Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.
ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.
“Монгол Улсын үндэсний биет баялаг, давтагдашгүй үнэт зүйлд тооцогдож, ирээдүйд үнэ цэн нь өсөн нэмэгдэх хуримтлал үүсгэж, эрдэнэсийн сангийн эх нөөцийг бүрдүүлэх, хамгаалах, арвижуулах, тус сангаас хөрөнгө гүйлгээнд оруулах, захиран зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1994 онд Эрдэнэсийн сангийн тухай хуулийг баталж байсан. Хууль батлагдсанаас хойш 26 жилийн хугацаанд эрдэнэсийн төрөл нэмэгдсэн, үнэт чулуу, үнэт металлыг тодорхойлох олон улсын жишиг шинэчлэгдсэн, эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа өргөжсөн.
Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох"-оор тусгасан бөгөөд эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааг сайжруулах талаар Үндэсний аудитын газраас зөвлөмж гарсан байдаг.
Эрдэнэсийн сангийн тухай хуулийг шинэчлэхдээ холбогдох судалгааны үр дүнд үндэслэн зөвхөн эрдэнийн чулуу, үнэт металлаар эрдэнэсийг хязгаарлахгүй “түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл” зэрэг үнэт хөрөнгийг эрдэнэсэд тооцож, олон улсад хүлээн зөвшөөрч тогтсон ангиллаар тодорхойлдог байх, эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааг төв банкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, валютын зохицуулалтыг хэрэгжүүлэх чиглэлээр үнэт металл худалдан авдаг үйл ажиллагааг тусгаарлах, Монголбанкнаас эрдэнэсийн санг эрхлэх ажиллагааг өргөжүүлж, санхүүгийн тайланд тусгах, бүртгэх, хүн, хуулийн этгээдээс эрдэнэсийн сантай харилцах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэн тодорхойлохыг зорьсон.
Монгол Улсын үнэт хөрөнгийн хуримтлал болох эрдэнэсийн санг арвижуулах, бүртгэх, мэдээлэх зэрэг эрдэнэсийн санг эрхлэх Монголбанкны үйл ажиллагааг боловсронгуй болгох, үнэт металлын сорьцын зөрүүнээс төрд үүсэж болох санхүү, хууль зүйн эрсдэлийг бууруулах, эрдэнэсийн сан, эрдэнэс эзэмшиж байгаа төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн эрх үүргийг шинэчлэн тодорхойлох чиглэлээр боловсруулсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.