Төрийн департаментын өөрт тааламжгүй орнуудтай хийж буй
АНУ-ын Төрийн Департамент суртал ухуулгаа өргөн хүрээтэйгээр “Твиттер” сайтад явуулж байна. Тус яам “дарангуйлагчийн дэглэм бүхий" улс орнуудын интернэтийн сүлжээний идэвхтнүүдтэй шууд харьцахын тулд энэ сайт дээр нэгэн зэрэг орос, хятад, хинди гэсэн гурван хэлээр блог хөтлөхөөр шийджээ. Энэ тухай Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Жорж Вашингтоны их сургууль дээр 2-р сарын 15-нд “Сүлжээний эрх чөлөө” лекц уншихдаа мэдэгдэж, Америк улс 25 сая долларыг блогчид, сүлжээний идэвхтнүүдийг дэмжихэд зарцуулахыг дуулгав.
Хатагтай Клинтон “Өнгөрсөн долоо хоногт бид “Twitter” сайт дээр араб, фарси хэлээр блог нээсэн. Өмнө нь франц, испани хэл дээр ийм блогууд ажиллаж байлаа. Удахгүй бид хятад, орос, хинди хэлээр мөн ийм блогуудыг нээх болно. Энэ нь эдгээр орны Засгийн газруудын хааж боож амжаагүй холбооны тийм сувгуудыг ашиглан, тус улсын блогчидтой онлайнаар харилцан ярилцах боломжийг бидэнд олгох юм” гэж онцлон тэмдэглэв. Түүнийхээр Хятад, Куба, Иран, Мьянма, Сири, Вьетнам улсууд интернэтэд цензур тогтоосон гэнэ. Тэрчлэн Умард Солонгост дэлхийг хэрсэн интернэтийн сүлжээнд нэвтрэх боломж бараг үгүйг тэрбээр ярилаа. Дараа нь Хиллари Клинтон бараг сүрдүүлэг гэж ойлгохооэр мэдэгдэл хийв. “Нэг бол тэд улс орондоо интернэт чөлөөтэй хэрэглэх боломж олгож, хүмүүсийн улстөрийн эрх ба эрх чөлөөний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор үүссэн эрсдэлийг өөрсдөө үүрэх болно. Хэрэв тэд интернэтийг хязгаарлаж, эрх чөлөөг дэмжигч энэхүү холбооны хэрэгслийг хааж боох юм бол нийгмийн сүлжээ, сайтуудын нийгэмд өгдөг эдийн засаг, нийгмийн бүх давуу байдлаа алдах эрсдэлтэй” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдлээ. Түүнийхээр бол өнөөгийн нөхцөлд интернэтийг цензурдэх, хянах нь утгагүй бөгөөд “Twitter”, “Facebook” болон нийгмийн бусад сүлжээ, сайтууд хүмүүст өөрийгөө илэрхийлэх бүрэн боломж өгдөг учраас өсч хөгжиж байгаа, нийгмийн идэвхтэй интернэт-нийгэмлэгт буцах зам байхгүй гэнэ. “Өнөөдөр хүмүүс интернэтийг өөрийн асуудал бэрхшээлийг шийдэх, авлигатай тэмцэхэд ашиглаж байна. ОХУ-ын иргэд интернэтийн тусламжтайгаар ой, хээрийн түймрийг олж илрүүлэн, сайн дурын гал сөнөөх отряд байгуулан ажилласан бол Сирийн хүүхдүүд “Facebook” ашиглан багш нарынхаа ёс зүйгүй үйлчлүүдийг илчилсэн. Харин Хятадад алга болсон хүүхдүүдийг хайхад эцэг эхэд нь тусалдаг интернет-компаниуд бий” хэмээн хатагтай Клинтон мэдэгдлээ.
Энд харин АНУ-ын Төрийн департамент интернэтийн боломжийг яаж ашигладаг юм бол гэсэн асуулт урган гарч байна. Америкийн Гадаад харилцаа эрхэлсэн яам нэлээд эртнээс испани, франц хэл дээр блогуудаа ажиллуулсан. Эдгээр хэл /бас англи/ нь НҮБ-ын албан ёсны хэл, мөн АНУ-ын элссэн олон улсын байгууллагуудын ч /НАТО, Америкийн орнуудын байгууллага/ албан ёсны хэл билээ.
Америкт хамгийн өргөн дэлгэр тархсан гадаад хэл бол испани, дараа нь франц юм. Энэ нь АНУ-д Латин Америкаас гаралтай хэдэн арван сая испани хэлтнүүд амьдардаг болон дэргэд нь шахуу /Канадын Квебек, Гаити) францаар сая сая хүн ярьдагтай холбоотой. Энд мэдээж, геополитик байгаа. Жишээлбэл испани хэл дээрх блогийг Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавестай тэмцэхэд ашигладаг. Гэтэл гэнэт өнгөрсөн долоо хоногоос өөр хэл дээрх блогууд ар араасаа борооны дараах мөөг шиг ургалаа. Араб хэл бол НҮБ-ын бас нэгэн “ажлын хэл” юм. Тунист Бен Алийг, Египетэд Хосни Мубаракийн дэглэмийг унагахад интернэтийн нийгмийн сүлжээг идэвхтэй ашигласныг америкчууд тооцоолжээ. Одоо Алжир, Йемен ид буцалж байна, Иордани, Бахрейнд ч нөхцөл байдал тайван бус байгаа. Арабын орнуудын үймээн бослогод Вашингтон сэтгэл ихэд түгшиж байгаа. Яагаад гэвэл Ойрхи Дорнодын зохицуулалт нь АНУ-ын гадаад бодлогын тулгын гурван чулууны нэг.
