ТБХ: Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
2020.10.08

ТБХ: Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.08) хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.   

Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа:

"Япон Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дэмжин Монгол Улсад нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийн төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлээд байна. Энэ хүрээнд “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай  тусламжийн зээл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичиг болон Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хооронд зээлийн хэлэлцээр байгуулахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байна. Яаралтай зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь болно" гэж байлаа. 

Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй тул Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болов. Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлж, эдийн засгийг тогтворжуулан эрчимжүүлэх, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах,  эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, Монгол Улсын төсвийг санхүүжүүлэхэд зарцуулахаар тусгагджээ.