АНУ зуучилж байгаа цагт Ойрхи Дорнодод энх амгалан тогтохгүй
-АНУ зуучилж байгаа цагт Ойрхи Дорнодод энх амгалан тогтохгүй гэж Бразилийн лидер мэдэгдлээ-
Латин Америк дахь Америкийн эсрэг хөдөлгөөнийг Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес толгойлдог гэж олон хүн үздэг. Гэтэл үнэндээ Венесуэль биш харин Бразили улс л АНУ-ын ашиг сонирхолтой бодитоор зөрчилдөж хэмээн Оросын шинжээч Л.Люлько үзэж байна. АНУ ба Бразилийн ашиг сонирхол зөвхөн Латин Америкт ч мөргөлддөг юм биш. Ер нь Бразили АНУ-г өдөөн хатгаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.
Бразилийн лидер Луис Инасио Лула да Силва саяхан эрх мэдлээ өөрийн Тамгын газрын тэргүүн асан Дилма Руссеффид хүлээлгэж өгөхдөө АНУ-г шүүмжлэхийн зэрэгцээ эх орноо агуу том гүрэн болсон талаар мэдэгдсэн. Энэ улсыг том гүрэн болсныг батлах мэт АНУ анх удаа Бразили руу дээд хэмжээний төлөөлөгчөө буюу Төрийн нарийн бичгийн даргаа илгээсэн юм. Дашрамд сонордуулахад Бразилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Д.Руссеффийн тангараг өргөх ёслол дээр олон гайхалтай үйл явдал болсны дотор эвлэршгүй дайснууд гэгддэг Венесуэль, АНУ-ын төлөөлөгчид сүүлийн хэдэн жилд анх удаа найрсгаар үг солилцож, гар барилцсан билээ. Тэр бүү хэл Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хиллари Клинтонд хандан “Та үнэхээр сайхан инээмсэглэх юм” гэх зэргээр магтаалын үгс чулуудсан.
Үнэнийг хэлэхэд Бразилийн экс Ерөнхийлөгч хүчний байр сууриас ярих эрхтэй. Энгийн ажилчин байсан тэрбээр сонгодог дээд боловсрол эзэмшээгүй ч маш гайхалтай баг бүрдүүлэн ажиллаж, улс орноо хөгжүүлсэн чадсан юм. Түүний удирдлаган дор энэ баг нь 8 жилийн дотор эх орныхоо эдийн засгийг дэлхийд эхний 10-д оруулсан бөгөөд одоо тэргүүн 5-д багтах зорилго тавьжээ.
Өнөөдөр Бразилийн эдийн засаг жилд 7 %-иар өсч байгаа болохоор энэ улс өгөөд Латин Америкийн лидер болох зорилтоо ойрын хэдэн жилд амжуулах нь ойлгомжтой. Үүнд саад хийх хүчин зүйл улстөрд л лав байхгүй. Учир нь Лула өөрийн нь бодлогыг үргэлжлүүлэх Руссеффт төрийн жолоог атгуулсан юм чинь. Харин байгалийн гамшиг, үер ус, аадар бороо, газар хөдлөлт ч жаахан бэрхшээл учруулах магадлалтай. Саяхан буюу 1-р сарын 15-нд Бразилийн Рио-де-Жанейро мужийн уулын Серрана дүүрэгт үргэлжилсэн аадар бороо орсны улмаас хөрсний гулгаа үүсч, олон тосгон, суурин газрын хөрснөөс арчигдах шахсан. Энэ үеэр 630 хүн амь үрэгдэж, 13 500 гаруй хүн орох оронгүй болсон. Хөрсний гулгаанд дарагдсан хүмүүсийг хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Энэ бүхэн хичнээн хор хохирол учруулсан болон уршиг дагаврыг арилгахад хэр их хөрөнгө зарцуулах нь тодорхойгүй. Гэхдээ нэгэнт хүчээ авсан галт тэргийг юу ч зогсоож чадахгүй биз ээ. Харин одоо улстөрдөө эргэж оръё.
Лула “АНУ байнга л Латин Америкийг “доош хийх”-ийг оролддог” гэж нэг бус удаа мэдэгдсэн. Тэр бүү хэл Лула нэг удаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандаж хөршүүддээ хандах харьцаагаа өөрчлөхийг гуйсан ч үр дүн гарсангүй. Иймээс Лула “Асуудал юунд байна гэхээр АНУ-ын ямар ч Засгийн газар бусад улс, үндэстэнтэй харьцахдаа үл тоосон хандлага гаргадаг. Өөрөө их том улс болохоор иймэрхүү харилцааг 3-р түвшинд тавих нь зуршил болчихсон гэж хэлж болно. Тэдний хувьд энэ нь Төрийн нарийн бичгийн даргын туслахын ажил, эсвэл бүр туслахын туслахын. Бид өнөөдрийн өдрийг эхлэхдээ АНУ-аас найтаах, Европоос ханиах зөвшөөрөл авах ёстой гэж манай шүүмжлэгчид үздэг. Гэвч бид тэгэхгүй” хэмээн шулуухан мэдэгдэж орхисон.
Бразили улс аман дээрээ ингэж мэдэгдээд зогсохгүй, ажил хэрэг болгож эхэлсэн. Тус улс АНУ-ын эсрэг бүс нутгийн том эвсэл байгуулахын тулд сүүлийн жилүүдэд их ажил өрнүүлсэн билээ. 2008 онд тус улсын санаачилгаар Өмнөд Америкийн үндэстний холбоог албан ёсоор байгуулсан. Ирээдүйд түүнийг Европын холбоо шиг болох магадлалтай гэж шинжээчид үздэг. Энэхүү холбооны хүрээнд Цэргийн зөвлөл ч байгуулагдсан юм. Тэрчлэн Бразили улс бүс нутгийн түвшинд улстөрийн олон зөрчлийг өдөөж, АНУ-тай шөргөөцөлдсөөр. Тухайлбал Гондураст 2009 оны 6-р сард болсон улстөрийн эргэлт. Уг төрийн эргэлтийг Вашингтоноос улбаатай гэж Бразили мэдэгдсэн. Олон баримтаас үзэхэд Пентагон бослого дэгдээсэн тэдгээр цэргийнхнийг сургаж, бэлтгэл хийлгэн, санхүүжүүлсэн. Тэр бүү хэл зэр зэвсгийг нь нийлүүлсэн аж. Бразили улс уг төрийн эргэлтийг хурцаар шүүмжилж, Ерөнхийлөгч Мануэль Селайяг төрийн эрхэнд буцаан авч ирэхийг хатуу шаардсан юм. Харин АНУ сонгууль явуулахад зуучлагчийн үүрэгтэй оролцжээ. Байр суурь эрс ялгаатайн улмаас Селайя эх орондоо буцаж очих эрхгүй болсон. Иймээс Бразили одоо ч Гондурасын 2009 онд сонгогдсон шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ зөрчлөөс гадна өөр асуудлууд ч бий. Колумбын хар тамхины мафитай тэмцэхээр очсон гэх АНУ-ын цэргийн баазууд, Куба улсын гишүүнчлэлийг Америкийн орнуудын байгууллагад сэргээх, Бразилийг Уго Чавестой ойртуулах гээд...
Америкийн элитүүд бусад улс гүрэнд хүндэтгэлтэй хандах чадваргүйгээс болоод Бразилиар толгойлуулсан АНУ-ын эсрэг эвсэл бүрдэж байгуулагдсан гэхэд нэг их хилсдэхгүй. Энэ эвсэлд Чили, Перу, Колумб, Мексикээс бусад Латин Америкийн бүх орон багтдаг. Гэхдээ мэдээж, хэрэв Бразилийн эдийн засаг бие даасан бөгөөд хүчтэй байгаагүй бол ийм эвсэл ч үүсэхгүй байсан.
