Шинэ BRIC гэж хэн бэ?
Эдийн засагч Голдман Сакс Джим О’Нил 2001 онд анх “BRIC” гэсэн нэр томъёог бодож олжээ. Бразил, Орос, Энэтхэг, Хятад /Brazil, Russia, India, China/ гэсэн хөгжиж буй 4 улсын нэрсийн эхний үсэг “BRIC” болсон түүх ердөө энэ. Эдийн засагч О’Нил “Хөгжиж буй зах зээл гэсэн нэр томъёо хэтэрхий өргөн хүрээг хамардаг. Учир нь хурдан өсч дэвжих ирээдүйтэй, үйлдвэржиж буй аль ч оронд хамаатай. Тухайлбал 25-30 улс. “Гэтэл BRIC”-ийн дөрвөлийг Шри-Ланк, Эстон улстай харьцуулахад асар их потенциалтай. Тодруулбал Бразили, Орос хоёр байгалийн асар их баялаг нөөцтэй. Харин Хятад, Энэтхэг улсууд төрөл бүрийн бараа үйлдвэрлэл, экспортоор тэргүүлдэг” хэмээн тайлбарлажээ.
Харин 10 жилийн дараа буюу 2011 онд О’Нил хөгжиж буй зах зээлээс дахин 4 шинийг нь ялган авч үзэж байгаагаа мэдэгдэв. Тэдгээр улс орнууд “BRIC”-ийн түвшинд хүрсэн гэсэн үг гэнэ. Үүнд Турк, Индонези, Мексик, Өмнөд Солонгос (TIMS хэмээн товчилж болох юм) багтжээ. Одоо “BRIC” ба “TIMS”-ийг тэгшитгэн авч үзээд, “хөгжиж буй зах зээл” гэж О’Нил тэмдэглэв.
“TIMS” ямар учраас энэхүү хөгжиж буй зах зээлийн шинэ “элит” ангилалд оров? Эсвэл эдгээр нэр томъёо нь зүгээр л эдийн засагчдын өөрсдийгөө зөвтгөх гэсэн маркетингийн арга юм биш биз? Иймээс улс тус бүрээр авч үзье.
Турк улс
Энэ улсын эдийн засаг өндрөөр үнэлэгддэг. Яагаад гэвэл Турк 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үед тэсэн гарч чадсан төдийгүй энэ үеэр тус улсын нэг ч банк дампуураагүй. Үүний шалтгаан нь өрийн бичиг буюу “муу актив”-д хязгаарлалт тавьсан явдал гэж эдийн засагчид үздэг. 2010 оны 12-р сарын 31-ний өдөр Туркийн зах зээл үзүүлэлтээрээ Аргентины дараа 2-т орсон юм. Тэрчлэн энэ зах зээл 2010 оны 1-р сард “Moody’s”-аас зээлийн шинэчлэл хүлээн авч чадсан билээ. Гэтэл тэр үед хөрш Грек улс нь эгээтэй л Акрополио өрөнд өгчихөөгүй шүү дээ.
Тэгэхээр энэ бол “BRIC”-ийн статуст тэнцэх хангалттай үзүүлэлт юм. Хэдийгээр төрийн хатуу гар хөндлөнгөөс оролцож, улс орноо санхүүгийн хямрал дундуур авч явдаг ч энд хувийн салбар хурдан хөгжиж байгаа. Тэгээд ч өрнөдөд нээлттэй энэхүү лал-барууны хосолмол эртний соёл иргэншлийн ДНК-д худалдаа гүн сууж байдаг гэхэд хилсдэхгүй.
Амин чухал үйлдвэрлэл: Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хүчтэй хөгжсөн. Итгэмээргүй мэт боловч Турк нь хөлөг онгоцны барилгын салбараар дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг. Удахгүй Европ, Ойрхи Дорнодын орнууд шинээр бүтээн босгож эхлэхдээ энэхүү маш чухал дэд бүтцээ хамгийн түрүүнд сайжруулах юм. Үүнд л Туркийн барилгын салбарын ирээдүйн асар их ашиг орлого нуугдаж байгаа.
Индонези улс
1997 оны Азийн санхүүгийн хямралын үеэр Индонези тэг цэг дээр оршиж байсан. Түүний хөгжил цэцэглэлтэд орох замыг өмнөхөөс илүү нээлттэй нийгэм-улстөрийн уур амьсгал бүрдүүлсэн юм. Энэ улс “G-20”-ийн хамгийн хурдан өсч байгаа 3 эдийн засгийн нэг, нөгөө 2 нь Энэтхэг, Хятад. 2010 онд Индонезийн хөрөнгийн зах зээл Азид хамгийн хүчтэй байж чадлаа. Гэхдээ энэ нь “BRIC”-ийн статуст тохирох хангалттай үзүүлэлт биш. Яагаад гэвэл энд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажиллагаа хангалтгүй, гэхдээ тэд үргэлжлүүлэн тэмцсээр байна. Гэвч тус улсынЗасгийн газрын түшмэдийн дунд авлига, хээл хахууль өргөн тархсан тул энэ зорилгодоо хүрэхэд хүндрэлтэй байгаа. Энэ муухай зуршлаасаа ангижирч чадсан цагт байдал эрс өөрчлөгдөх биз ээ.
Амин чухал үйлдвэрлэл: Нефть, байгалийн хий. Эдгээр салбарт Засгийн газар давамгайлж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг тэлэх ба шинэ тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах нь дутмаг учраас хөгжиж чаддаггүй. Хэрэв энэ салбарт хувьчлал явуулвал өсөлтийг дэмжиж, Индонезийг нефть импортлогчоос хүчтэй экспортлогч болгон хувиргах байх.
