Туркийн улстөрийн ирээдүй
2011.07.07

Туркийн улстөрийн ирээдүй

-Олон улсын тоймч Мариус Вэкэрелугийн нийтлэлээс-

Евразийн улстөрийг ойлгохын тулд юуны өмнө эндхийн стратегийн чухал хоёр “цэг” болох  Босфор, Гибралтар нарыг анхааралдаа авах ёстой. Туркийн хяналт доор байдаг Босфор бол геополитикийн буцалж буй халуухан цэг харин Гибралтар бол цэл хүйтэн, яг л Лондоны тооцоотой, цэвдэг толгой шиг.


Олон улсын улстөрийн анализын үүднээс авч үзвэл Турк нь хамгийн төвөгтэй, ээдрээтэй орны жишээ. Энэ улсыг олон улсын харилцааны ямар ч мэргэжилтэн заавал анхаарч, судалдаг. Энэ хандлагын гол үндэс нь Туркийн дотоодын гурав, гадны нэг элемент юм. Тухайлбал Туркийн дотоодын улстөрийн бодлого нь газар зүйн байрлал, хүн ам, шашин буюу тодруулбал энэ улсын нийгэмд шашны эзэлж байгаа байр суурьтай холбоотой асуудлууд бол гадаад элемент нь Турк улсын Европын холбоонд багтах хүсэл эрмэлзлэл гэж үзэж болно.


Турк улс нь Европ тивийн асуудалд зөвхөн Францын ачаар л тогтмол оролцох болсон. Тухайн үед буюу XVII зуунд Франц улс хөрш орнуудаа давж гарч, хүчний харьцааг тэнцвэржүүлэхийн тулд Туркийн Султантай гэрээ байгуулж, холбоотон болсон билээ. Гэхдээ бодит байдал дээр Туркийн үүрэг роль харьцангуй бага байсан. Энэ улс нь хөгшин Европын мөрий төдий л байсан гэхэд хилсдэхгүй. Тэр бүү хэл дэлхийн хоёр ч дайны үед Турктэй тогтоосон холбоог аль ч улс юман чинээд бодож байгаагүй. Гэхдээ геополитикийн хувьд чухал байрлалтай Анкараг аль ч лагерь нь өөрийн талд байлгахыг хичээж ирсэн нь ойлгомжтой.


Дэлхийн II дайны дараагаас геополитикийн нөхцөл байдал маш хүндэрч, өнөөг хүртэл үргэлжилж байна. Зөвхөн АНУ, ЗХУ хоёр дэлхийн нөхцөл байдлыг тодорхойлж эхэлсэн тэр цагаас Турк нь бүс нутагтаа тэргүүлэх байр суурийг эзлэх болсон. Дэлхийн бусад улсаас ялгаатай нь Турк улсад Төв Азийн бараг бүх орны иргэд амьдардаг бөгөөд тажикуудаас бусад нь бүгд турк хэлээр ярьдаг.



Хөрш орнууд руугаа хандсан бодлогыг авч үзье. Турк нь Албанийн хувьд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Санхүүгийн пирамидын эргэн тойронд дэгдсэн дуулиан оргил үедээ хүрсэн үед Турк улс өөрийн 5000 цэргээ илгээж, Албанийг сүйрлээс аварч байсан. Зарим нь Туркийн цэрэг Албанид орж ирсэн нь АНУ-ын санаачилга гэдэг. Ямар ч гэсэн Грек улсыг Балканы өмнөд хэсгийн цорын ганц эзэн болохоос сэрэмжлэн, туркууд цаашид ч энэ бодлогоо үргэлжлүүлэх байх. Харин Грек ба Сербийн /одоо Косово/ хооронд оршдог Македонийн хувьд өгүүлэхэд энэ улсыг байгуулагдахыг хөршүүд нь огтхон ч хүсээгүй. Македоний цорын ганц ивээгч нь Болгар. Гэхдээ Болгар нь Туркийн сүүдэрт энэ бүхнээ хийдгийг тэмдэглэх нь зүйтэй. Яагаад гэвэл Турк улс нь Грекийн нөлөө ихсэхээс сэргийлж байгаа нь тэр. Туркийн дараагийн удирдлага ч ийм байр суурийг үргэлжлүүлэх нь дамжиггүй. Тэгээд ч тухайн бүс нутагт туркууд өөр бодлого явуулах арга байхгүй. Тогтвортой, тэнцвэрт байдал Балканы жижиг улсуудын хувьд ашигтай төдийгүй мөн Анкараг Европын холбоонд элсэхэд ч чухал үүрэгтэй. Хөрш Сербийн хувьд далайд гарах гарцаа алдсан учраас бүс нутагтаа хүчтэй бодлого явуулж чадахгүй. Тэр бүү хэл Серб нь Европын улстөрд ямар ч үүрэггүй гэж болно.


Харин Туркэд асуудал үүсгэдэг хоёр улс бий. Энэ нь Болгар ба Грек. Тэдгээр орон бол НАТО, Европын холбооны гишүүд. Гэхдээ Болгар улс хүн амын бодлогын хямралд автсан. Болгарын улстөрийн тавцанд энд суурьшсан туркууд том үүрэг гүйцэтгэдэг юм байна. Тэр бүү хэл эдгээр туркууд Болгарын төсвийн нэлээд хэсгийг намынхаа тусламжтайгаар хянаж байдаг аж. Иймээс Туркийн удирдлага нь Болгарт аж төрдөг хоёр үндэстний хоорондын сайн харилцааг хангахад санаа тавих нь аргагүй. Тэгээд ч хүн амын бодлогын дарамт нь туркууд гэхээсээ болгарчуудад хүнд тусдаг. Хэрэв Болгарын эдийн засгийн өсөлт эрчимжвэл Туркээс улам олон иргэд ирж суурьшин, нөхцөл байдлыг улам хүндрүүлэх магадлалтай.


Грек улс нь Туркийн мөнхийн өрсөлдөгч. Энэ хоёр орон бие биеийнхээ эсрэг хэзээ нэгэн цагт цэргийн ажиллагаа явуулж болзошгүй юм. Хоёр орны маргаан, зөрчил олон талтай, тухайлбал Туркийн эрэг дагуух арлуудаас өгсүүлээд Кипр болон эх газрын нүүрс-усаар баялаг ордууд гээд. Иймээс ирээдүйд Грекийн талаар явуулдаг өнөөгийн бодлогоо Турк улс өөрчлөх нь юу л бол.


Туркийн алсын хөрш Европын холбооны орнуудад амьдардаг туркуудын тоо улам нэмэгдсээр байгаа ба одоо 2 сая гаруйд хүрчээ. Хамгийн олон турк цагаачтай улс бол Герман, тэгээд Голланд, Швейцарь ордог. Ялангуяа Германы дорнод нутагт асар олон туркууд суурьшсанаар гэмт хэргийн дэгдэлтийн түвшин дээгүүрт орорх болжээ. Германы 2002 оны парламентын сонгуульд цагаач туркууд ялалт байгуулж, Бундестагт /доод танхим/ нэг депутаттай болсон. Тэгэхээр Туркийн улстөрийн лидерүүд нь Анкара ба Берлиний хооронд цагдаагийнхны хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хичээж эхэлсэн. Учир нь хүчирхэг Герман дэмжвэл Турк улс Европын холбоонд элсэх магадлал нь нэмэгдэх юм. Голланд, Швейцарьд хэдийгээр туркууд дасан зохицох нь удаан байгаа ч эдгээр оронтой ч сайн харилцаагаа хөгжүүлэхийг Туркийн төр засаг хичээх нь ойлгомжтой.


Турк улс хил хязгаартай холбоотой геополитикийн бодлогоо 3 чиглэлд явуулах байх. Энд юуны өмнө Израиль, Сири улсууд орно. Дорно зүгт Ирак, Иран болон ЗХУ-ын хуучин орнууд, хойд чиглэлд Кавказ ба Хар тэнгисийн бүс нутгийн нөхцөл байдлыг бодолцох шаардлага үүснэ. Одоогоор Турк улс Израильтай бат бөх холбоо тогтоосон байгаа. Гэхдээ АНУ-ын байр суурь энд чухал үүрэгтэй. Яагаад гэвэл хоёр орны аль нь ч энэ улстай чөлөөтэй харьцаж чадахгүй. Гэхдээ энд Турктэй холбоотой өөр нэг асуудал гарч ирсэн. АНУ-ын үнэн холбоотон хоёр орон усны гэрээ байгуулан, улмаар Турк улс усаа Израиль руу экспортлох болсноор Сирийн дургүйцлийг хүргэжээ. Яагаад гэвэл энэ тохиолдолд Сири нь Тигр, Евфрат мөрний усаас таслагдаж байгаа юм. Гэхдээ Турк улс Сиритэй харьцаагаа муутгахыг хүсэхгүй. Учир нь энэ улсын засгийн эрхэнд баасист дэглэм байдаг. Үүний ачаар Дамаск нь хэт даврагч исламистуудыг Туркийн газар нутаг руу нэвтрэхэд саад болох шүүлтүүр болж хувирчээ. Хэрэв Сири улс унавал Европ тивийг исламистуудаас хамгаалах үүрэг зөвхөн Туркэд ногдох юм.

 

Ингээд бүс нутагтаа 680 мянган цэрэгтэй ч Турк улсын дотоодын асуудал нь хүндэрч ирэх магадлалтай. Дашрамд дурдахад Туркийн арми 2004 онтой харьцуулахад 100 мянган цэргээр нэмэгджээ.


Туркийн өмнөд хил дээр Палестинд нааштай хандах харилцаа тогтсон ч энэ нь хэт давамгайлбал сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаа. Энэ бүс нутагт саяхан өөр нэг шинэ асуудал дэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Палестин улсыг 1967 оны хилээр байгуулна гэж 2011 оны 5-р сарын 19-нд мэдэгдсэн нь Тель-Авивын дургүйцлийг хүргэсэн юм. Хэрэв Обама 2012 онд ялагдвал Турк-Израилийн харилцаанд эерэг нөлөөлөх биз ээ. Туркийн хойд хэсэгт оршдог Хар тэнгис, Кавказын гол асуудал нь үндэстэн ястнуудын ялгаа. Тухайлбал Азербайжан улс Турктэй нэг хэлээр ярьдаг ч шашин өөр. Мөн энэ улс нефтиэр баялаг учраас дэлхийн олон орны анхаарлын төвд байдаг. Ийм учраас Анкара энд давамгайлах байр суурьтай болж чадахгүй байгаа. Үүний зэрэгцээ Азербайжан 8 сая хүн амтай хэрнээ 16 сая иргэн нь Иранд амьдардаг. Ингэснээр бүс нутгийн хоёр том гүрний маргааны шалтаг болжээ. Иймээс Азейрбайжанд гуравдагч улс олох шаардлага бий. Өөрөөр хэлбэл Иранаар дэмжүүлдэг хэрнээ Туркэд асуудал үүсгэдэг орон. Энэ нь Армян байж болох юм. Энэ орныг 3 улс дэмждэг. Иран, ОХУ хоёр Туркийн эсрэг жин дарахыг хүсэн Армяныг дэмждэг бол 3 дахь улс нь АНУ. Эндээс Турк, Армяний асуудал урган гарч байна. АНУ хоёуланг дэмжээд аль нэгт нь илүү туслахгүй байх вий гэж эдгээр орон өрсөлддөг. Харин ОХУ нь Туркийг дэмжиж байгаа нь энэ улстай нийлэн, хамтдаа Хар тэнгисийг блоклох зорилго агуулжээ. Түүнчлэн ОХУ нь Армяныг ч дэмждэг бөгөөд түүнийг Кавказ дахь хамгийн үнэнч холбоотноо гэж үздэг. Иймээс энэ хүнд “тоглоом”-оос Турк ямар ашиг гаргах вэ. Анкарагийн хувьд Каспийн нефтьд нэвтрэх нь их чухал. Гэхдээ үүний тулд Азербайжантай нийлэх хил байх ёстой. Хамгийн богино дамжлага бол Уулын Карабах. Өөр тохиолдолд нефть Иранаар дамжих юм. Гэтэл Баку ба Тегераны харилцаа сайнгүй. Харин одоо Туркийн нефть Гүржээр дайрч байгаа. Иймээс Турк-Ираны харилцааны түлхүүр бол Армяны хяналтад оршдог Азербайжан. Анкара харин хүссэн хил, газар нутгаа авахын тулд юу ч хийхэд бэлэн. Харин үүнийг Тегеран, Москвагийн аль аль нь хүсэхгүй. Харин ч ОХУ, Иран хоёр Анкараг Каспийн тэнгис руу нэвтрүүлэхгүйн тулд хамаг хүчээ дайчлах нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ Турк Армяны эвлэрэл нь геноцидтой холбоотойгоор огт боломжгүй зүйл. Туркийн эдийн засаг бүс нутагтаа хүчирхэг учраас ирээдүйд хамгийн чухал үүрэг энэ улсад л ногдоно. Туркэд олон давуу тал бий. Бүс нутгийн хэлний язгуур ивээн тэтгэгч, учир нь энд Тажикистанаас бусад бүх орон турк хэлээр ярьдаг. Исламын улс хэрнээ /удирддаг нам/ хэт нөлөөтэй бус, энэ нь энгийн иргэдэд илүү сайн нөлөөлдөг. Хамгийн гол нь Турк улс бол бүс нутагтаа хамгийн эрүүл эдийн засагтай. Энэ бүх хүчин зүйлээс үзэхэд Турк улс ойрын ирээдүйд бүс нутагтаа шийдвэрлэх үүрэгтэй болно гэсэн дүгнэлтэд хүрч байна.



Турк ба Ираны улс бүс нутагт чухал үүрэгтэй. Энд Арабын хүчин зүйл, тодруулбал Ирак суларснаар энэ 2 улсад ганц л зам байна. Тодруулбал тэд хамтран ажиллах ёстой. 2003 оны цэргийн ажиллагаанаас тэд хоёулаа хожсон. Турк ба Ираны байр суурь, геополитикийн нөхцөл байдлын улмаас тэд холбоо тогтоох магадлал бий.


Дотоодын асуудлын хувьд Турк нь урьдын сүйрэлд хүргэх шахсан олон асуудлаа шийдэж чадсан /ялангуяа хүчтэй валют орж ирсний дараа/. Энэ нь түүнийг бүс нутгийн эдийн засагт тэргүүлэх байранд оруулснаас Турк улс эдийн засгийн хямралд нэг их өртөөгүй.


Сүүлийн жилүүдэд Ахмет Давидоглу, Реджеп Таип Эрдоган нар Турк улсыг илүү хатуу байр суурьтай болгож чадсан бөгөөд бүс нутгийн жинхэнэ лидер хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн. Гэтэл одоогоор исламын олон орон ноцтой асуудлуудтай тулгарч байна.


Турк улсад дэлхийн олон орны геополитикийн анхаарал төвлөрдөг. Иймээс тоймчид Туркийг Европын холбоонд багтах ёстой гэж дүгнэж байна. Туркийн хүсэл удахгүй биелэх бололтой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.