Бразили хүн амынхаа дэмжлэг, эдийн засгийн бодит амжилтын ачаар олон улсын түвшинд хүчээ авсаар байна. Энэ улс худалдаа ба хөрөнгө оруулалтын гол түншээр Хятадыг сонгон авчээ. АНУ үүнд нэрмээс болж, 2006 онд Бразилийн сөнөөгч онгоцуудыг Чавест зарахад хориг тавьсан. Иймээс тэр Оросын зэвсгийг худалдан авч эхэлсэн юм. Яагаад гэвэл Бразилийн цэргийн үйлдвэрүүдэд АНУ-ын технологи, деталийг ашигладаг учраас “дургүй улс орнууд”-д экспортлохыг хоорондын гэрээндээ хориглосон байдаг аж. Бразилийн Засгийн газар Вашингтоны зүгээс үл тоосон шинжтэй ханддагт дургүйцлээ нуудаггүй. АНУ, Бразили улсууд зөвхөн бүс нутгийн хүрээнд ийнхүү мөргөлддөг юм биш. Сүүлийн жилүүдэд Бразили олон улсын тавцан дээр бэхжихийг хичээж байгаа. Гэвч тус улсын олон санаачлагыг нь АНУ эрс няцааж байсан. Жишээлбэл Ираны цөмийн хөтөлбөрийн талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийн эсрэг /АНУ-ын эсрэг гэсэн үг/ Бразили тэмцсэн билээ. Лула хориг тавихын оронд Ираны атомын станцуудад зориулсан ураныг Туркийн газар нутаг дээр баяжуулахыг санал болгосон. Үүнийг нь Туркийн Ерөнхий сайд Режпом Тайип Эдорган дэмжсэн боловч НҮБ тэртэй тэргүй Тегеранд хориг арга хэмжээ авсан юм. 2010 оны 4-р сард Вашингтонд болсон цөмийн аюулгүй байдлын хуралдаанаас АНУ-ын Ерөнхийлөгч Обама уурлачихсан гарч ирсэн. Тэрбээр Лулаг бууж өгсөнгүйд тэгж их хилэгнэсэн аж. Яагаад гэвэл Лула Ираны эсрэг хоригийг хэлэлцэхээс эрс татгалзсан юм. Тэрбээр дараа нь энэ тухай "Обама бүр ОХУ-ын Ерөнхийлөгч Медведев рүү утастаж, намайг Иран руу айлчлах нь гэж гомдоллосон. Хиллари Клинтон мөн ийм хүсэлтийг Катарын эмирт тавьж хандсан. Хиллари ер нь үргэлж миний эсрэг ажиллаж ирсэн юм. Яагаад гэвэл гуравдагч орны нэг муу улс өөрийн бус хэрэгт хошуу дүрж зүрхэлсэн гэж тэр үздэг” хэмээн ярьжээ.
Энэ явдлын дараа хоёр орны харилцаа улам хөрөхөөс яах вэ. АНУ дараа нь Бразили улсыг өөрийн хүнээ Америкийн хөгжлийн банкийн /(BID) даргын суудалд тавих гэсэн амбицийг дэмжээгүй. Хариуд нь Лула шууд л Ираны асуудлаарх Бразили, Туркийн саналыг үл тоосон гэж Обама, Клинтон хоёрыг буруутгаж, 1967 оны хүрээнд Палестиныг хүлээн зөвшөөрөхийг санаачилсан байна.
“АНУ зуучилж байгаа цагт Ойрхи Дорнодод энх амгалан тогтохгүй. Өөр бусад улсыг ч энд татан оролцуулах хэрэгтэй” гэж Бразилийн экс Ерөнхийлөгч мэдэгдлээ. Бразилийн дараа 2010 оны сүүлээр иймэрхүү авирыг бүс нутгийн өөр орнууд Аргентин, Боливи, Эквадор, Уругвай ч гаргах болсон. Тэдгээр нь Израилийн эсрэг гэхээсээ АНУ-ыг дэлхийн тавцан дээр энхийг сахиулагчийн хувьд тусгаарлах зорилготой байсан юм. АНУ хэдийгээр Бразилийн дэлхийг хамарсан үйл явдлуудад идэвхтэй оролцох оролдлогыг зөвшөөрөхгүй гэж гүрийж байгаа ч удахгүй ингэх хэрэг гарах байх. Бразилийн гүйцэтгэх үүрэг ролийг америкчууд хичнээн бууруулахыг хүссэн ч жилээс жилд энэ нь улам хэцүү болж байна. Америкчууд Бразилийг холбоотноо болгох уу эсвэл тохиолдлын замын ханиа гэж байгаа юу?
Ямар ч гэсэн тус улсын шинэ Ерөнхийлөгч Дилма Руссефийн тангараг өргөх ёслол дээр “туслахын туслах”-аа бус харин Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өөрийн биеэр очсон нь нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг нотоллоо. Өөрөөр хэлбэл америкчууд Бразилийг “тоож эхэлжээ”.