Берлины хана нурах үеэр Тэтчер, Горбачев хоёр юу бодож байв
2010.11.17

Берлины хана нурах үеэр Тэтчер, Горбачев хоёр юу бодож байв

Берлиний хана нурсан түүхэн үйл явдлаас хойш 21 жил өнгөрчээ. 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Берлиний зүүн хэсгээс баруун хэсэг рүү иргэд чөлөөтэй нэвтрэх гарц нээгдсэн билээ. Тийнхүү Берлиний ханыг нурааж эхэлсэн. Энэ ойтой холбогдуулан Британийн “Тайм” сонины сурвалжлагчийн бичсэн эрэгцүүллийг уншигчдадаа толилуулж байна.

Хэрэв бид бодитой далд шалтгааныг нь угаасаа мэдэж байсан бол түүхэн үйл явдлууд заримдаа тийм ч “гоё” байдаггүй. Тухайлбал, Берлиний хана нурсан нь коммунизм сүйрсэний, “хүйтэн дайн” дууссаны, Герман төдийгүй нийт Европ дахин нэгдэхийн нэг бэлгэдэл болсон юм. Европ 40 жилийн турш Зөвлөлтийн жад мэсэн дор хуваагдмал байдалтай байсан билээ. Гол төлөв бид энэ үйл явдлыг зохион байгуулсан, төлөвлөсөн, төрийн түшээд, генерал, дипломатуудын хяналтын дор болсон үйл явц гэж төсөөлдөг. Тэгвэл үнэн хэрэгтээ энэ бол үйл явдлыг өөрсдөө аяндаа тусган хүлээн авч хариу үйлдэл хийсэн явдал байсан бөгөөд түүнийг өрнөдийн орнуудын Засгийн газрууд ч, Кремль ч, ер нь хэн ч урьдчилан тааварлаж, үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө боловсруулж чадаагүй билээ.

Тэр өдрүүдэд миний бие Баруун Берлинд байсан юм. Нөхцөл байдал цуурхал, хамгийн санаанд багтамгүй хүлээлтээр дүүрч бүрэн “цэнэглэгдсэн” байсныг санаж байна. Зүүн Берлиний баяр бахдалаар дүүрэн оршин суугчид хилийн зурвасыг даван хэрхэн гүйлдэн ирж байсныг санаж байна. Берлиний хэдэн зуун оршин суугч хэрмийн орой дээр гарчихсан хэрхэн бүжиглэж байгааг харан Бранденбургийн хаалганы дэргэд дороо эв хавгүй хавчин байсан Штазийн хилчдийн мэл гайхсан царайг би харж байлаа. Энэ бүхнийг БНАГУ-д, зөвхөн тэнд ч биш бас дорно зүгт олон зуун бээрийн цаана хүйтэн салхи сийгсэн Кремльд хэрхэн хүлээн авч байгаа бол гэсэн асуулт намайг орхихгүй байлаа.


Энэ асуултын хариу одоо бидэнд байна. Кремлийнхэн юу хийхээ ердөө л мэдэхгүй байжээ. Үйл явдал Москвагийн хяналтаас аль эрт гарсан байжээ. Учир нь юуны өмнө Михаил Горбачев ханын үйл явцад хутгалдан оролцохыг хүсээгүй байна. Хана нурахаас зургаан өдрийн өмнө Улс төрийн Товчоо юу болж байгааг ойлгохыг үхэн хатан оролджээ. Нөхцөл байдал цаг тутам өөрчлөгдөж байлаа. Хагас сая жагсагч Берлиний гудамжинд гарахаар бэлтгэж байна гэж Улсыг аюулаас хамгаалах хорооны дарга мэдээлжээ. Германы Нэгдмэл Социалист Намын /ГНСН/ шинэ тэргүүн Эгон Кренц засгийн эрхийг алдахгүй байж чадах болов уу хэмээн Горбачев бодлогоширсон байна. Хэрэв БНАГУ нурвал үүнийг Зөвлөлтийн иргэдэд юу гэж тайлбарлах вэ? Хэрэв нурахгүй бол тус улс Боннын тусламжгүйгээр оршин тогтнох явдлыг Москва яаж хангаж чадах вэ?

