Б.Бат-Эрдэнэ: Миний УБТЗ руу явуулсан бичигт хэн нэгнийг буруутгасан, зөвтгөсөн агуулга байхгүй
2021.01.11

Б.Бат-Эрдэнэ: Миний УБТЗ руу явуулсан бичигт хэн нэгнийг буруутгасан, зөвтгөсөн агуулга байхгүй

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс цаг үеийн зарим үйл явдалтай холбоотой тодруулга авлаа.


-Юун түрүүнд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо чухам ямар асуудал эрхлэн хариуцдаг талаар тодруулж өгнө үү?

-Манай Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд арван асуудал байгаа. Жишээ нь, Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилгын асуудал ирц, дэг сахиулах асуудал гэх мэт. Зарим хүмүүс зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийн асуудлаа хариуцдаг гэсэн ойлголттой байдаг юм билээ. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд нийт төрийн албан хаагчдын, ёс зүй, сахилга хариуцлагын асуудалд хамаарах зан үйлийн шинжтэй асуудлууд бүхэлдээ багтаж байгаа. Үүнээс гадна Улсын Их Хурлыг үл хүндэтгэсэн үйлдэлд хяналт тавих чиг үүрэг ч бий. Байнгын хороо эхний арга хэмжээ болгож Төрийн албаны зөвлөлтэй хамтран бүх төрийн албан дахь Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ зөвлөгөөнд бодлогоо дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэнтэй хамтран Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудаар Улсын Их Хурлын гишүүддээ гурван удаа мэдээлэл, семинар хийсэн.

-Өмнө нь Ёс зүйн дэд хороо ажиллаж байсан. Одоо тэр дэд хороо ажиллах уу?

-Дэд хороог Байнгын хороо болгон өргөтгөж зохион байгуулсан гэж ойлгож болно. Цаашдаа дэд хороо гэж ажиллахгүй, зөвхөн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ажиллана. Бид дэд хоррооны дүрмээ өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэх ажлыг эрдэмтэд судлаачдын оролцоотойгоор хийж байгаа. Ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

-Төмөр замчдаас ирсэн гомдолд таны өгсөн хариу бичгийн агуулгатай санал нийлэхгүй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр илэрхийлээд танай Байнгын хорооноос гарна гэсэн албан бичгээ цахим сүлжээнд тавьсан байна лээ. Энэ ямар учиртай юм бэ?

-“Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зорчигч тээврийн төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Улсын Их Хурлын зарим гишүүд олон нийтийн сүлжээгээр “УБТЗ-ын 16 мянган ажилчдын нэр хүндэд халдаж, хөдөлмөр бүтээлийг нь үгүйсгэж төмөр замд сахилга хариуцлага, хорио цээрийн дэглэм алдаж найр наадам, тэмцээн болсоор корона алдсан нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй, голомт төмөр замаас үүсэлтэй гэж гутаан доромжилсон тул олон нийтийн сүлжээгээр төмөр замчдаас уучлалт гуйхыг шаардаж байна” гэсэн агуулгатай гомдлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд ирүүлсэн. Уг гомдолтой танилцахад “Монгол Ардын намын гишүүнийхээ хувьд нам засгийнхаа бодлогын эсрэг үйлдэлд нь хариуцлага тооцох...”-ыг хүссэн байсан тул Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэгт шилжүүлээд энэ тухай гомдол гаргасан талд хуульд заасан хугацаанд нь хариу явуулсан. Ердөө ийм л асуудал болсон. Одоо үйлчилж байгаа дүрэмд гишүүний ёс зүйтэй холбоотой гомдол өргөдлийг шаардлагатай бол бусад байгууллагад шилжүүлж болно гэсэн заалт байдаг учраас тэр дагуу л ажилласан гэсэн үг. Хэрэв шилжүүлээгүй бол гишүүдээс ажлын хэсэг томилж хянан шалгах ажиллагаа явуулах журамтай. Ийм ажиллагаа хийж дүгнэлт гаргаагүй учраас миний явуулсан бичигт хэн нэгнийг буруутгасан, зөвтгөсөн агуулга байхгүй,хянаж танилцлаа гэсэн санааг илэрхийлсэн юм.

