Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг сонслоо
Хуралдааны төгсгөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг сонссон бөгөөд зөвлөлийн дарга Д.Даваасамбуу энэ талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2020 оны эхний хагас жилд эдийн засаг санхүү, төсвийн байдалд ажиглалт судалгаа хийх, Зөвлөлийн ажиллах эрх зүйн орчинг тодорхой болгох ялангуяа бие даасан байдлыг хангах, Олон улсын болон дотоодын эдийн засаг, судалгааны байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг бий болгох, бэхжүүлэх, Олон нийтэд Зөвлөл болон түүний эрхлэх асуудлыг тайлбарлан таниулах чиглэлээр идэвхтэй ажилласныг дурдав.
Монгол Улсын Төсвийн сахилга батыг бэхжүүлэх, төсөв, санхүү, эдийн засгийн байдлыг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилго тавин хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явууллаа. Сүүлийн жилүүдэд улсын нэгдсэн төсөв ашигтай болж, эдийн засаг, санхүүгийн байдалд нааштай өөрчлөлтүүд гарч, мөнгө санхүү, валютын зохих нөөц бүрдсэн байлаа.
Гэвч дэлхий дахинаа гарсан коронавирус ковид-19 цар тахлын хор уршиг хийгээд экспортын зарим барааны нийлүүлэлтэд гарсан саатал, төсвийн боломжоос хэтэрсэн халамжийн арга хэмжээ зэргээс хамаар ч төсвийн байдал , эдийн засгийн байдалп эрсдэл үүсч болзошгүй байна гэсэн дүнэлт гаргаж, Төсвийн байнгын хороонд танилцуулсан. Нэгдсэн төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болсон.
Цаашдаа эдийн засгийн энэхүү тасалдлыг нөхөх, өр нэмэхгүйгээр байгаа нөөц бололцоондоо түшиглэх, нийгмийн халамж, хөрөнгө оруулалтын бодлогод зарчмын өөрчлөлт оруулж, бодит салбарыг дэмжих, дундаж болон түүнээс доош орлоготой нийгмийн хэсгийг дэмжиж, хавтгайрсан халамж, шаардлага багатай, ашиглалт муутай барилга, байшин барихаас татгалзах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хүргүүлснийг Д.Даваасамбуу тайландаа онцлов.
Мөн тус тайланд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт, ялангуяа төсвийн тусгай шаардлагыг хангах, төсвийн хууль болон бусад хууль тогтоомжоор тодорхойлсон төсвийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх явдлыг ТТБЗ-ийн үйл ажиллагааны удирдлага болгон ажиллалаа. Монголын Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-аас төсвийн зардал, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх хязгаарлалт хийсэн. Ингэснээр Засгийн газар төсвийн алдагдлын төлөө хариуцлага хүлээж, төсвийн удирдлагыг хуулийн хүрээнд зөв хийж байх шаардлагатай болж байна. Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар судалгаа хийж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлж ажилласан гэж байлаа.
Зөвлөлөөс Монгол Улсын эдийн засгийг Ковид-19 цар тахлын үед хэрхэн аврах, төсвийн байдлыг хямралд оруулахгүй байх, эрсдэлийг бууруулах чиглэлээр судалгаа хийж “Коронавирусийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг саармагжуулах арга хэмжээний тухай” санал, зөвлөмжийг Төсвийн байнгын хороонд албан бичгээр хүргүүлжээ. Уг санал, зөвлөмжид Монгол Улсын нийгэм, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг тодорхойлоод гадны бусад улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, манай улс хэрхэн даван туулах боломжийг санал, зөвлөмжийн хэлбэрээр тусгасан гэж байв.
Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан үг хэлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө