МҮЭХ-ны Залуучуудын хороо, Friedrich-Ebert-Stiftung Mongolia-тай хамтран манлайллын хөтөлбөрийг анх удаагаа хэрэгжүүллээ
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар МҮЭХ-ны Залуучуудын хороо, "Friedrich-Ebert-Stiftung Mongolia" байгууллагатай хамтран хийж байгаа ҮЭ-ийн залуу сонгуультнуудын манлайллын хөтөлбөрт оролцлоо.
Уг хөтөлбөрт нээлттэй сонгон шалгаруулалтын хүрээнд сайн дурын үндсэн дээр хүсэлтээ ирүүлсэн 35 хүртэлх насны 87 идэвхтэн сонгуультнаас 25 шилдэг залууг сонгон 5 хоногийн вакуумжуулсан сургалтад хамруулжээ. Сургалтын дараагаар багт хуваагдаж Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төсөл боловсруулах Хакатон уралдааныг зохион байгуулсан юм.
Вакуумжуулсан сургалтын үеэр залуус Хүний эрх, Хөдөлмөрлөх эрх, ХАБЭА, Нийгмийн Хамгаалал, Зохистой Хөдөлмөр, Үйлдвэрчний Эвлэл, Улс Төр, Эдийн Засаг, Нийгэм, Хөдөлмөрийн Эрх Зүй , Хөдөлмөрийн Ирээдүй, Төслийн менежмент, Бодлого, Залуусын Хөгжил, Хувь Хүний Хөгжил зэрэг сэдвээр мэдлэгээ дээшлүүлж, зохистой хөдөлмөрийн харилцааг ажлын байр бүрт төлөвшүүлэх хүрээнд, тулгамдаж буй сорилтуудыг, оролцоонд суурилсан төрөл бүрийн аргачлалуудыг ашиглан, салбар бүрийн мэргэшсэн шилдэг багш нараар заалгаж судаллаа.
Сургалтын дараагаар оролцогчид багт хуваагдан хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд төсөл боловсруулж өрсөлдлөө. Хакатоны ялагчаар Боловсролын салбарын ажилтнуудын сайн дурын оролцоо, манлайллыг дэмжих замаар иргэдийн зохистой хөдөлмөрийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх төсөл шалгарлаа.
Төслийн санааг улам бүр боловсронгуй болгож, цаашид дараагийн шатны Хакатонд оролцуулах ба үргэлжлүүлэн санхүүгийн болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх хамтрагч байгууллагуудтай холбогдсоны үндсэн дээр, оролцогч залуус өөрсдөө хэрэгжүүлэхээр зорьж ажиллах юм.
Залуучуудын оюуны хөгжлийн төлөө өөрийн мэдлэг оюун, туршлагаа харамгүй хуваалцсан удирдлага, багш, ментор, зохион байгуулагч, оролцогч нартаа нийт манлайлагч залуусын өмнөөс талархснаа илэрхийлье.