Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6500 гаруй стандарт мөрдөгдөж байна
2020.09.08

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6500 гаруй стандарт мөрдөгдөж байна

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Стандарт, Хэмжил Зүйн газар, Үндэсний Итгэмжлэлийн төвийн ажилтан албан хаагчидтай уулзалт хийж, үйл ажиллагаатай танилцлаа.

Ардын хувьсгалтай эн чацуу Стандарт, Хэмжил Зүйн байгууллага нь 1923 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй газар.

Шадар сайд хэлэхдээ: Чанарын дэд бүтцийн 5 гол тулгуурын нэг хэмжил зүйн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, эталон тоног төхөөрөмжийг шинээр авах ажлыг ч Засгийн газар орхигдуулаагүй явж ирсэн. Ирэх жилүүдэд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хийн тоолуур шалгах эталон лабораторийг шинээр бий болгох ажлыг шат дараатай төлөвлөн гүйцэтгэхийн тулд шаардлагатай санхүүжилтийг үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаж ажиллаж байна.

Асуудлыг эрхлэж байгаа Шадар сайдын хувьд Эталон тоног төхөөрөмжийг шинэчлэх, төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр гаргах санал санаачлагыг дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Үнэт металлын сорьцын хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар нь Үнэт металлын сорьц тогтоох лаборатори, эрдэнийн чулууны лаборатори, алт хайлах хэсэг, хяналт шалгалтын улсын байцаагчид гэсэн үндсэн 4 бүтэцтэй, нийтдээ 18 орон тоотойгоор Монгол улсын нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу олборлох, тэдгээрээр үйлдвэрлэл явуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.

Үнэт металлын сорьцын хяналтын газар нь жилд дунджаар 15-16 тонн алт хайлах, 140000-150000 удаа сорьц тавьдаг бөгөөд мөнгөн эдлэлийн 925, алтны 585 сорьц хамгийн өргөн хэрэглэгддэг байна. Цаашид Үнэт металл сорьцын хяналтын чиглэлээр Монгол Улсын засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол улсын сорьцын хяналтын дүрэм”, “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ыг шинэчлэн батлуулах зорилтыг тавин ажиллаж байна.