Америкийн дипломатчид Арабын ертөнцөд нэвтэрсэн блог, нийгмийн сүлжээг ажиллуулах нь түүхэн ач холбогдолтойг тэмдэглэж байна. Тэнд АНУ-ын Египетийн талаарх өөрийн албан байр суурийг илэрхийлжээ. Энэ мэдээллийг мөн Төрийн департамент, мэдээллийн бүх сувгаас авч болно. Тэгэхээр улстөрийн ашиг сонирхол энд байгаа нь илт.
Ливийг 40 гаруй жил удирдсан Муаммар Каддафи болон Сирийн Ерөнхийлөгч Башар Асад нарт АНУ таагүй ханддаг. Ийм ч учраас энэ 2 улсыг байнга "хорон, муу санаатан улс орнууд"-ын жагсаалтад багтаадаг. Тэгэхээр араб блогийг одоогоор тогтвортой байгаа Сири, Ливид эмх замбараагүй байдал үүсгэхэд ашиглаж магадгүй. Тэгээд ч энэ хоёр улсад эсэргүүцэл хэдийн “исэлдэж” эхэлсэн нь анзаарагдаж байгаа.
АНУ-ын Төрийн департаментын фарси хэл дээрх блог Гэгээн Валентины өдөр ажиллаж эхэлсэн. Тохиолдол байж магадгүй л дээ. Гэхдээ энд улстөрийн ашиг сонирхол байгаа нь мэдээж. Яагаад гэвэл Иран улс өнөөдөр Америкийн хамгийн заналт дайснуудын нэг. Тэгээд ч перс хэл НҮБ-ын “ажлын хэл” биш гэдгийг бүгд мэднэ дээ. Иранд эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн эхний өдрөөс л америкчууд Ираны удирдагчдыг буруутган “Хоёр нүүртэй, Египетийн жагсагчдыг дэмжиж байсан хэрнээ одоо өөрийн ард түмний бослогыг хатуу дарлаа” гэж шүүмжилсэн ирсэн.
Засгийн газрын эсрэг жагсагчдын хүчийг төвлөрүүлж, зангидахад өрнөдийн интернэт сайтууд их үүрэг гүйцэтгэсэн. Ийм байдал 1.5 жилийн өмнө Тегераны гудамжинд Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын эсрэг жагсч байхад ажиглагдсан бол одоо Ираны янз бүрийн хотод үймээн самуун дэгдэж байхад ч мөн адил байдал давтагдаж байна.
Харин Ираны эрх баригчид “Өрнөдийнхөн зориудаар өдөөн хатгаж, улс оронд маань эмх замбараагүй байдал үүсгэлээ” гэж мэдэгдсэн. Төрийн департаментын блогоос харахад тэд үнэнээс тийм хол зөрөөгүй бололтой. Мөн орос, хинди, хятад хэлний блогууд Америкт ямар хэрэгтэйг тааж ядах юмгүй.
Клинтон энэ тухай шууд хэлээгүй ч өмнөөс нь Аризон мужийн сенаторч, Бүгд найрамдах намын Жон Маккейн дуугарлаа. “Би энэ бүх үйл явдал /төр засгийг унагах / Ойрхи Дорнодоор хязгаарлагдахгүй гэж бодож байна. Өөрчлөлтийн салхи үлээж байна. Хэрэв би Владимир Путин байсан бол ингэж их өөртөө итгэлтэй байхгүйсэн. Харин би Хятадыг удирдаж, энэ орны 1.4 тэрбум оршин суугчдын хувь заяаг шийддэг Ерөнхийлөгч Ху ба өөр хэдэн хүний хамт амралтанд амарч байхдаа л өөрийгөө арай бага аюултай байна гэж мэдрэх байсан” гэж Маккейн ярьж байна. Энд тайлбар шаардлагагүй. Гэхдээ үүнийг ОХУ-д шууд заналхийлж байгаа хэрэг гэж оросууд үзэж байна. Маккейн Энэтхэгийн талаар ам нээсэнгүй. Гэхдээ мэдээж, нэг тэрбум гаруй хүнтэй улсыг яаж “анхааралгүй” орхиж болох вэ. Энэ улсын хэл НҮБ-ын ажлын хэл биш хэдий ч Энэтхэг улс нь Орос, Хятадаас илүү бага асуудал АНУ-д үүсгэдгийг тэд анхааралдаа авсан байгаа.
Төрийн департаментын логикийг урьдаас таамаглавал одоо тэд вьетнам, солонгос хэлээр блог хөтлөх байх. Умардсолонгосчууд гэнэт интернэтэд орох арга олох ч юм бил үү. Тэгээд ч Вьетнамд бүрэн хэмжээний цензур байхгүйг тэд мэдэж байгаа.
Товчоор өгүүлэхэд АНУ өөрийн дайснууд, өрсөлдөгчид, сөргөлдөгчидтэйгээ цэргийн бааз, Пуужингаас эсэргүүцэн хамгаалах объектуудынхаа тусламжтай тэмцэхийн зэрэгцээ дэлхийг хэрсэн аалзны сүлжээ болох интернэтийг ч ашиглахаар шийджээ. Дайнд /хүйтэн ч бай, үл үзэгдэх ч бай ялгаагүй/ бүх арга хэрэгсэл сайн гэдэг дээ.