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хүчин давшилтад орох мөчид Саддам Хусейн уур хилэнгээ огт хамаагүй хүн буюу Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачевт илэрхийлж байжээ. Тэрбээр холбоотнуудын хуурай замын ажиллагааг эхлүүлэхгүй байхыг оролдохдоо Гадаад харилцааны сайдаа 11 цагийн хугацаатай шуурхай айлчлалаар Москва руу томилон явуулсан байна. Горбачев Хусейнд хандан Иракийн цэргийг Гурван долоо хоногийн дотор Кувейтээс гаргах санал тавьжээ. Гэвч иракчуудыг тэндээс хүчээр цохин гаргахаар америкчууд нэгэнт шийдсэн байлаа. Хусейн өмнөх орой нь Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын / ЗСБНХУ/ Ерөнхийлөгчид илгээсэн илгээлтдээ "нөхцөл байдал муудаж байна. Манай улс, арми яахаа мэдэхгүй сандралд ороод байна. Бид ЗСБНХУ-ын саналууд, америкчуудын сүрдүүлэг хоёрын алийг нь илүү харгалзан үзэх вэ? гэдэг асуулттай тулгараад байна" гэж онцлон тэмдэглэжээ. Хусейн итгэлтэй туслахуудтайгаа ярилцахдаа нэг их дипломат зан гаргалгүй Горбачевыг америкчуудын зогсоохыг үл хүсэгч «өөдгүй новш" гэж нэрлэн, "тэр биднийг мэхэллээ", "түүнийг биднээс урвана гэдгийг мэдэж байсан юм" хэмээн дургүйцэж байжээ.
Персийн булан дахь хуурай замын ажиллагааны эхний өдөр Хусейны хаалттай байдалд хийсэн ярианы тухай мэдээ, зөвлөгөөнүүдийн явцын тухай дуу хураагчийн 2300 цагийн бичлэг, олон сая хуудас материал бүхий нэн сонирхолтой материал Иракийн архивт хадгалагдаж байна. Энэ "эрдэнэсийн санг" америкчууд 2003 онд Иракт халдан довтолсныхоо дараа олзонд авчээ.
1991 оны нэгдүгээр сарын 17-нд агаараас цохилтоор эхэлсэн "Цөлийн шуурга" ажиллагаанаас хойш хорин жилийн хугацаа өнгөрсөнтэй холбогдуулан гурван тийм бичлэгийг нийтэд дэлгэсэн байна. Үндэсний цэргийн их сургуульд одоо хадгалагдаж байгаа тус архивын фондын багахан хэсгийг нийтэд нээлттэй болгож, судлаачдад ашиглуулах болсон байна.
Персийн булангийн дайны түүх хангалттай судлагдсан боловч тэр үед Иракийн дээд удирдлагын дотор юу болж байсан тухай маш сонирхолтой шинэ дэлгэрэнгүй мэдээлэл бүхий гурван бичлэгийг нийтэд дэлгэжээ.Эдгээр бичлэг Саддам хусейн Горбачевын үйл ажиллагаанд тун дургүйцэж байсныг ч, тэр америкийн цэргийн тактикийг огт ойлгоогүйг ч гэрчилж байгаа юм. Хусейн Иракийн цэрэг амжилт олж байгааг өчүүхэн төдий ч гэсэн гэрчилсэн мэдээ дуулаад алга ташихад бэлэн байсан захирагдагсаддаа хандаж дээ, америкчууд хуурай замын дайн хийж зориглохгүй гэдэгт итгэлтэйгээ байгаагаа илэрхийлж байжээ. Америкчууд Иракийнхаас дөрөв дахин бага хохирол амслаа ч гэсэн Вашингтоны "өвдөг чичирнэ" гэж тэр зоригтойгоор урьдчилан хэлж байв.
Холбоотнуудын нисэх хүчний ажиллагааг хүндрүүлэхээр газрын тосны цооногуудыг түймэрдэх нь дэлхий дахинд дургүйцэл төрүүлэхгүй байх тун үр ашигтай тактик мөн гэж тэр хамтран зүтгэгчдэдээ батлан хэлж байжээ. Саддам болон Иракийн бусад удирдагч хуурай замын давшилт эхэлсэн талаарх хоорондоо зөрчилтэй мэдээллийг хүртэл буруу тайлбарлаж байсан байна.
