Шанхайн хамтын ажиллагааны байгууллага АНУ-ын хажуу талаас довтоллоо
2011.06.07

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага АНУ-ын хажуу талаас довтоллоо

-Олон улсын тоймч Фариборз Саремийн нийтлэл -

Төв Ази, Ойрхи Дорнодын орнууд хамтран тус бүс нутагт явуулж байгаа АНУ-ын Засгийн газрын бодлогод хүчтэй дипломат цохилт өглөө. Афганистаны Гадаад харилцааны сайд Залмай Расул Бээжинд очиж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх талаар авч хэлэлцсэн билээ. Тэрбээр ийм алхам хийж болохгүй гэсэн АНУ-ын анхааруулга, сэрэмжлүүлгийг үл тоосон. Расулын 4 өдрийн айлчлал нь АНУ тус бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсонтой холбоотой юм. Мөн Хятад улс өөрийн хөрш орнуудтай дипломат харилцаа тогтоох замаар америкчуудын Төв Ази дахь амбицийг нам дарна гэдэгтээ улам итгэлтэй болсон нь тодорхой үүрэг гүйцэтгэсэн биз ээ.



Расулын айлчлал маш үр дүнтэй болсонд америкчууд сандарч байна. Учир нь энэ харилцаа АНУ болон НАТО-г Афганистан, Төв Азид цэргийн байр сууриа бэхжүүлэх гэсэн оролдлогод саад болох нь ойлгомжтой.


Ийм дипломат бодлогын гол хөдөлгүүр нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ юм. Түүний ачаар ОХУ, Хятад улсууд Төв Ази болон Ойрхи Дорнодын асуудлаар илүү ойр дотно хамтран ажиллах болжээ. Хятадын хувьд гэвэл ОХУ-ын дургүйг хүргэлгүйгээр тухайн бүс нутагт ийнхүү өөрийн ашиг сонирхлоо өргөжүүлэн тэлэх боломж гарсан. Харин ОХУ-ын хувьд дам байдлаар ч гэсэн Хятадын бодлогод идэвхтэй оролцох арга хэрэгсэлтэй болсон хэрэг.
ШХАБ нь өөрийгөө энэ бүс нутагт аюулгүйн баталгаа болж байна гэж үздэг. Гэсэн хэрнээ Хятад, ОХУ нь аман дээрээ өрнөдийнхний Афган, Пакистанд аюулгүй байдлыг сахиулах бодлогыг дэмжиж байгаа хэмээдэг.


ШХАБ-ын гишүүн орнууд болох Хятад, Казахстан, Киргиз, ОХУ, Таджикистан, Узбекистан бүгд л өнөөдөр Афганистантай “сээтгэнэж” байгааг анхааралдаа авах хэрэгтэй. Энэ бүхэн Афганистанд, мөн тус бүс нутгийн бусад оронд өөрийн цэргийн баазуудаа байрлуулах АНУ-ын онцгой эрхэд ноцтой аюул учруулж мэдэх юм.
Тэрчлэн Хятад улс өөр холбоотнуудтай ч болж магадгүй. Тэдний нэг нь Энэтхэг улс. Энэ улс АНУ-ын шаардлагад үг дуугүй захирагдахын оронд өөрийн бүс нутагтаа бие даасан улстөрийн бодлого явуулна гэдгээ тодорхой ойлгуулсан билээ.


Энэтхэг ба Хятад улсад нэгдсэн ашиг сонирхол бий, тэр нь Афганистан, Пакистаны нөхцөл байдлыг тогтворжуулах явдал. Тэгээд ч энэтхэгчүүд, хятадуудын аль нь ч цаашид бүс нутагтаа АНУ-ын явуулж буй терроризм болон Афганистаны зөрчлийг зохицуулах асуудлын хүрээн дэх “Төв Азийн агуу стратеги” гэгч бодлогыг түгээн дэлгэрүүлэхийг хүсэхгүй байгаа.


ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллахад маш тохиромжтой бүтэц болон хувирчээ. Гэхдээ тус бүс нутгийн эдгээр орноос Пакистан хамгийн их цочрол амсч, АНУ-д итгэх итгэлээ гээсэн гэж хэлж болно. Исламабад ба Вашингтоны харилцаа хэзээ ч хөнгөн, хялбар байгаагүй. Гэтэл Осама бин Ладеныг устгах ажиллагааг Абботтабадад явуулсны дараа энэ хоёр орны харилцаа бүр төвөгтэй болж ирсэн. АНУ-ын Засгийн газар Пакистаны газар нутаг дээр энэ орны эрх баригчдын санаа бодлыг үл харгалзан үйл ажиллагаагаа явуулах болно гэдгээ ойлгуулсан. Тэр бүү хэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама иймэрхүү ажиллагааг Пакистанд дахин давтахаас буцахгүй гэдгээ илэрхийлээд, өөрийн орны нь аюулгүй байдлыг хангах тухай асуудал гарч ирэхэд Пакистаны олон нийтийн санал бодол ямар ч ач холбогдолгүй гэж мэдэгдсэн билээ. Энэ нь Пакистаны Засгийн газрын итгэлийг алдуулж, АНУ-ыг өөртэй нь жинхэнэ ёсоор хамтран ажиллах сонирхолгүй байна гэж үзэж эхэлсэн бололтой.


Тэгээд ч тус улсын хувьд ШХАБ-д гишүүнээр элсэхэд одоо хамгийн тохиромжтой цаг. Яагаад гэвэл Исламабад өөрийн аюулгүй байдлаа хангахын тулд шинэ холбоотонтой болох боломжийг эрж хайж эхэлсэн.

\
ОХУ, Хятадын хувьд хамгийн тулгамдсан асуудал гэвэл өрнөдийн орнуудын Ливид халдсан явдал, Сирийн үймээн, Бахрейныг хоёр нүүр гаргасан гэж буруутгасан мэдэгдэл, Иракт цэргээ байлгаад байх гэсэн Өрнөдийн шийдмэг авирлал. Энэ бүхэн АНУ өөрийн байр сууриа Ойрхи Дорнодод хэвээр хадгалж үлдэх гэсэн бодлого дээрээ хатуу зогссоор байгааг илэрхийлж байгаа юм. Харин Москва одоо Барак Обамаг Пуужингийн эсрэг системээ Польш, Румынд байрлуулах төлөвлөгөөгөө сэргээж, эдгээр оронд цэргийн баазуудаа удаан хугацаагаар байрлуулах вий гэж эмээж байгаа. Хэрэв тэгвэл Москва өмнөх шигээ Хар тэнгист ноёрхсон хэвээр байж чадахгүй юм. Түүнчлэн ОХУ өмнө нь АНУ, Европын Пуужингаас эсэргүүцэн хамгаалах хөтөлбөрийн талаарх яриа хэлэлцээрт хөндлөнгөөс орох гээд бүтэлгүйтсэн билээ.
Энэ бүх өөрчлөлт, тэрчлэн Төв Ази болон Ойрхи Дорнодод АНУ-ын цэргийнхнийг удаан байлгахгүй гэсэн эдгээр орны хүсэл эрмэлзлэлийн дүнд тэдний дипломат харилцаа улам идэвхжиж байгаа юм.


Чухам ийм учраас Расулыг Бээжинтэй “сээтгэнэж” байх хооронд Пакистаны Ерөнхийлөгч Зардари ОХУ-д айлчиллаа. Мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Сингх Кабулд 2 өдрийн айлчлал хийсэн.


Хүчний балансын энэхүү өөрчлөлт нь Шанхайн хамтын ажиллагааны орнууд гэсэн аятайхан хоргодох байрыг бий болгов. ШХАБ ийнхүү АНУ-ын жигүүр рүү халдлаа.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.