ВАшингтон кибер халдлагыг дайн хэмээн тооцохоо мэдэгдлээ
2011.06.03

ВАшингтон кибер халдлагыг дайн хэмээн тооцохоо мэдэгдлээ

-Их Британий "The Guardian" сонины тоймч Эд Пилкингтоны
нийтлэлээс хүргэж байна-


Пентагон дайн дажны тухай хуулиа өргөжүүлэн, кибер халдлагыг энэ ангилалд оруулахаар шийджээ. Ингэснээр АНУ өөрийн нь компьютерүүд, мэдээллийн технологийн дэд бүтцийн эсрэг хийсэн түрэмгий довтолгооны хариуд цэрэг, армийн хүчээр хариулах эрхтэй болно гэсэн үг юм. Тодруулбал Америкийн цэргийн командирууд гадаадын гүрнүүдийн дэмжлэг авдаг хакеруудад хариу цохилтыг ямар ч хэлбэрээр өгөх боломжтой болжээ.


АНУ-ын Батлан хамгаалах яам стратегийн баримт бичигт багтсан энэ арга хэмжээнийхээ талаар энэ /6-р/ сард нийтэд албан ёсоор мэдэгдэх юм. Гэхдээ тэдний энэ алхам нь кибер орон зайг милитарист болгох аюултай алхам болж магадгүй. Тэр бүү хэл олон улсын тавцан дээр асар их хор уршиг дагуулж ч болзошгүй.
Пентагоны албан ёсны төлөөлөгчид анх энэ талаар “Wall Street Journal”-д мэдэгдэхдээ “Энэ нь АНУ-ын атомын реакторууд, хий дамжуулах хоолой болон нийтийн тээвэр зэрэг төрийн дэд бүтцийн системүүдэд халдлага хийх замаар манай аюулгүй байдалд заналхийлдэг хакеруудад сэрэмжлүүлэг болох юм. Хэрэв та нар манай эрчим хүчний систем рүү довтолж унтраавал бид хариуд нь танайхны утаа оргилсон яндан бүрийн тоогоор пуужин илгээнэ гэдгээ үгүйсгэхгүй” гэж сүрдүүлжээ.
Шинэ стратеги нь НҮБ-ын дүрмээр зөвшөөрөгдсөн, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй өөрийгөө хамгаалах хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах нь тодорхой. Яагаад гэвэл шинэ стратегийн бодлогоор одоо кибер зэвсгийг зэвсэгт халдлага гэсэн тодорхойлолтод багтаахаар болж шүү дээ. Дээрх шийдвэрийн талаар Нью-Йоркийн Фордхэм их сургуулийн профессор, мэдээллийн технологийн салбарт эрх зүйн хичээлийн багш Джоэл Рейденберг “Энэ арга хэмжээ нь дайн дажны шинэ хэлбэрүүд америкчуудад аюул учруулж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн  чухал баримт бичиг боллоо. АНУ өөрсдийн иргэдээ XXI зуунд ч хамгаалж чадах болно” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлэв.

 

Харин “Cyber Defense Agency” консалтинг фирмийн удирдагч, Пентагоны компьютерийн шинжээч асан Сами Сайдьяри “Дайны тухай хуулийг өөрчлөх нь логик, ухаалаг алхам. АНУ-ын батлан хамгаалах, эрчим хүч, харилцаа холбоо, банк санхүүгийн салбарууд нь аливаа хорлон сүйтгэх ажиллагаанаас бүрэн хамгаалагдаагүй. Дэд бүтцийн амин чухал эдгээр объект руу хийсэн ямар ч довтолгоо нь яг жинхэнээр дайн өдөөн АНУ руу халдсан шиг сүйрэл учруулж болзошгүй” гэжээ. Үүний зэрэгцээ түүнтэй санал нийлэхгүй мэргэжилтнүүд ч бий. Кибернетикийн зарим инженер “Шинэ хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх нь маш төвөгтэй, хэцүү байх болно. Яагаад гэвэл энэ нь интернэтийг түргэвчилсэн байдлаар цэрэгжүүлж, милитарист болгож болзошгүй” хэмээн болгоомжилж байна.
НҮБ-тэй хамтран “The Quest for Cyber Peace” нийтлэл бичсэн Джоди Уэстби эдгээр кибер халдлагыг мөрдөх хэцүү гэдгийг онцлоод, зохион байгуулагчдыг нь олох амаргүй төдийгүй ард нь хэн зогсож байгааг тогтоох нь бараг боломжгүй асуудал хэмээн үзжээ. Тэрбээр “Уг нь цэрэг дайны ажиллагааны хувилбарыг улам өргөжүүлэн, нэр төрлийг нь олшруулахын оронд дэлхийн улс орнуудын хооронд дипломат ажиллагаагаа идэвхжүүлэх нь зүйтэй гэж уриалмаар байна. Кибер эринд иймэрхүү байдлаар дайнч авир гарган, зэр зэвсгээ хангинуулж сүржигнэх нь АНУ-д таагүй үр дагавар авчирч болзошгүй. Яагаад гэвэл энэ нь Америкийн дэд бүтцүүд рүү шинэ кибер халдлагыг өдөөж, манай орны хүн амд маш их хор хохирол учруулах байх” гэж мэдэгдлээ.