Горбачев уг хямралыг өөрийн холбоотон Иракийг хамгаалахын сацуу ЗСБНХУ бол олон улсын дипломат үйл ажиллагаанд АНУ-тай эн зэрэгцэхүйц, эрх тэгш түнш гэдгийг харуулан зохицуулахыг эрмэлзэж байсныг дээрх бичлэгүүд гэрчилж байна. Ингэхдээ тэр үүний төлөө Бушийн засгийн газартай тогтоосон харилцаагаа муутгахгүй байхыг хичээж байжээ. Буш Горбачевыг тайвшруулахыг хичээж байсан ч Иракийн цэргийг ямар нэг урьдчилсан болзол тавилгүйгээр Кувейтээс гаргах тухай шаардлага дээрээ хатуу зогсож байлаа. Тэр 1991 оны хоёрдугаар сарын 22-нд Зөвлөлтийн удирдагчтай утсаар ярихдаа, "Та бүхний хувьд энэ бол хөрш бүс, зарим улс орнууд нь танай найз нөхөд. Бид тус бүс нутаг дахь ЗСБНХУ-ын эрх ашгийг харгалзаж байна. Би тэндээс аль болох түргэн цэргээ гаргахыг хүсэж байна. Үүнийг Иран болон бусад улсууд хэрхэн хүлээн авч байгааг би ойлгож байна" гэжээ.
Буш, Горбачев хоёр Иракийн дайн ид өрнөж байхад халуухан ярилцлага байсан хэдий ч тэд ЗСБНХУ, АНУ-ын сайн харилцааг хэвээр хадгалах асуудалд голчлон анхаарч байсан юм. Энэ тухай Техасын хөдөө аж ахуй техникийн их сургуулийн харьяа Бушийн нэрэмжит удирдлага төрийн албаны хүрээлэнгийн профессор Жефри А.Энгел ярьж байна.
1990 оны наймдугаар сарын 2-нд Ирак Кувейтэд халдан орж, тус улсыг эзэлсний дараа тэндээс цэргээ гаргахыг олон улсын хамтын нийгэмлэг хэдэн сарын турш Иракаас шаардсан бөгөөд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зохих тогтоолууд гарсан билээ. Үүний сацуу АНУ, түүний холбоотнууд бүс нутаг руу цэрэг илгээж эхэлсэн байна.
Холбоотнууд нэгдүгээр сард Иракт агаарын цохилт өгч эхэлсний дараачаас хуурай замын давшилт хийх бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байлаа. Давшилт эхлэхэд хэдхэн өдөр үлдээд байхад Горбачев асуудлыг тайван замаар шийдэхэд зуучлах гэсэн оролдлого хийв. Хоёрдугаар сарын 21-нд Иракийн Гадаад харилцааны сайд Тарик Азиз Москвад хүрэлцэн иржээ. Мөн өдөр ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч Багдадын байр суурьт "өөрчлөлт" гарах хандлага ажиглагдах болов уу гэж би үзэж байна гэж Буштай утсаар ярихдаа мэдэгджээ. Энэ ярианы бичлэг Бушийн номын санд хадгалагдаж буй. Горбачев хэлэхдээ, Ирак Персийн булангийн хямралыг зохицуулах явдлыг Ойрх Дорнодын бусад асуудалтай холбож үзэх шаардлагагүй гэдгийг дурдсан байна.
Кувейтээс цэргээ гаргахад бүтэв хагас сарын хугацаа шаардагдана гэж Багдад эхлээд эрс хатуу мэдэгдэж байсан ч Зөвлөлтийн тал уг хугацааг хоёр дахин багасгахыг шургуу шаарджээ. Энэ хувилбар Бушийн байр суурьтай нийцэхгүй хэвээр байв. Тэрбээр Иракийн цэр-гийг үг дуугүй гаргаж, Кувейтэд дайны төлбөр төлөн, хими, биологи,цөмийн зэвсэг бүтээхтэй холбоотой Хусейны хөтөлбөрийг цуцлахыг шаардаж байлаа.
Гэвч Горбачевын дипломат хүчин чармайлт ердөө дараа өдөр нь гэхэд бүтэлгүйтсэн юм. Хоёрдугаар сарын 22-нд Буш Зөвлөлтийн удирдагчтай ярилцахдаа Хусейний тушаалаар Кувейтын газрын тосны цооногуудыг түймэрдсэн явдлыг "хуйхалсан газрын тактик" гэж нэрлээд хуурай замын цэргийн ажиллагааг нэн даруй эхлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр Иракт Кувейтээс цэргээ долоо хоногоос илүүгүй хугацаанд гаргахыг Багдадад тулган шаардсан байна. Шаардлагын хугацаа дуусахаас хэдхэн минутын өмнө Буш Горбачев хоёр дахин утсаар ярилцсан ажээ. НҮБ-ын механизмыг ашиглан, ЗСБНХУ, АНУ хоёр хамтарсан үйл ажиллагаа явуулах нь бусад хямралыг шийдвэрлэх загвар болж болох юм гэж ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэжээ. "Жоржоо, тайван байцгаая. Саддам хугацаа сунжруулах нь мэдээж, гэхдээ бид ч тэнэг амьтан биш шүү дээ" гэж тэр нэмж хэлсэн байна. Гэвч Бушийн тэвчээр барагджээ. Тэрбээр "Хэрэв иракчууд цэрэг гаргах тухай шаардлагыг биелүүлэх бодолтой байгаа бол тэд одоо хэдхэн минутын дотор үйл ажиллагаа явуулж эхлэх нь чухал байна"' Дараачийн өглөө нь Багдад Хусейн Москвагаас ирсэн Гадаад харилцааныхаа сайдынхаа илтгэлийг сэтгэл догдлон хүлээж байжээ. "Нөхөр Тарик хэзээ ирэх вэ?" гэж тэр яарч бачимдан асуусан байна. Азиз Багдад хараахан ирээгүй байна гэсэн хариу сонсоод Хусейн ууртайгаар "Хараахан ирээгүй байна гэсэн чинь юу гэсэн үг вэ?" гээд "Тарик Азиз Багдад буцаж ирж байна" гэсэн сонины гарчгийг чанга дуугаар уншжээ.
