2020.12.03

О.Цогтгэрэл: Татвар бүрдүүлэгч дундаж давхаргын орлого зогссон энэ үед төрийн өндөр албан тушаалтнууд ачааг нь хуваалцах хэрэгтэй

УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асуулаа:

Тооцоолоогүй хүндрэл бэрхшээлд улс орноороо орчихлоо. Энэ ачааллыг хэн хэн үүрэх вэ? Нэг хэсэг нь төр гээд байгаа. Төр гэдэг чинь төрийн мөнгө гэж халаасалсан мөнгө байхгүй. Татвар төлөгчидийн мөнгө эсвэл ард иргэдийн ирээдүйг барьцаалж зээл авна. Тэгэхээр энэ ачаалалд иргэд, бизнес эрхлэгчид өртөж байна. Харин нөгөө талд нь ачааны хүндийг хуваалцаж болох хэсэг бол Төрийн албан хаагчид, төрийн өмчит компаниуд юм шиг санагдаж байна. 200-аад мянган  төрийн албан хаагчид төрийн өмчит компаний ажилчид орохгүйгээр цалин, урамшуулал нэмэгдэлтэйгээр нийлээд 2.4 их наядын цалингийн сан байна. 2.4 их наядын цалингийн сангийнхаа 20 хувийг бусад салбар руу танаж хойшлуулан гаргаж болох юм биш үү? 2.4 их наядын 20 хувь нь 500 тэрбум төгрөг байна. Магадгүй үүнд ялгаатайгаар тодорхой үе шатнаас дээших хүмүүс нь арай илүү өндөр хувиар энд оролцож болно. Төрийн алба гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг. Тэгэхээр үүнийг хамтдаа үүрэлцье. 

Нөгөө талдаа тогтоолыг харахаар асуудлын хойноос яваад байна. Зарим нэг асуудлыг ер нь корона-19-ыг зөвөөр яаж ашиглах вэ? Зайнаас харилцаж байгаа учраас дэд бүтцийн асуудлыг нь шийдэж болж байна. Үүний дараа уян сайн дэд бүтцээ бий болгочихвол том алхам гарч болох юм биш үү. Асуудлыг хөөж биш, асуудлыг амдсан шийдвэрийг энэ тогтоолдоо бэлдэж тусгах хэрэгтэй байна. 

Түүний асуултанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-амгалан хариуллаа.

Монгол Улсад авдараа уудлаад харвал маш их боломжууд байна. Энэ нөөц бололцоонууд Улсын үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниуд дээр байна гэж харж байна. Үндсэндээ баланс дээрээ 30 их наядаа ямар ч эзэндээ өгөөж өгдөггүй хөрөнгийн эзэд болчихоод байна. Хямрал өөрөө боломж юм. 200.000 ажилтан албан хаагчдын цалин урамшууллын асуудлыг эргэн харж, төсвийн боломж нөөц болгож харах ёстой юм.