Барак Обамагийн Засгийн газар энэ талаар бүр 2 долоо хоногийн өмнөөс сэрэмжлүүлж, “Кибер орон зайд манайд хандсан дайсагнасан үйлдэл хийвэл бид үүнийг АНУ-д учруулж буй өөр бусад аюул заналтай адилтган авч үзэж хариу цохилт өгнө. Энэ хариунд бүх төрлийн шаардлагатай арга хэмжээ, түүний дотор цэрэг дайны үйл ажиллагаа ч багтана” гэж сануулсан.


Ер нь АНУ кибер халдлагад онцгой өртөмтгий улс. Яагаад гэвэл манай олон сая компьютер вирусээр халдварлагдсан. Америкийн цэргийнхэн гэхэд л хаа сайгүй л компьютержсэн байгаа. Компьютерийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг “SANS” хүрээлэнгийн захирал Алан Поллео “АНУ-ын Батлан хамгаалах яамны компьютерүүд дор хаяж 2003 оноос гадаад улс орнуудын халдлагад өртөж эхэлсэн. Эдгээр халдлагын дүнд жишээлбэл “F35” сөнөөгч онгоцны чухал мэдэээллүүд алдагдсан билээ.

 

Тус төслийн өртөг 300 тэрбум доллар. Иймээс цэргийнхэн өөрсдийн нь систем байнгын халдлагад өртөж байдгийг мэддэг” гэжээ.


АНУ-ын мэргэжилтнүүд одоо Хятад, ОХУ-д онцгой анхаарал хандуулдаг бөгөөд эдгээр орныг кибер дайныг ивээн тэтгэж болзошгүй гэж тооцдог. Энэ талаар Конгрессийн комисс “Хятад улс нь интернэтээр хоорондоо холбогдсон манай муж улсууд, холбооны сүлжээнүүдэд цохилт өгөх чадвартай. Ийм цохилтын дараа АНУ тэр чигээрээ сүйрэх магадлалтай” хэмээн мэдэгдлээ. Ер нь халдлага үйлдэж болзошгүй объектуудын тоонд үндэсний цахилгаан хангамжийн сүлжээ ч орж байгаа юм. Түүнчлэн Орос улсыг 2008 онд Афганистан, Иракт дайныг удирдан явуулж байсан АНУ-ын Төв командлалын компьютерууд руу дайралт хийсэн гэж сэжиглэдэг. ОХУ мөн Гүрж болон Эстон руу ч кибер халдлага үйлдсэн байх талтай.


Нэмж өгүүлэхэд АНУ өөрөө  ч кибер хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил Иран руу илгээсэн компьютерийн “Stuxnet” өт нь үнэндээ Вашингтоны дэмжлэгтэйгээр Изралийн хийсэн хэрэг юм. АНУ энэ үйлдлээ хэзээ ч үгүйсгээгүй. Тэгэхээр бид өөрсөддөө хэрэгтэй үед бусад руу кибер халдлагыг дуртайяа үйлддэг бололтой. Үүнийг мэдээж сайн дипломат арга барил гэхгүй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.