“Эрдэнэс-Тавантолгой” ХК бизнес төлөвлөгөөгөө ТУЗ-д хүргүүллээ
"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөний төслөө Төлөөлөн удирдах зөвлөлд өчигдөр хүргүүлэв.
Компани 2016-2020 онд 6 ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсэн бөгөөд 2021-2025 онд 20 томоохон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх “А6-20” хөгжлийн хөтөлбөрт туссан, амжилттай хэрэгжүүлсэн 6 ажлыг компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярихдаа, "Өргүй, алдагдалгүй, ашигтай ажиллан, нөөцийг нэгтгэн баталж, компанийн бизнесийн үнэлгээ хийсэн, ажилчдын нийгмийн асуудал, уурхайн хөгжилд анхаарч, дэд бүтцийн төслүүдийг эхлүүлсэн, нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг эхлүүлэн, 1072 хувьцааг амь оруулсан" зэргийг дурдав.
Харин 2025 он хүртэл бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үүнд: Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Нүүрс ачилтын нэгдсэн төв, Хангимандал, Гашуунсухайт чиглэлийн авто зам, Тавантолгой цахилгаан станц, Нүүрс химийн үйлдвэр, гангийн үйлдвэр, Коксын үйлдвэр зэрэг төсөл багтаж байгаа юм.
Ажилчдын нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулж, 51000 хүн оршин суух Эрдэнэсийн хот байгуулах аж.
Мөн 1072 хувьцааг арилжих, өвлүүлэх боломж нээж, хувьцааны үнэлгээг бодит болгох, компанид группийн хэмжээний хөрөнгийн удирдлагын тогтолцоо бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Компанийн “А6-20” Бизнес төлөвлөгөө, холбогдох бичиг баримтыг ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэд гардуулж өглөө.
Энэ үеэр компанийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийн талаар танилцуулж, нийт төсвийн 95 хувийг бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт, үлдэх хувийг үйл ажиллагааны зардалд зарцуулахыг Б.Ганхуяг нэмж хэлэв.