Франц, Британийг холбосон "Channel Tunnel"
2011.08.10

Франц, Британийг холбосон "Channel Tunnel"

Францын "Channel Tunnel" буюу Евро туннель хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том инженерийн бүтээн байгуулалт. Энэ нүсэр байгууламжийн гайхамшиг Франц, Британийг Ла Маншийн хоолойн усан доогуур буюу далайн ёроолоос доош 45 км-ийн гүнд, 50 км урт метро барин холбосонд оршдог. Английн Кент мужийн Фолкстон, Францын хойд нутгийн Кале хотуудыг газар доогуур холбосон энэ метро өдөрт 600 галт тэрэг нэвтрэн өнгөрүүлэх хүчин чадалтай, хоёр үйлчилгээний төв бүхий нэг хонгилоос бүрддэг нүсэр байгууламж. Зорчих хэсгийн хонгилын голч 7.6 метр, үйлчилгээний хэсгийнх 4.8 метр. Далайн усан дор, газрын гүнд бүтээн босгосон энэ гайхамшгийн ачаар хоёр улсын хооронд 30 хүрэхгүй минут зорчих боломжтой болсон юм.



Хоёр улсыг газар доогуур холбох санааг анх 1802 онд Францын уул уурхайн инженер Алберт Матье Фавье гаргасан гэдэг. Гэвч туршилтын ажил 1875 онд эхэлжээ. Харамсалтай нь бүтээн байгуулалтаас илүү цэрэг, батлан хамгаалах салбарт хүч, хөрөнгө зориулдаг байсан үе тул удалгүй ажил зогссон байна. Энэхүү байдал 1950 он хүртэл үргэлжилсэн юм. Үүнээс хойш хэд хэдэн удаа хонгилын ажил эхэлсэн ч хамгийн дээд тал нь 740 метр урагшлаад зогсч байв.

1987 онд хоёр тал энэ байдлыг эцэс болгохоор ярьж тохиролцсон ч бэлтгэл ажилд жил зарцуулж 1988 оноос байгууламжийн ажил жинхэнэ ёсоор эхэлжээ. Нийт 15 мянган хүн дайчилсан бүтээн байгуулалтын ажил долоон жил үргэлжилсэн бөгөөд 16 тэрбум ам.доллар зарцуулж, газрын гүнээс 7000 тонн шороог гадарга дээр асгажээ. Өндөр хурдны галт тэрэгний үйлчилгээний энэ цогцолборыг 1994 оны тавдугаар сарын 6-нд Британийн хатан II Елизабет, Францын Ерөнхийлөгч Франсуа Миттеран нар албан ёсоор нээв. Жилд ойролцоогоор долоон сая зорчигч үйлчлүүлдэг ч эхний зургаан жилд 112 сая хүн тээвэрлэсэн гэдэг.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.