МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр Д.Оюун-Эрдэнийг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.
Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгг заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн сонгуульт хугацаа дуусч байгаа тул Үндэсний зөвлөлийн гишүүдийг хуульд заасны дагуу чөлөөлж, томилж өгөхийг хүссэн албаг бичгийг тус зөвлөлөөс ирүүлсэний дагуу Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 10-ны чуулганы нэгдсэн хуралдаанаараа Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг томилсон. Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн нэрээ татсан тул Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэг сул орон тоо үлдсэн.
Ажлын хэсэг Улсын Их Хурлаас нэр дэвшихээр төрийн бус байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулж хамгийн олон санал авсан 1 хүний нэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.8 дахь хэсгийг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнийг томилохоор ТББХ-ны хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Т.Аубакир нар асуулт асууж, хариулт авлаа. Ингээд МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Оюун-Эрдэнийг томилохыг гишүүдийн 69,1% дэмжив.