Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа.
Өнөөдрөөс эхлэн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн долоо хоног бүрийн даваа гарагт 08:00 цагаас цаг үеийн асуудлаар хуралдаж байхаар болов.
Хуралдаанаар арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны удирдлагуудад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар хэлэлцэв.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавирусийн тархалт, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, нийтийн хэв журам болон Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний үнийг бууруулж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг чөлөөлсөн нь иргэдийн бодит хэрэгцээнд хэрхэн уялдаж буй талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар болон дулаан хангамж, цахилгааны хэрэглээ хариуцсан удирдах албаныхан мэдээлэл өгөв.