О.Цогтгэрэл: Монгол Улсад гадаад худалдааны нэгдсэн бодлого, зохицуулалт алга
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.15\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс "Гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаар" Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариултыг өглөө.
Асуулгатай холбоотой гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Маш их олон зүйлийг хамааруулж үзэх байх гэж үзэж байна. Тээвэр ложистикийн компаниуд гэхэд зам барьдаг, замын компанид хамаараад явж байна. Тээвэр ложистикийн компани зам тээврийн яамны эрхлэх асуудал мөн үү, биш үү?
Яг өнөөдөр чөлөөт худалдааны маш олон хэлэлцээрийг Монгол Улс гадаад улс орнуудтай хийлээ. Япон, Европын холбоотой хөнгөлөлтийн хэлэлцээр хийлээ. Яг энэ хэлэлцээрүүдийн үр дүнд бид нар яаж хожиж байгаа вэ гэдэг асуудал энэ асуулгын хариуд байна лээ. Эргэлзээтэй. Яг үнэндээ нөгөө тал маань л илүү хожиж байгаа.
Тэгэхээр худалдаа дээр маш олон асуудал байна. Дэлхий нийтийг ингээд харахаар бид нарын сайн мэдэх Япон улсын эдийн засгийн төлөвлөлтийн гол байгууллагынх нь үндсэн нэршил гэхэд Худалдаа эдийн засгийн яам гэсэн байна. Худалдаа гэдгийг эдийн засаг, амьдрал гээд бараг томьёолчихсон байх жишээний.
Гэтэл орчин үед манайх алслагдмал, тээвэр ложистикийн сүлжээ, дэлхийн сүлжээнээс хол орон. Бид нарын хувьд худалдааны бодлого, холболтын бодлого гэдэг зүйл асар өндрөөр тавигдах ёстой болоод байна. Тэгэхээр үүн дээр бидэнд маш олон зүйл хэрэгтэй байна. Худалдааны бодлого нь зөвхөн нэг худалдааны хууль, арилжааны хууль гэдэг хүрээнд биш. Энэ ложистик, тээвэр, гэрээ хэлэлцлийн зардлыг бууруулах бүхий л зүйлс, бүр энэ дотор нотариат, шүүхийн харилцаа, арбитр, шуудан, хаягжилтын асуудал гээд маш олон зүйл орохоор болж байна.
Зөвхөн энэ гадаад худалдааны татварын асуудал гэхэд АНУ, БНХАУ хоёр 10 хувийн гадаад худалдааны татвартай байж байгаад 10-25 хувь болж өсөхөд худалдааны дайн гэдэг зүйл 25 хувийн хүрээнд яригдаж байхад, манайх хоёр хөрштэйгээ бараг 40 хүртэл хувийн худалдаа, гаалийн татварын харилцаа явуулж байна. Энэ бүхэн дээр худалдааны нэгдсэн бодлого гэдэг зүйл үнэхээр дутагдаж байна.
Бидэнд хийх ажлууд ч энэ хүрээнд маш их байна. Худалдааны чөлөөт бүсүүд гээд хоёр гааль дээр Алтанбулаг, Замын-Үүдэд нэг нэг хашаа барьчихсан байдаг. Яагаад цахим чөлөөт бүсийн асуудлыг энэ хүрээнд ярьж болохгүй юм. Худалдааны татвар, гаалийн тариф гээд байгаа татвар дээр ганцхан таван хувь гэдэг тоо биш үүнийг түлхүү оруулж ирвэл, Монголд ажлын байр бий болж бага хувийн татвартай, бэлэн бүтээгдэхүүн орж ирвэл арай их хувийн татвартай байх. Гэх мэтчилэн ялгаатай татварын тогтолцоо гэдэг зүйлийг хийх ёстой санагддаг юм. Энэ дээр би хуулийн төслийн баг гаргаад ажиллууж байгаа. Том дүнгээрээ бид нар худалдааны бодлого гэдэг бодлогыг өндөр дээд түвшинд авч үзэхээс аргагүй нөхцөл байдалд орчихсон байна. Энэ нь аргагүй нөхцөл байдал гэхээсээ илүүтэй бид үүний цаана асар их боломжийг алдаж байж магадгүй юм. Надад бол асуулт байхгүй байна.
Түүний асуултанд Гадаад хэргийн сайд Н.Энхтайван, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хариуллаа.
О.Цогтгэрэл гишүүний асуултыг санал гэж ойлголоо. Үүнийг ажилдаа тусган ажиллана. Худалдааны бодлого гэдэг нь бүх салбар оролцож байж тэдний уялдааг хангаж байж худалдааны хамгийн зөв, нэгдсэн бодлого гарна гэж ойлгож байна. Худалдааны нэгдсэн бодлогыг хангахын тулд бүтэц, зохион байгуулалт дээрээ илүү анхаарах ёстой юм. Нэгдсэн уялдааг хангах асуудал дээр цаашид анхаарч ажиллах болно.