Тэргүүн хатагтайг цэргийн гэмт хэрэгтэн шиг шийтгэх нь
2012.04.07

Тэргүүн хатагтайг цэргийн гэмт хэрэгтэн шиг шийтгэх нь

  • Түүнээс гадна интернэт худалдааг сонирхдоггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Энэ мэт улиг болсон, хувийн асуудлыг баримт болгох нь үнэхээр инээдтэй.
  • Харин Францын Гадаад харилцааны сайд Ален Жюппе «Бидэнд хангалттай баримт бий. Ерөнхийлөгч Башар Асадын гэргий мөнгөө хэрхэн үрж байгаа нь анхаарал татсан» хэмээжээ.
Ойрх Дорнод, Зүүн Африкийн судлаач Финиан Куннихамын «Сирийн эсрэг өрнөдийнхний явуулж буй сэтгэл зүйн дайн» нийтлэлийг орчуулан хүргэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гадаадын орнуудад харгис дайн өдөөж, агаараас довтолж, хүмүүсийг үй олноор нь хөнөөж байна. Түүнийг Ираны цөмийн салбарын эрдэмтдийг устгах тушаал гаргаж байх зуур гэргий нь хэдэн саяыг дизайнерын хувцас, гоёл чимэглэлд үрдэг. Энэ нь танд хэвийн мэт санагдах байх л даа. Гэхдээ тэргүүн хатагтай ч бас хариуцлага үүрэх ёстой.

Яг үүнтэй адил Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Францын Ерөнхийлөгч Николя Саркози нарын моод хөөсөн эхнэрүүд мөн л Ойрх Дорнод, Төв Азид үзүүлж буй хориг арга хэмжээ, Ливи рүү НАТО-гийнхон бөмбөг хаясан зэрэг асуудалд буруутай. Тэд ийм хариуцлага үүрэх ёсгүй гэж та бодож болох юм.

Гэхдээ бодит байдалд анхаарлаа хандуулбал Европын холбоо яг ийм утгагүй арга хэмжээг Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын гэргийд авчээ. Европын Гадаад харилцааны сайд нар Британи гаралтай Асма Асадыг Европын орнуудад хөл тавихыг хориглож, түүний хувьцааг хүчингүй болгосон. Үүний дараахан сонинууд дээр «Европын холбоо Асадын эхнэрт хориг арга хэмжээ авлаа» гэсэн мэдээллийг цацаж эхлэв.

Ингэхдээ Сирийн тэргүүн хатагтай, ганган хээнцэр, тачаангуй, 36 настай энэ бүсгүйг, улс оронд нь тохиолдож буй зовлон, хүчирхийллийг үл тоодог хэмээн харуулахыг зорьжээ. "Вашингтон пост" сонин түүнийг Сирийн Мария Антуанетта хэмээгээд, «Улс оронд нь цус урсаж байхад болор шигтгээтэй туфль сонгож байсан» гэж бичсэн байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү гүжир гүтгэлгээ баримт дээр тулгуурлан гаргасан гэж байгаа. Тухайлбал Асад хатагтайн цахим шуудан, Асадын гэр бүлийн захидлын хэсгийг тэд баримт нотолгоо гэж үзэж буй. Тэр бүү хэл «Гвардиан» сонин эдгээр захидлыг үнэн хэмээн баталж, Сирийн сөрөг хүчнийхнээс ирсэн гэжээ. Гэхдээ эдгээр баримтыг «МИ-6» тусгай албаныхан өөрсдөө зохиосон байх магадлалтай.

Түүнээс гадна интернэт худалдааг сонирхдоггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Энэ мэт улиг болсон, хувийн асуудлыг баримт болгох нь үнэхээр инээдтэй. Өрнөдийн хэвлэл мэдээллүүд британи гаралтай хатагтай Асадыг моодны эд зүйлсэд 40 мянга гаруй евро цацсан хэмээжээ. Европын холбоо хатагтай Асадад хориг арга хэмжээ авсны дараа Британийн Гадаад харилцааны сайд Уильям Хейг «Энэ бол Европын холбооны бүх үндэстний шийдвэр. Европын холбоо Сирид үзүүлэх дарамтаа улам нэмэгдүүлж, дипломат, эдийн засгийн аргаар дэглэмийг нь нураах болно» хэмээн мэдэгдсэн байна.

Харин Францын Гадаад харилцааны сайд Ален Жюппе «Бидэнд хангалттай баримт бий. Ерөнхийлөгч Башар Асадын гэргий мөнгөө хэрхэн үрж байгаа нь анхаарал татсан» хэмээжээ. Гэтэл Жюппе өөрөө 2004 онд улсын мөнгийг үрэн таран хийсэн хэргээр шүүхээс ял сонсож, хагас жил шоронд суусан.
Ийнхүү эргэлзээтэй мэдээлэл нэг хэвлэлээс нөгөө рүү дамжсаар, Европын холбооны сайд нарын хориг болон өргөжиж, сэтгэл зүйн дайныг өдөөж эхэллээ.

Үүнээс гадна Дамаск, Тегераны харилцааг ганхуулах зорилгоор өрнөдийн Засгийн газрууд, тэдний боол болсон ихэнх хэвлэл мэдээллийнхэн Сирийн хүчирхийлэл, зөрчилдөөний талаарх мэдээллийг байнга гажуудуулж байна. Тэд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг ард түмнээ хөнөөж байна хэмээн зогсоо зайгүй буруутгаж байгаа.

Уг нь Башар Асадын зэвсэгт хүчин АНУ, Их Британи, Франц, Израиль, Турк, Аль-Кайдатай холбоотой Персийн булангийн орнуудын хаадын явуулж буй зэвсэгт алан хядлагаас энгийн номхон ард иргэдээ хамгаалах зорилготой юм. Сирийн засаг захиргааг аймшигт мангас болгох гэсэн өрнөдийнхний санаа сүүлдээ утгаа алдаж, хатагтай Асадад халджээ. Ингэхдээ тэд хатагтай Асадыг дэлгүүр хэсэхийн хэнээтэн хэмээж, хуулиа дагадаг соёлт нийгмийн босгыг давах эрхгүй хэмээн адалж эхэллээ.

Хамгийн инээдтэй нь ийм увайгүй алхмыг Европын холбоо цэргийн гэмт хэрэгтнүүдэд хэрэглэх ёстой баймаарсан. Цэргийн гэмт хэрэг хийсэн, түүнчлэн хүн төрөлхтний эсрэг гэмт нүгэл үйлдсэн, Афганистан, Ливийн эсрэг түрэмгийлэл өдөөсөн Америк, Европын тэргүүнд өчнөөн бий шүү дээ. Өрнөдийнхөн хатагтай Асадад хориг арга хэмжээ авч байгаа бол Мишель Обама, Саманта Кэмерон, Карла Бруни нарт ч энэ аргыг хэрэглэвэл таарна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.