Өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон улсын байгууллагуудаас өнөөгийн Монгол Улсын төсвийн талаар маш олон удаагийн зөвлөмж өгч байсан. Хамгийн сүүлд л гэхэд Дэлхийн банк 2019 онд Монгол Улсын төсвийн зарлагын тойм судалгаа хийсэн. Мөн 2015 онд Засгийн газрын санхүүгийн менежментийн үр дүнгийн тайлан гаргасан. 2018 онд Монгол Улсын төсвийн бодлого ямар байгаа болон хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалгааны тайлан гарсан. Монгол Улсын хамгийн их анхаарах ёстой зүйл бол Монгол Улсын болон Засгийн газрын өрийн тогтвортой байдлын асуудал юм. Үүн дээр Дэлхийн банк, Олон Улсын Валютын сан олон улсын өрийн тогтвортой байдлын талаар тодорхой давтамжтай судалгаа хийдэг. Эдгээр судалгаа дотор бидний анхаарах ёстой олон асуудал байгаа. Зөвхөн төсөв ч бус төсвийн зарлагын нэг хэсэг болж байгаа тэтгэврийн шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүд, судлаачид их ярьж байна. Энэ талаар ч Дэлхийн банк болон Олон Улсын хөдөлбөрийн байгууллага зэрэг байгууллагууд олон судалгааны тайлан гаргасан байгаа. Эндээс харахад Монгол Улсын төсвийн талаар 10 гаруй жил ярьж байгаа. Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын хийсэн судалгааны тайлан бүр дээр манай улсын төсвийн асуудлыг дурьдсан байгаа юм.
Бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс даган мөрдөж байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөд улсын төсөвтэй холбоотой шинэ заалт орсон. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд: “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа орлого, төсвийн бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн зарлага болон алдагдлыг нэмэгдүүлж болохгүй.” гэж заасан. Энэ бол төсвийн тогтвортой байдлыг хангая гэсэн гол санаа юм.
2002 оноос өмнө Монгол Улсын төсвийн тухай хууль өөр байсан. Бүтцийн хувьд эрс ялгаатай орлого, зарлагын тоог баталдаг хэлбэртэй байсан. 2004 оны төсвийн тухай хуулийг боловсруулахдаа одоогийн баталж байгаа Монгол Улсын төсвийн тухай хуулийн хэлбэрт оруулсан. Ингэхдээ төсвийн тухай хууль нь ийм ийм хуулиас бүрдэнэ гэж оруулсан учраас зөвхөн нэг төсвийн тухай хууль биш хэд хэдэн багц хуулийн зохицуулалт юм. УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тодотгол гэх мэт. Нэг асуудлыг авч хэлэлцэхдээ хуулиудыг багцаар нь авч үзэх шаардлагатай юм. Энэ зохицуулалт бий болсноор төсвийн тухай хууль болон төсвийн тодотгол дээр төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилд зарцуулах дээд хязгаарыг УИХ-аас баталж байгаа гэсэн үг. Энэ дээд хязгаараас илүү гаргаж болохгүй гэдгийг Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудаар заагаад хязгаарлаж өгсөн.
Яагаад 2020 оны төсвийн тухай ярих болов гэхээр төсвийн зарлага, зарлагын хэт хөөсрөлтийн асуудал үүссэн. 2020 оны төсвийг батлах үед судлаачид, хэвлэл мэдээллийнхэн төсвийн орлого хэт хөөсрөлттэй өндөр байна гэж хэлж байсан. Энэ төсөвт уул уурхайн салбарын орлогыг хэт өндрөөр төсөөлсөн. Нүүрсний экспортыг 42 сая тоннд хүрнэ гээд уул уурхайн салбараас орж ирэх орлогоо 3,2 их наядаар төсөөлсөн юм. Бид цаасан дээрх тооцооллоо ингэж гаргаж болох ч бодит байдал дээр бид нүүрсээ Шивээхүрэн, Гашуунсухайт гэсэн 2 л боомтоор гаргаж байна. Энэ боомтуудаар гарч байгаа нүүрс тээвэрлэсэн машины тоог харахад төсөвт төсөөлсөн шиг 42 сая тоннд хүрэхгүй. Үүнийг тухайн үед хэлж байхад “болно. Бүх эрсдэлээ тооцоод төсвөө баталж байгаа” л гээд байсан. Өнгөрсөн 2019 оны төсвийн орлого, зарлагаас тус бүр 2 их наядаар нэмэгдүүлсэн төсвийг 2020 онд баталсан.
Эдийн засагчид, судлаачид 2020 оны төсвийн тухай хуульд тодотгол хийх шаардлагатай тухай олон тайлбар хийсэн. Сангийн сайд төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж хэлсээр байсан. Ингээд сонгуулийн дараа 8 дугаар сарын 5-ны өдөр Төсвийн тодотголоо Засгийн газраар оруулаад хэлэлцэж эхэлсэн. Тодотгол яасан ч хийхгүй гэж байсан бол 3 сарын дараа тодотгол хийлээ. 8 сарын 14-ний өдөр Засгийн газраас 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Аливаа хуулийг өргөн барихад ХЗДХЯ болон Сангийн яам Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн гэж үзсэн. Өнгөрсөн жил төсвийн алдагдлын дээд хязгаар нь 5,4% байсан нь сая баталсан тодотгол дээр 9,9% болж орж ирсэн. Тиймээс Төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчилсөн. Ингээд өргөн барьсан төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн. Гэтэл 8 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газраас дээр хэлсэн Төсвийн тухай хуулийн шаардлагыг өөрчилье гэсэн төслийг төсвийн тодотгол хэлэлцүүлэг эхэлсэн байхад өргөн барьсан. Угтаа бол хуульд нийцсэн гэж үзэн төсвийн тухай хуулиа өөрчлөх гээд УИХ-аар хэлэлцэж байхад хуулийн зөрчил үүссэн тул түүнийгээ өөрчилье гээд дахин төсөл өргөн барьсан гэсэн үг.
