Нигерийн сонгууль нефтийн үнийг хөөрөгдөх магадлалтай
2011.04.05

Нигерийн сонгууль нефтийн үнийг хөөрөгдөх магадлалтай

Нигери улс сонгуулийн даллага авчээ. Энэ улс одоо Ерөнхийлөгч, Үндэсний хурлын төлөөлөгчид болон 36 мужийн амбан захирагчдаа сонгох юм. Гэвч өнгөрсөн бямба гарагт буруу логистикоос болж Нигерийн парламентын сонгууль хойшлогдож, мөн ням гарагийн сонгуулийг долоо хоногоор сунгалаа.

Ливийн иргэний дайн, Ойрхи Дорнодын эмх замбараагүй явдлуудын улмаас нефтийн үнэ гурван оронтой тоонд хүрсэн билээ. Гэтэл одоо нефтийн зах зээлийг тогтворгүй болгох бас нэгэн хүчин зүйл нь Нигерийн эдгээр сонгууль болох нь. Хэрэв энд 2007 оных шиг сонгуулийн өмнө эмх замбараагүй явдал дэгдвэл нефтийн нийлүүлэлт хоногт 2,2 сая баррелиэр тасрах магадлалтай гэж шинжээчид үзэж байна. “Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл ОПЕК нефтийн үнийг барьж тогтоох нөөц хүчин чадлаа шавхаж болзошгүй. Үүний уршгаар ойрын сард нефтийн дэлхийн үнэ нэг баррель нь 8 доллараар нэмэгдэж магадгүй” хэмээн “Lipow Oil Associates” консалтинг компанийн ерөнхийлөгч Энди Липоу мэдэгдлээ.


Одоо Нигери улс даяар цагдаа, цэргийнхэн болон хүчний байгууллагууд хүч нэмэгдүүлэн ажилллаж байна. Учир нь сүүлийн сард олныг хамарсан улстөрийн жагсаал, цуглаан хүчирхийллийн шинжтэй болж хувирснаар барахгүй босогчдын бүлэглэлүүд

үүсчээ. 3-р сарын 16-нд Нигерид Италийн компанийн нефтийн цооног дэлбэрсэн. “Нигери мөрнийг сав газрыг чөлөөлөхийн төлөөх хөдөлгөөн” уг хэргийг үйлдсэнээ хүлээж, дахиад ч иймэрхүү ажиллагаа явуулахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Мөн нефть олборлогч гадаадын байгууллагууд руу халдах нь улам ихэссээр байна. Сануулахад 2007 онд сонгуулиас болоод энд нефтийн нийлүүлэлт хоногт 1 сая баррелиэр буурч байсан юм.


Нигери улс бол АНУ-ын нефть нийлүүлэгч дөрөв дэх том улс, зөвхөн Канад, Саудын Араб, Мексикийн дараа ордог. Өөрөөр хэлбэл Нигери улсад АНУ-ын нефтийн импортын 10 хувь ногддог. Тус улс зөвхөн 1-р сард л гэхэд АНУ-д өдөрт 968000 баррель нефть импортолжээ. Нефтийн үнэ өнгөрсөн оны сүүлийн хагасаас нэмэгдсээр баррель нь 108 долларт хүрсэн. Харин 2011 оны эхний улиралд Ойрхи Дорнодод өрнөсөн бослого, үймээний улмаас 17 хувиар өсчээ.


Одоогоор Ливийн нөхцөл байдлын улмаас нефтийн нийлүүлэлт хоногт 1,6 сая баррелиар буурсан тул Саудын Араб зэрэг орнууд нефтийн нийлүүлэлтээ нэмэх үүрэг хүлээсэн байгаа. Энд онцлоход Нигерийн сонгууль 2 долоо хоног үргэлжлэх бол харин Ливийн нөхцөл байдал хэр удаан тогтворгүй байх нь тодорхойгүй байна.


АПЕК-ийн гишүүн орнуудын нөөц чадал хоногт 3,6 сая баррель нефть байсан. Гэвч Ливийн дайнаас болоод одоо энэ нөөц эрс багасчээ. Иймээс хэрэв Нигерийн нийлүүлэлт доголдвол нефтийн хомсдол үүсч, үнэ огцом өсөх магадлал өндөр байгаа. Дашрамд дурдахад Нигери улс нь ОПЕК-ийн нефть экспортлогч 3 дахь том орон бөгөөд Африкт томоохонд тооцогддог юм.


Нигерийн өнөөгийн Ерөнхийлөгч бөгөөд Ардын ардчилсан намаас нэр дэвшсэн Гудлак Жонатан эхний шатуудад хялбархан өрсөлдөгчдөө ялсан, хойшид ч ялалт байгуулах магадлалтай. Гэвч түүнд нефтиэр баялаг Нигер мөрний сав газрын бүс нутгуудын дэмжлэг хэрэгтэй. Харин тэд 12 жилийн өмнөөс /Нигерид цэргийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш/ хурц тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа билээ. “Barclays”-ийн шинжээч Амрита Сен “Нигери улсад явагдсан өнгөрсөн сонгуулиудын үед бид өдөрт нэг сая баррель нефть алдаж байсан. Хэрэв түүх давтагдвал байдал маш хэцүү болно. Нигерид сонгуулийн өмнө нефтийн салбарт амлалт өгөөд түүнээ биелүүлэхгүй байх нь элбэг” хэмээн мэдэгдлээ.


Үүний зэрэгцээ америкчууд өөр гарц хайж байна. Мексикийн буланд нефтийн олборлолтоо сэргээвэл нефтийн үнийг тогтворжуулж болзошгүй хэмээн тэд үзэж байгаа аж. Иймээс АНУ-ын хяналтын байгууллагууд Мексикийн буланд нефть олборлолтыг сэргээх зөвшөөрлийг “Exxon Mobil”, “Chevron”, “BHP Billiton”, “Royal Dutch Shell” зэрэг компаниудад дахин олгож эхэлжээ. Даваа гарагт Их Британийн “ВР” нефтийн концерн АНУ-ын эрх баригчдад хандан Мексикийн буланд өрөмдлөгийн ажил явуулах зөвшөөрөл хүссэн байна. Тус компанийн “Deepwater Horizon” өрөмдлөгийн платформ бараг жилийн өмнө энд дэлбэрч, экологийн гамшиг тарьсныг хүмүүс мартаагүй байгаа. Гэвч АНУ-ын эрх баригчид ойрын сард тус зөвшөөрлийг олгож болзошгүй гэнэ. “ВР” концерн 2011 оны 7-р сараас эхлэн өрөмдөж гаргасан гүн усны, хуучин 10 платформ дээр ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд шинээр өрөмдлөгийн ажил явуулахгүй бололтой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.