ЭЗБХ: Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.08) хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж, дараах асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хийлээ. Тэрбээр, “Монгол Улсын үндэсний биет баялаг, давтагдашгүй үнэт зүйлд тооцогдож, ирээдүйд үнэ цэн нь өсөн нэмэгдэх хуримтлал үүсгэж, эрдэнэсийн сангийн эх нөөцийг бүрдүүлэх, хамгаалах, арвижуулах, тус сангаас хөрөнгө гүйлгээнд оруулах, захиран зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1994 онд Эрдэнэсийн сангийн тухай хуулийг баталж байсан. Хууль батлагдсанаас хойш 26 жилийн хугацаанд эрдэнэсийн төрөл нэмэгдсэн, үнэт чулуу, үнэт металлыг тодорхойлох олон улсын жишиг шинэчлэгдсэн, эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа өргөжсөн.
Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох"-оор тусгасан бөгөөд эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааг сайжруулах талаар Үндэсний аудитын газраас зөвлөмж гарсан байдаг.
Эрдэнэсийн сангийн тухай хуулийг шинэчлэхдээ холбогдох судалгааны үр дүнд үндэслэн зөвхөн эрдэнийн чулуу, үнэт металлаар эрдэнэсийг хязгаарлахгүй “түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл” зэрэг үнэт хөрөнгийг эрдэнэсэд тооцож, олон улсад хүлээн зөвшөөрч тогтсон ангиллаар тодорхойлдог байх, эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааг төв банкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, валютын зохицуулалтыг хэрэгжүүлэх чиглэлээр үнэт металл худалдан авдаг үйл ажиллагааг тусгаарлах, Монголбанкнаас эрдэнэсийн санг эрхлэх ажиллагааг өргөжүүлж, санхүүгийн тайланд тусгах, бүртгэх, хүн, хуулийн этгээдээс эрдэнэсийн сантай харилцах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэн тодорхойлохыг зорьсон.
Монгол Улсын үнэт хөрөнгийн хуримтлал болох эрдэнэсийн санг арвижуулах, бүртгэх, мэдээлэх зэрэг эрдэнэсийн санг эрхлэх Монголбанкны үйл ажиллагааг боловсронгуй болгох, үнэт металлын сорьцын зөрүүнээс төрд үүсэж болох санхүү, хууль зүйн эрсдэлийг бууруулах, эрдэнэсийн сан, эрдэнэс эзэмшиж байгаа төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн эрх үүргийг шинэчлэн тодорхойлох чиглэлээр боловсруулсан." гэж танилцуулгадаа дурдав.
Хуулийн төсөл нь эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, уг харилцаанд төрийн байгууллагын эдлэх бүрэн эрх, иргэн, хуулийн этгээдийн оролцоог тодорхойлж, зохицуулсан нийт 6 бүлэг, 18 зүйлтэй.
Эрдэнэсийн санд холбогдох нэр томьёог олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна гүйлгээ сангийн зарцуулалт, эрдэнэсийн сангийн бүртгэл, тус санд олборлосон алт авах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх үйл ажиллагаа, иргэн, хуулийн этгээд эрдэнэс эзэмших, Монголбанк үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагаа явуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун эрдэнэсийн санд хадгалагдаж буй хөрөнгийг хэрхэн арвижуулах, хуулийн төсөлд “эрдэнэс”-ийг хэрхэн тодорхойлсон талаар тодруулсан асуултад хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ““эрдэнэс” гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, байгалийн төрцийг ойлгоно” гэж, мөн 3.1.4-т ““эрдэнэсийн сан” гэж төрийн нэрийн өмнөөс Монголбанк эрхлэх хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэх зэргээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгаа эрдэнэс, түүний дагалдах зүйл, хөрөнгийн хуримтлалыг ойлгоно” гэж нэр томьёог өргөн хүрээтэй болгож тусгалаа.
Эрдэнэсийн санд одоогийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 1.7 сая ширхэг эд зүйлс хадгалагдаж байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Эрдэнэсийн санг арвижуулах чиглэлээр Улсын Их Хурлаас 2.0 тэрбум төгрөгийн төсвийг баталсан. 2018 онд 970 сая төгрөг, 2019 онд 917 сая төгрөгөөр тус тус Эрдэнэсийн санг баяжуулсан гэдгийг ажлын хэсгийнхэн тайлбарлалаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр мөнгөөр үнэлэгдэхгүй үнэт зүйлийг шамшигдуулсан этгээдэд оногдуулах хариуцлагын талаар асуув. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хамт таван хуулийн төслийг боловсруулсан.
Эрүүгийн тухай хуульд “эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр Эрдэнэсийн сангийн үндсэн сангаас эрдэнэс зарцуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, “эрдэнэсийн сангийн байнгын хэсэг дэх эрдэнэсийг худалдсан, шилжүүлсэн, захиран зарцуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан.
Харин Зөрчлийн тухай хуульд “эрдэнэсийн сангийн орлого, зарлагыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”, “эрдэнэсийн сангийн хадгалалт, харуул хамгаалалтын журмыг зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох” зэрэг зохицуулалтыг оруулахаар төсөлд тусгасан. Хэлэлцүүлгийн явцад хуулийн хариуцлагыг чангатгах боломжтой гэдгийг С.Бямбацогт гишүүн хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Т.Доржханд, Х.Булгантуяа, Ц.Цэрэнпунцаг, Б.Жавхлан нар Эрдэнэсийн сангийн хөрөнгийн насжилтыг тодорхойлох аргачлал, технологийн шийдэл болон Эрдэнэсийн сангийн тодорхой соёлын үнэт зүйлсийг олон нийтэд дэлгэж, үзэсгэлэн гаргах замаар Монгол Улсыг сурталчлах, эрдэнэсийн санг арвижуулах, Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийг хүнд сурталгүй, шуурхай ажиллуулах, нууцлалын талаар асуулт асууж, хариулт авсан юм.
Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулахаар тогтлоо.