УИХ-ын хуулийн хэлтэс, тамгын газар тухай хуулийн төсөл хуульд нийцэж байгаа эсэхийг нягталж хүлээн авах ёстой. Гэтэл хууль зөрчсөн хуулийн хэлэлцүүлэг эхэлчихсэн хэрнээ араас нь зөрчөөд байгаа тэр заалт болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйл “...төсвийн алдагдлын дээд хязгаарыг 5,1%-иас хэтрүүлэхгүй.” Гэсэн заалтыг хүчингүй болгож “Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай” хуулийг баталсан. Бид энэ заалтыг анх уг хуульд яагаад оруулсан бэ гэхээр дээр хэлсэн олон улсын байгууллагууд уул уурхайн түүхий эдийн үнээс хэт хамааралтай эдийн засаг савлаад байгаа болохоор төсвийн алдагдлаа жил ирэх тусам бууруулж, зарлагын менежмент хийх зөвлөмжийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулж өгсөн юм. Гэтэл төсвийн тодотголоо батлахдаа хамт хэлэлцээд хүчингүй болгочихлоо.
Манай эдийн засаг зөвхөн Ковид-19-тэй нүүр тулж байгаа юм биш. 2007-2008 оны түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх огцом өсөлтөөс хамаараад огт өөр цикль рүү орж ирж, сүүлийн 13 жил бид түүхий эдийн үнээс хамааралтай төсвийг баталж ирсэн. 13 жилийн төсөв, мөн 5-6 удаа тодотгол хийж байсан гэхээр 20 орчим удаа түүхий эдийн үнийн нөхцөлд төсвөө боловсруулсан байна. Энэ бол туршлага суух хугацаа. Энэ хугацаанд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ маш их савласан. Энэ бол манай эдийн засгийг тодорхойлж байгаа гол хүчин зүйл. Манай экспортын 20 гаруй хувийг зэсийн баяжмал, 20-24%-ийг нүүрс эзэлдэг. Нийт 7 тэрбум ам.долларын экспортын 4 тэрбум долларыг зэс, нүүрсний экспорт эзэлж байна. Нүүрсний үнийн хувьд 50-150 ам.долларын хооронд хэлбэлздэг. Ийм савлагаатай түүхий эд дээр тулгуурласан учраас Монгол Улсын эдийн засаг тогтвортой байх ямар ч үндэс байхгүй. Олон улсын байгууллагуудын бүх тайланд үүнийг хэлдэг. Тиймээс Монгол Улс түүхий эдийн үнээс хамааралтай Голланд өвчинд нэрвэгдэх гэж байна шүү. Тиймээс төсвийн тогтвортой байдлыг бий болгох, төсвийн удирлага болон зарлагын шинэ менежмент хэрэгтэй гэж зөвлөж байсан. Үүнээс авч үлдсэн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Тогтворжуулалтын сан юм. Сүүлийн хэдэн жил үүнийгээ авч үлдэх гэж арай гэж хичээж байтал тал талаас нь өм цөм хуулиасаа авч хүчингүй болгож, өөрчилсөөр байтал энэ механизм байхгүй болж байна.
Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн орлогоо 11,7 их наяд төгрөг, зарлага 13,8 их наяд төгрөг байхаар баталсан. Энэ тооцоолол мөн л түүхий эдийн үнээс хамааралтай. Зарлага нь орлогоо дагасан хэт өсөлттэй. Түүхий эдийн үнэ буурсан үед төсвийн адагдал дагаад өсдөг. Манай бүх амьдрал үүнтэй холбоотой болж байгаа юм. Төсвийн орлогоо өмнө нь огцом өсөж байсан үетэйгээ харьцуулж үзвэл 2010 онд төсвийн орлого 3,1 их наяд байсан бол 2014 онд 6,3 их наяд болж өссөн. Зарлага талдаа 3,1 их наядын зарлагатай байсан бол 2014 онд 7,1 их наяд болж 2,3 дахин өссөн байна. Хамгийн харамсалтай нь жигд өсөлттэй цааш явахгүй түүхий эдийн үнийг дагаж ойж буугаад хэлбэлзэх байдал их байгаа юм. Түүхий эдийн үнийн огцом өсөлт Монгол Улсын эдийн засагт тус болохгүй байна. Огцом нэг үерлээд л алга болдог. Эдийн засгийг хөөсрүүлж, бужигнуулдаг.
Цаашид яах вэ гэхээр зэс, нүүрсний үнийн тодорхой үнийн түвшинг аваад түүнээс доош орж байгааг төсвийн орлого гэж үзээд дээш гарч байгаа төсвийн тогтворжуулалтын санд хийдэг. Харамсалтай нь энэ санг сайн бүрдүүлж чадаагүй. Түүхий эдийн жишиг үнэ болон төсвийг хийж байгаа газар нь нэг учраас жишиг үнийг яаж ч өөрчилж болж байна. Энэ механизм Засгийн газраас хараат байгаа тохиолдолд Төсвийн тогтворжуулалтын сан баяжихгүй нь харагдаж байгаа юм. Мөн одоо энэ сангаасаа авч ашиглана гэж байна. Тэгэхээр жишээлж үзвэл зэсийн үнэ өндөр байгаа 1-2 жилийн хугацаанд жишиг үнээс доогуур байгаа хэсгийг дотоодын эдийн засагт ашиглаж, илүү гарсан хэсгийг Засгийн газраас хараат бус байдлаар хуримтлуулах нь зүйтэй.
Ц.Соёлмаа