Мексик улс
Мексикийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бараг тэр чигтээ дан сөрөг өнгө аястай бөгөөд хар тамхины мафи, хууль бус цагаачдын үйлдсэн хүчирхийлэл дээр төвлөрсөн байдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Гэхдээ энэ улсын эдийн засаг 2010 онд 5 хувийн өсөлт үзүүлсэн. Үүнээс нэгхэн жилийн өмнө буюу 2009 онд 6.1 %-ийн бууралттай байсан шүү дээ. Мексик нь нефтийн үйлдвэрлэлээр дэлхийд 6-д ордог. Мөн авто машин, электроникийн барааны /голдуу АНУ-аас/ найдвартай экспортлогч. Энэ улс “BRIC”-ийн түвшинд яг тохирно. Чөлөөт худалдааны гэрээний ачаар Мексик том тоглогч болон хувирсан. Улс орон нь нэлээд хэмжээгээр экспортод суурилж, 40 гаруй улстай гэрээ байгуулан ажилладаг. Үүний зэрэгцээ Умард Америкийн чөлөөт худалдааны тухай хэлэлцээр Мексикт хамгийн хүчтэй импульс өгдөг.
Амин чухал үйлдвэрлэл: Автомашины салбар. Умард Америкийн чөлөөт худалдааны тухай гэрээний хүрээнд автомашин үйлдвэрлэгчид ийшээгээ хямд ажлын хүч хайж очсон бололтой. Гэхдээ нэг баримтыг дурдахад Том гурвал буюу “Форд моторс”, “Женерал моторс”, “Крайслер” компаниуд үнэндээ Мексикт 1930-аад оноос байрлаж байгаа. Ер нь энэ улсад байхгүй автомашин үйлдвэрлэгчийг олох хэцүү. Та өөрөө хар л даа, “Honda”, “Toyota”, “Mercedes”, “Nissan”, “Volkswagen”, “BMW”... Тэд бүгд л Мексикт өөрсдийн үйлдвэрлэлээс гадна сэлбэгийн нийлүүлэгчид, эрдэм шинжилгээ-судалгааны төвүүдээ зөөж авч ирсэн.
Өмнөд Солонгос
Энэ улс 1960-1990 онд дэлхийн хамгийн хурдан өсч байгаа эдийн засгийн нэг байлаа. Жил тутам тус улсын ДНБ жилд 8 хувиар өсч байсан юм. Энэ улс 2 жилийн өмнө дэлхийн санхүүгийн хямралын нөхцөлд ч бууралт, уналтаас зайлсхийж чадсан гавъяатай. Мөн ажилгүйдлийн түвшин доогуур хэвээр.
“BRIC”-ийн статуст тохирохгүй нэг л юм бий. Энэ бол хойд хөрштэйгээ харилцаа тогтворгүй. Иймээс Өмнөд Солонгосын ойрын ирээдүйг дан эерэг, өөдрөг өнгөөр тодорхойлох хэцүү.
Амин чухал үйлдвэрлэл: Хөлөг онгоц барилгын салбар. Хятад улс саяхан Өмнөд Солонгосыг гүйцэн түрүүлж, дэлхийн томоохон хөлөг онгоц баригч болсон. Гэвч Сөүл энэ алдраа буцааж авах санаатай үзэж тарж байгаа.
Нефтийн үнэ өссөөр байна, Энэтхэг, Хятад зэрэг том гүрнүүд бараагаа зах зээл рүү гаргах хэрэгтэй нь ойлгомжтой. Тэгэхээр Өмнөд Солонгосын барилгын ажлын ирээдүй, тухайлбал том контейнерийн хөлөг онгоцуудыг барих их хэтийн төлөв маш сайхан байгаа.
Тохиолдол байсан ч “TIMS”-д багтсан нь ашигтай
Өнөөдөр яагаад иймэрхүү товчлол үүсэх болов? Мэдээллийн их эринд ер нь бүхнийг товчлох хандлага үүссэн нь үнэн. Гэхдээ энэ 4 улсад /TIMS/ адил төстэй юм бий юу? Цаад гүн утга агуулга нь юу вэ?
Үнэндээ хөгжиж буй том зах зээл гэхээс өөр төстэй юм тэдэнд алга. Гэхдээ энэ хүчин зүйл л эдгээр орныг бусад улсуудаас илүү их хөрөнгө оруулалт татах боломж өгч байгаа.
Шударга, ажлаа мэддэг түшмэд, эрх чөлөөг хүндэтгэх, тэрчлэн чөлөөт зах зээл нь аливаа улс орны өсч дэвжих, хөгжих ирээдүйн гол үзүүлэлтүүд юм. “BRIC”, “TIMS”-ийн орнууд эдгээр салбарт нэлээд амжилтад хүрсэн. Иймээс дундаас дээш өсөлтийг хайдаг хөрөнгө оруулагчид эдгээр орныг анхааралдаа авах нь зайлшгүй. Яагаад гэвэл аливаа зөгнөл аандаа хэрэгжих хандлагыг үргэлж өөртөө агуулдаг. Тэгэхээр Голдман Саксын энэхүү шинэ нэр томъёоны ачаар өөр газарт оруулах гэж байсан гадаадын хөрөнгө оруулалтуудыг “TIMS”-д татан төвлөрүүлэх магадлалтай юм. Ийм учраас манай монголчууд ч гэсэн олон улсын хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн аливаа нэгэн жагсаалт, нэр томъёонд нэрээ хавчуулахыг оролдох хэрэгтэй мэт.