Саддам сайдыг хүлээх зуураа захирагсдадаа хандаж, урьд орой Горбачевт илгээсэн захидлыг нь уншихыг тушаасан байна. Захидалдаа Иракийн удирдагч хуурай замын байлдааны ажиллагаагаа эхлүүлэхэд нь Бушт саад болохын тулд ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч яагаад үүнээс илүү зүйл хийхгүй байна вэ? гэсэн асуулт тавьжээ.
"Бид танд итгэж байсан юм" гэж тэр захидалдаа онцлон тэмдэглэсэн байна. Маш хардамтгай Хусейн гайхаж ч дургүйцэж ч байсан бололтой.
Иракийн нийтэд дэлгэсэн баримт бичгүүд хадгалагдаж байгаа эрдэм шинжилгээний төвийн орлогч захирал Дэвид Палкки хэлэхдээ "Бас л Иракийн ар хударгаар суулаа. Энэ удаа Москва үнэнч биш зуучлалаараа тэглээ" гэж Саддам үзэж байжээ гэж тайлбарласан байна.
Горбачевын ирүүлсэн хариу огт найдвар төрүүлсэнгүй. Тэр бичихдээ,"Буш Зөвлөлтийн саналыг зөвшөөрсөнгүй. Тиймээс Хусейн өөрийнх эсрэг хуурай замын ажиллагаанаас зайлсхийхийг хүсэж байгаа бол Ирак улс Кувейтээс 9-10 хоногийн дотор цэргээ гаргана хэмээн нэн даруй мэдэгдэл гаргавал зохино. Энэ нь Вашингтоны тулган шаардсан эцсийн хугацаа болох долоо хоногтой ямар нэг байдлаар нийцнэ" гэжээ.
Тэр зуур Азиз Хусейны албан тасалгаанд орж ирэхэд тэрбээр сайдаасаа "Чи яаж байна, бас Буш шиг гэнэтийн бэлэг барих дуртай юм уу?" гэж инээн асуусан байна. Азиз Америкийн сөнөөгч нисэх онгоцнуудтай дайралдахаас зайлсхийж, Иорданд буун тэндээсээ Багдадад машинаар ирлээ гэж тайлбарлажээ. Тэр хоёрын аль аль нь хөршүүдээсээ тусламж авна гэдэгт онц найдахгүй байв. Туслахуудаас нэг нь Иракийн байр суурийн тухай асуусан байна. "Энэ иранчуудаас үнэндээ залхаж гүйцлээ" гэж Азиз хариулжээ. Ирак Ирантай 8 жилийн турш байлдаж, уг дайн 1988 онд дууссан билээ.
Хусейн болон Иракийн армийн командлал тагнуулын үнэн зөв мэдээлэлгүй байсан учраас эсрэг талынхаа төлөвлөгөөг тааж чадаагүй байна.
Америкчууд тэнгис талаас дайрах байх гэж тэд үзэж байсан боловч үнэндээ тэнгисээс десант буулгахаар бэлдэж байсан нь анхаарал сарниулсан ов мэх байжээ. Америкчууд хэд хэдэн хэсэгт тандах байлдаан хийснийг Хусейн эхлээд том хэмжээний давшилт гэж үзээд иракчууд тэдгээр дайралтыг няцааж чадлаа гэж бодсон байна. Энэ нь эхний цохилт байсан бол тэдний давшилт бүтэлгүй боллоо гэж тэр тайлбарлаж байсан байна. Гэвч байдал ноцтой болсон нь цаг тутам улам тодорхой болж байжээ. Өөрийн болзлын дагуу хэл амаа ололцох гэсэн хүчин чармайлт нь бүтэлгүй болсонд цөхөрсөн Иракийн удирдагчид хуурай замын ажиллагааны үеэр хүлээх хохирол нь Бушийг шаардлагаа зөөлрүүлэхэд хүргэнэ гэж тооцох болов. "Америкчуудыг аль болох олноор нь устгах бололцоог бидэнд олгооч" гэж Атшах бурханд залбирцгаая, ингэвэл бид хэрэгтэй үр дүндээ хүрэх бололцоотой болно" гэж Ази хэлж байжээ.
Харин Саддам "Кербеллад ороод ирцгээг. Энэ хот тэдний хувьд оршуулгын газар болно" гэж тун итгэлтэй айлдаж байсан байна.