Өвөлжилтийн бэлтгэл хангахад дэмжлэг хүслээ
2020.09.01

Өвөлжилтийн бэлтгэл хангахад дэмжлэг хүслээ

Өвөрхангай аймагт энэ жил зуншлага тааруугаас нийт нутгийн 50 хувь гантай, 45 хувь нь гандуу байна. Цаг хүндрэх эрсдэлтэй тул олон зуун малчин өрх өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжихөөс аргагүйд хүрч байгаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн судалгаагаар 1.5 сая толгой мал бүхий 1000 гаруй малчин өрх гадны аймгийн нутагт өвөлжих саналаа урьдчилсан байдлаар өгөөд байгаа юм.

Тиймээс Өвөрхангай аймгаас сонгогдсон Д.Тогтохсүрэн, Г.Ганболд гишүүдийнхээ хамт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан нартай уулзаж өвөлжилтийн бэлтгэл хангахад дэмжлэг хүслээ.

Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж Өвөрхангайн малчдад өвлийг хохирол багатай даван туулахад туслах тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүсэлтийг албан бичгээр илгээсэн.

Уг албан бичгээр гадны аймагт отроор өвөлжих малчдад бэлчээр нутаг гаргаж өгөх, тэднийг хөөж туух, элдэв татвар хураамжаар дарамтлахгүй байх тал дээр аймаг, сумдын удирдлагуудад чиглэл өгөх.

  • Хэнтий, Булган зэрэг аймгаас хадлан бэлтгэх боломж олгож, Өвөрхангай аймагт хадлан, тэжээл бэлтгэх, худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг шийдэх,
  • Тус аймгийн Хархорин, Сант, Арвайхээр, Нарийнтээл сум дахь Улсын нөөцийн салбаруудад өвс тэжээл татаж нөөц бүрдүүлэх арга хэмжээг яаралтай авах,
  • Махны экспортыг нэмэгдүүлж, Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчит махны үйлдвэрийг экспортын зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй хамтран мах гадагш гаргах боломж олгох,
  • дотоодын хэрэгцээний махыг Өвөрхангайгаас бэлтгэх зэрэг тодорхой саналуудыг тавилаа.