Гадаад явдлын яамны тэргүүн шинэчлэгч Эдуард Шевардназе ер нь өөрсдөө ханыг нураацгаая гэсэн гоц сайхан санаа санал болгосон байна. Харин Улсыг аюулаас хамгаалах хорооны дарга татгалзах шалтаг шууд олж, хэрэв Москва тийм санаачилга гаргавал БНАГУ-ын удирдлагад бэрхшээл үүснэ, ханыг тэд байгуулсан шүү дээ гэжээ. Бас нэг асуудал байна гэж Горбачев тэмдэглээд хана байхгүй болбол ХБНГУ БНАГУ-ыг ердөө л бүхэлд нь худалдаад авчихна гэжээ. Тэр өөр бусад саадыг ч дурдсан байна. Герман дахин нэгдэхийг Өрнөдийн бусад орны удирдагчид эсэргүүцэж байгаа. Тэд үүнийгээ ил хэлдэггүй, яагаад гэвэл нэгдэх нь НАТО-гийн тунхаглалын төдий зорилго юм, тийм ч учраас ингэхэд Кремль “хориг” тавьсан мэт болгохыг өрнөдийн улс төрчид оролдож байгаа юм гэж Горбачев нөхдөдөө ярьжээ.

Түүнд ингэж ярих бүх үндэслэл байжээ. Үүнээс хоёр сарын өмнө Маргарет Тэтчер Москвад иржээ. Герман дахин нэгдэх үйл явцыг зогсоох нь түүний айлчлалын гол зорилго байв.Тэтчер Горбачевт итгэдэг байв, тэр бүхнийг нууцалж чадна гэж найдаж байлаа. Тэтчер магнитафоныг салгаж, ярианы энэ хэсэгт татлан бичлэг хийхгүй байхыг хүсчээ. Үүний дараа Тэтчер уг асуудалд шилжин “Герман дахин нэгдэх нь Британийн болон Баруун Европын эрх ашигт нийцэхгүй”. НАТО-гийн албан мэдээнүүдэд юу гэж өгүүлсэн байлаа ч гэсэн “Германы нэгдэхийг бид хүсэхгүй”. Нэгдэх нь дайны дараах Европын хил хязгаарыг өөрчлөхөд хүргэнэ, “бид ийм явдал гаргуулж болохгүй, учир нь хэрэг явдал тийнхүү өрнөвөл олон улсын байдлыг бүхэлд нь тогтворгүй болгож, манай аюулгүй байдлыг аюулд учруулж болно” гэжээ.

Тэтчерийн аз дутаж, ярианы бичлэг хийж байсан хүмүүс түүний үгийг тогтоож авснаараа сэргээн дэлгэжээ. Тэд ийнхүү түүхэнд тус болсон байна. 1989 оны хэрэг явдлыг өрнийнхөн дорнынхонтой бараг адилхан эмзэглэн хүлээн авч байсан нь одоо бидэнд тодорхой боллоо.

Тэтчэр, Франсуа Миттеран хоёр оросууд юу бодож байгаа бол? хэмээн тааж ядан сууцгааж байжээ. Болж байгаа хэрэг явдал Парист онцгой айдас төрүүлж байв. Германыг нэгтгэхээс сэрэмжлэхийн тулд Москва яагаад юу ч хийхгүй байна вэ? Тийнхүү нэгдвэл ёстой аймшгийн юм болно гэж Миттеран болон Францын эрх баригч дээдэст Горбачевын хүмүүс мэдээлж байсансан. Хэрэв үнэхээр нэгдчихвэл Ангараг гарагт нүүж очно гэж хүртэл Жак Аттали хэлж байлаа.

Гэвч энэ удаа үүнийг уламжлал ёсоор ”оросын уурласан баавгай адил хүлээн авахгүй” гэж Горбачев хатуу шийджээ. Тэр зөвлөлтийн эвслийн орнуудын уламжлалаа дагагч “мангасуудыг” зэвсгийн хүчээр дэмжихгүй. БНАГУ-ын дангаар захирагч Эрих Хоненекерийг Горбачев угаасаа “тэнэг эр” гэж үздэг байв. Түүнээс гадна тэр эсэргүүцэгчид дарангуйлагч хөгшчүүдийг түлхэн унагаах явдалд Орос улс саад болохгүй, тэгэснээрээ Дорнод Европын ард түмний талархлыг хүлээх болно гэж гэнэхэн бодож байжээ.