-Б.Энхбаяр гишүүн таныг өөртэй нь уулзаагүй байж, уулзаж сануулга өгсөн гэж бичсэн, бас төмөр замчдаас уучлалт гуйсан нь зүй бус үйлдэл болсон гэх зүйлүүдийг дурдсан байсан?

-Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлээс ирсэн гомдолд өгсөн хариу бичгийн утга бол түрүүнд хэлснээр танай гомдлыг харьяаллын дагуу намын бүлэгт шилжүүллээ гэсэн л агуулгатай. Дүрмийн дагуу хянан шалгах ажиллагаа эхлүүлээгүй учраас аль нэг гишүүнд сануулга өгөх асуудал байхгүй, биечлэн уулзах ч шаардлага гараагүй. Уг бичигт Төмөр замчдаас уучлалт гуйхыг шаардсан бичгийг хянаж танилцлаа гэсэн утга санааг тэмдэглэсэн болохоос, тэднээс уучлалт гуйсан зүйл байхгүйг тодорхой харж болно.

Миний бие Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргын хувьд Цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүддээ, иргэдтэйгээ нэгэн адил ёс зүй, сахилга, хариуцлагатай байхыг уриалсан сануулгыг удаа дараа хүргэж ажиллаж байгаа. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын нийт гишүүддээ явуулсан уриалга, сануулгад Улсын онцгой комиссоос албан ёсоор мэдээлэгдсэнээс бусад батлагдаж нотлогдоогүй мэдээ, мэдээллийг цахим орчинд, олон нийтэд түгээхээс болгоомжлох талаар ч дурдсан. Мөн анх удаа сонгогдсон зарим залуу гишүүдтэйгээ биечлэн уулзаж зөвлөгөө, сануулга өгсөн тохиолдлууд ч бий. Тухайн байгууллагад явуулсан хариу бичгийн сануулга өгсөн гэдэг хэсэг бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргын хувьд ингэж ажиллаж байгаа гэдгээ л илэрхийлсэн санаа юм. Энэ талаар бидний хооронд үл ойлголцол үүсэх үндэсгүй гэдэгт итгэлтэй байна.

-Б.Энхбаяр гишүүний олон нийтийн сүлжээнд бичсэнчлэн ОХУ-ын иргэд Монголд ирж төмөр замын баярт оролцож коронавирус тараасан гэдэг үнэн юм уу?

-Саяхан 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар“Төмөр замаар өөр хүмүүс ирж тэмцээнд оролцсон гэх асуудлыг Эрүүгийн Цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудаас шалгалт явуулаад тийм асуудал болоогүй, корона алдсан нөхцөл байдал тогтоогдоогүй…”гэж албан ёсоор мэдэгдсэн. Үүнийг л шалгадаг газар нь шалгаад, мэдээлдэг газраасаа гарч байгаа нотолгоотой мэдээлэл гэж бид үзэх ёстой биз дээ.

Тийм учраас манай зарим гишүүд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хариуцлагатай цаг үед Улсын онцгой комиссоос албан ёсоор мэдээлэгдсэнээс бусад батлагдаж нотлогдоогүй мэдээ мэдээллийг цахим орчинд, олон нийтэд түгээх нь буруу. Цар тахлын аюул улс оронд нүүрлэсэн ийм онцгой үед Улсын Их Хурлын гишүүд өндөр ёс зүйтэй, чанд сахилга хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэм сахиж ард иргэдээ үлгэрлэн манлайлж байхыг Байнгын хорооны даргын хувьд энэ удаа ч гэсэн анхааруулж, сануулж байна.