Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна
2020.12.10

Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.10\ хуралдаанаар  “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Ерөнхийлөгчийн тамгын газрын санал дүгнэлтийг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцуулаа. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. 

Засгийн газрын санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. 

Тус зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлэн ажиллаж байсан Ө.Золбаяр, З.Энхболд нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.5-д заасныг үндэслэн М.Уянга, Г.Отгонбаяр нарыг Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Нэр дэвшигч Маруушийн Уянга нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1998 онд Москвагийн Соёл урлагийн их сургууль төгссөн. Телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч найруулагч, менежер мэргэжилтэй. Соёл судлалын докторын зэрэгтэй. Дараагийн нэр дэвшигч Гомбожавын Отгонбаяр нь 1973 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургууль, 2011 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг төгссөн, инженер, сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүл зүйн магистр зэрэгтэй юм байна.

    Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Нямсамбуугийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.1, 21.7-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ж.Цэсэнг тус зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцууллаа. Нэр дэвшигч Жигжидийн Цэсэн нь 39 настай, Сүхбаатар аймгийн 10 жилийн I сургуулийг 1998 онд, Улсын Багшийн Их Сургуулийг сэтгүүлч-орчуулагч мэргэжлээр 2003 онд тус тус төгссөн байна. Уран зохиолын магистр, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. Тэрбээр 2000-2001 онд “Шар сонин” хэвлэлд сэтгүүлч, 2001-2002 онд Нийслэлийн Улаанбаатар радиод сэтгүүлч, 2002-2007 онд “Мянганы зууч” сонины албаны дарга, тоймчоор, 2007-2010 онд  “Ардчилал сонин” хэвлэлийн албаны дарга, тоймчоор, 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2017-2019 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн албаны даргаар, 2019-2020 онд “Сайн Пи ар” агентлагт зөвлөхөөр тус тус ажиллажээ.

Дээрх зөвлөлд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэн ажиллаж байсан Б.Батбаяр, Д.Цэндсүрэн, Д.Оюун-Эрдэнэ, Б.Энхмандах нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа юм байна.

Дараа нь Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Ж.Цэсэнг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 15 гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн юм. Дараа нь Засгийн газраас нэр дэвшүүлж буй Г.Отгонбаярын  Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахыг дэмжих эсэхээр санал хураахад гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Засгийн газраас нэр дэвшүүлж буй М.Уянгыг  Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь дэмжсэн.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлаас Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй 25 нэр дэвшигчээс сонгох нууц санал хураалтыг зохион байгуулав. Нууц санал хураалтад Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 16 гишүүн оролцсон бөгөөд саналын бүх хуудас хүчинтэй байсан талаар Тооллогын комиссын дарга танилцууллаа. Санал хураалтын дүнд Дамдингийн Цоодол 12 санал, Мянганбуугийн Наранбаатар 12 санал, Чулуунбаатарын Батцэнгэл 11 санал, Баасанжавын Ганболд 8 санал тус тус авсан.

    Нэр дэвшигч Д.Цоодол нь 1967 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. 1985 онд 10 жилийн дунд сургууль, 1989 онд Улсын Багшийн Дээд сургууль төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн магистрын зэрэгтэй. 1989-2016 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч, 2012-2016 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн V нэгдлийн дарга, 2014-2016 онд Кино программын Ерөнхий продюссер, 2016 оноос “Цэцэн” энтертайнментийн захирлаар ажиллаж байгаа юм байна.

    Нэр дэвшигч М.Наранбаатар нь 1974 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. 1991 онд дунд сургууль дүүргэж, 2002-2004 онд Удирдлагын академи, 2016-2019 онд Шихихутаг их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 1996 онд МУИС-ийн ОУХПС-ийн Гадаад албаны ажилтан, 1996-2006 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизд редактор, ахлах редактор, 2006-2015 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн захирал, 2015-2018 онд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, 2019 оноос Энх тайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм байна.

    Нэр дэвшигч Ч.Батцэнгэл нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд дунд сургуулиа дүүргэж, 1997 онд МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр, 2016 онд Их засаг сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Сэтгүүл зүйн магистрын зэрэгтэй. 1997-2014 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн редактор, хэлтсийн дарга, дэд захирал, 2015 онд “Монголын Үнэн” сонины орлогч эрхлэгчээр ажиллаж байсан. 2016 оноос Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн “ММ” сувгийн захирлаар ажиллаж байгаа юм байна.

    Нэр дэвшигч Б.Ганболд нь 1955 онд Увс аймгийн Улаан гом суманд төрсөн. 1973 онд дунд сургуулиа дүүргэж, 1979 онд Москвагийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. 1989 онд Москва нийгмийн ухааны академид түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 1979-1992 онд “Үнэн” сонинд сэтгүүлч, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1999 онд “Ардын эрх” сонинд орлогч эрхлэгч, 1999-2000 онд “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч, 2000-2006 онд Радио, телевизийн ХЭГ-ын дарга, 2007-2013 онд “Үндэсний шуудан” сонины эрхлэгч, 2014-2020 онд “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байжээ.