Тийм гэнэн зан гаргасны шалтгааныг ойлгоход хэцүү биш. Кремлийн маш чухал баримт бичгүүдийн заримыг анх түрүүн үзсэн Зөвлөлтийн тэрс үзэлтэн Владимир Буковский үнэн чанартаа Зөвлөлтийн удирдлага олон түмний жинхэнэ бодол санааг мэдэж байгаагүй юм тэмдэглэжээ. Коммунист орнуудад чөлөөт хэвлэл байгаагүй, Улсыг аюулаас хамгаалах хороо Кремлийн дуулахыг хүсч байгаа гэж үзсэн тэр зүйлээ л “дээш нь” илтгэдэг байлаа.

Тэгээд хэрэг явдал санаанд оромгүй байдлаар эргэхэд үүнд Москва Европын бусад нийслэлийн нэг адил цочирдон балмагдаж, өөртөө итгэлгүй болсон билээ. Үйл явдлын явц өөрөө хүмүүсийн гудамжинд түлхэн гаргаж байв. Тэгвэл коммунист намуудад үйл ажиллагаа явуулах урьдаас бэлтгэсэн төлөвлөгөө, үүнд нөлөөлөх нэр хүндийн аль аль нь байсангүй.


Чухам ийм байдал Тэтчерийг бүхнээс илүү түгшүүлж байв. Тэр эрх чөлөөг бүх сэтгэлээрээ дэмждэг байсан л даа, гэхдээ хэв журам, урдаас таамаглах байдал, Британийн тэргүүлэх үүргийн нэгийг гүйцэтгэж байсан НАТО мэтийн инстицүүдийг өндөр үнэлдэг байсан юм. Ялтад Орос болон түүний Өрнөдийн холбоотнууд Европыг нөлөөний хүрээндээ хуваасан билээ. Энэ хэлцэл Өрнөдөд 40 жилийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангаж өгсөн юм.
Харин Ялтын тохиролцоо Дорнодод хөгжил цэцэглэлт авчраагүй. Түүнээс гадна Горбачев өөрчлөлт хийхээр хатуу шийдсэн байлаа. Москва өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн холбоотнуудыг цаашид дэмжиж байж чадахгүйг тэр ойлгож байв. БНАГУ-ын удирдлагын догматизм, Румыны Чаушескугийн дэглэмийн харгис чанар, Тодор Живковын үед Болгарт ноёрхож байсан авлига түүний уурыг хүргэж байв. Улс төрийн Товчооны баримт бичгүүдэд Горбачев маш энэрэнгүй хүний хувиар тусгагдсан байдаг. Тэр Сталины Орост өссөн, гэхдээ өөрийнхөө хашаан доторх сталинизмын үлдэгдлийг эцэс болгох шийдвэр төгс байжээ.

Горбачевыг гадаадад их урам зоригтой хүлээн авдаг болсон нь өөрт нь болон хамтран зүтгэгчдэд нь аятайхан байв. БНАГУ-ын дөчин жилийн ойн баяраар Зүүн Берлинд цугларсан асар олон хүн “Горби, Горби!” хэмээн дуу нийлүүлэн хашгирч байсныг мэдээд Кремль мэл гайхсан байж таарна. Москва нэг сумаар хоёр туулай буудаж, тухайн үеийн байгууллыг либералчилсны учир дорнод европынхны, ардчилал, хүний эрхийг баталгаажуулах талаар хүчин чармайлт тавьсныхаа төлөө Өрнөдийн талархлыг хүлээхээр төлөвлөж байсан бололтой. Үнэндээ бол Дорнод, Өрнөд Европын удирдагчид Москвад үл итгэн, сэжигтэйгээр хандаж байлаа.

Берлиний ханыг нурсны дараа бүх юм өөрчлөгдөв. Хэрэг явдлын өрнөлт Горбачевт болгоомжлол төрүүлж эхэлжээ. Өрнөдөд, ялангуяа Боннд өөрийнх нь үзсэнээр “ялан дийлэх” сэтгэл ноёрхох болсонд тэр хагартлаа уурлажээ. Горбачев Америк Варшавын гэрээний орнуудад “өрнөдийн үнэт зүйлсийг” тулган хүлээлгэхийг оролдож байна гэж гомдоллож байв. Тэр Германы Канцлер Хелмут Колийг нэгдэх үйл явцыг шавдуулж байна хэмээн зэмлэж байв. Энэ бүхэн Горбачевын хувьд, Тэтчерийн хувьд ч ялгаагүй дэндүү түргэн болж байв. Гэхдээ түүхийн хууль тийм байдаг, үйл явдал өөрийн гэсэн эргэлтэд орвол тэрхүү цасан нурангийг хэн ч зогсоож дийлэхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.