Монголчууд анх удаа бие даан төмөр замын бүтээн байгуулалтын том төслийг хэрэгжүүлж байна
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд орон нутагт ажиллаж, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцан ажиллаж байна.
Байнгын хорооны гишүүд Өмнөговь аймагт ажиллаж, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх бөгөөд хоёр өртөө, 6 зөрлөгтэй баригдана.
Уг төмөр зам нь 1 дүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй гэдгээрээ онцлогтой юм. Уулзваргүй замын гагнуур нь Монголд өмнө нь хийгдэж байгаагүй. Нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдаж байгааг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлж байлаа.
Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгч "Бодь интернэшнл" ХХК ажиллаж байна. Одоогоор тус чиглэлийн төмөр замын төсөлд 321 инженер техникийн ажилтан, 1037 ажилтан, 500 гаруй машин техниктэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Төслийн хүрээнд 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, эвдрэл гэмтлийн ажил 100 хувь зассан аж. Дугуй хоолойн ажил, дөрвөлжин хоолойн ажил болон мал амьтны гарцын ажил бүрэн дууссан байна. Харин гүүрийн ажил 45 хувь, нийтдээ доод бүтцийн ажил 97.8 хувьтай бол дээд бүтцийн ажил 40 хувь буюу 85 км төмөр замын үеийг угсраад байгаа юм. Барилгын ажлыг 2022 оны 07 дугаар сарын 01 гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг мөн хэлсэн юм.
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд “Монголчууд анх удаа бие даан төмөр замаа барьж байна. Коронавируст халдварын цар тахлын халдвар манай улсад төдийгүй дэлхий дахинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа ч бидэнд өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглах таатай нөхцөл бий болгож байна.