Д.Сумьяабазар: Хөл хорионы үеийн арга хэмжээ цар тахлыг хумих сүүлийн боломж
2021.02.07

Д.Сумьяабазар: Хөл хорионы үеийн арга хэмжээ цар тахлыг хумих сүүлийн боломж

Нийслэлд энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоохтой холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулж, үүрэг чиглэл өглөө. 

Тэрбээр, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед нийслэлийн хэмжээнд хийх тандалт, илрүүлгийн шинжилгээг хэрхэн зохион байгуулах, хатуу хөл хорионы хугацаанд дэг журмыг мөрдүүлэх, хангалт үйлчилгээг ямар журмаар зохион байгуулах талаар УОК-оос гаргасан төлөвлөгөөг Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд танилцуулсан юм. 

Мөн энэ хугацаанд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрийн талаарх мэдээллийг иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай өгч, нийслэлийн иргэдэд зөвлөн тусалж ажиллахыг үүрэг болгов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар: “Бизнесийн салбараа урт хугацаанд хааж, элгээр нь хэвтүүлж хэрхэвч болохгүй. Боловсролын салбар бас давхар цохилт авч байна. Манайд танхимын сургалтыг хааснаас болж хохирох бүтэн нэг үе бий болох гээд байна. Тиймээс 12 хоногийн хугацаанд бүх боломжоо дайчилж, хамтын хүчээр энэ тахлыг таслан зогсооё. Бидний хэрэгжүүлэх гэж байгаа энэ арга хэмжээ цар тахлыг хумьж авах сүүлийн боломж юм” хэмээв.

Мөн Нийслэлийн Засаг дарга дүүрэг, байгууллага бүхэн эрсдэлийн хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргахыг үүрэг болголоо.