Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо ХЭҮК-той хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
2020.12.14

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо ХЭҮК-той хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд нартай МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг нар өнөөдөр уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа ҮЭ-үүдийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, КОВИД-19 цар тахлын үеийн хөдөлмөрлөх эрхийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

ХЭҮК, МҮЭ-ийн холбоо олон жилийн хамтын ажиллагааны уламжлалтай. Хөл хорио тогтоохоос өмнө Өмнөговь аймгийн Цагаан хад дахь жолооч нарын ажил байдалд хоёр байгууллага хамтарсан үзлэг, шалгалт хийх байсан нь хойшилсныг энэ үеэр дуулгаж, Эрүүл мэндийн салбарт ажиллагчдын хөдөлмөрийн нөхцөл хүндэрч байгаа талаар хөндлөө.

ХЭҮК-ын Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан ХЭҮК-ын шинэ бүрэлдэхүүнийг танилцуулж, Ковид-19 цар тахлын үед иргэдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой тулгамдсан асуудлаар хамтран ажиллах, олон жилийн турш яригдаж буй Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг батлах тухай, хуулийн төсөлд орхигдсон зарим бүлгийн асуудлыг тусгах, УИХ-д хуулийн төсөлтэй холбоотой санал хүргүүлнэ гэлээ.

Ойрын үед Хүний эрхийн хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан дэмжлэг үзүүлж, саналаа өгөхийг хүссэн.

Эрүүл мэндийн салбарын ажилтан, эмч нарын хөдөлмөрийн орчин нөхцөл, хөдөлмөрлөх эрхийн хамтарсан судалгааг эхлүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уул уурхайн салбарт ажиллагсад, нүүрс тээврийн жолооч нарын хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр үзлэг шалгалт хийх, Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах зэргээр цаашид хамтын ажиллагааны төлөвлөгөөг үргэлжлүүлэхээр боллоо.