2020.11.06

Л.Мөнхбаатар: Дээд шүүхийн шүүгчид тавигдах шаардлагыг өндөрсгөх шаардлагатай

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг сонсож байна.

Нэр дэвшигчийн танилцуулгыг сонссоны дараа УИХ-ын гишүүд ШЕЗ-ийн дарга болон нэр дэвшигч нараас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

"Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлж буй хүнээ танилцуулж байна. ХЗБХ-ны хуралдаанаар нэр дэвшигчидтэй танилцсан. Ц.Цогт шүүгчээс гадна С.Батхүлэг гэж хүнийг нэр дэвшүүлж байсан. Өнөөдөр яагаад энэ хүний нэр орж ирээгүй вэ гэдэг дээр тайлбар хэлье. Ц.Цогт шүүгч бол салбартаа нэр хүндтэй, ажлын туршлагатай хүн. Нөгөө хүн дээр хуралдааны үед маргаан үүссэн.

Ер нь бол Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах шаардлагыг өндөрсгөх ёстой. Шүүн таслах ажиллагааны туршлагатай хүн байх ёстой. Одоогийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бол өмгөөлөгч, прокурор, хууль зүйн багш гэх мэт хүмүүс Улсын дээд шүүхийн шүүгч болох эрх нь нээлттэй байгаа юм. Шүүн таслах ажиллагааны туршлагатай байна гэж тусгайлан заагаагүй байна. Анхан болон давах шатны шүүгчийг томилохдоо 5 жил шүүн таслах ажиллагааны туршлагатай байх ёстой гэдэг хэрнээ дээд шүүхийн шүүгчид ийм шаардлага байдаггүй. Тиймээс цаашид анхан болон давах шатанд 10-15 жилийн туршлагатай хүнийг нэр дэвшүүлж оруулж ирэх нь зүйтэй.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийг хууль зөрчиж нэр дэвшүүлж оруулж ирлээ гэх хүмүүс байсан. Тийм зүйл байхгүй. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар л нэр дэвшигчээ оруулж ирсэн юм. Цаашид шүүхийн багц хуулийг хэлэлцэх үедээ дээд шүүхийн шүүгчид тавих шаардлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнийг үндсэн хуульдаа оруулах ёстой гэж би үзэж байгаа юм."