Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эриког хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт Япон улсын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнгийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Энэхүү төсөл нь мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, их сургуулийн хамтарсан судалгааг дэмжих хөрөнгө оруулалт болж чадсан юм. Цаашид Монгол Улсад нутагшуулсан гурван коосенийг бэхжүүлэх, тоог нэмэгдүүлэх, орон нутагт ийм төрлийн сургууль байгуулах болон төслийн хэрэгжилтийн хугацааг хоёр жилээр сунгах мөн судлаачдыг нэмж сургах саналтай байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ.
Уулзалтын үеэр АШУҮИС-ийн Эмнэлгийн менежментийг боловсронгуй болгох ЖАЙКА-ийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн онцолж, Монгол-Японы эмнэлэгт Японы 3-4 эрдэмтэн, профессор, эмч нарыг богино болон урт хугацаанд ажиллуулах, Японы эмнэлзүйн менежменийг монгол эмч, багш нарт ажлын байран дээр нь сургах саналыг дэвшүүллээ. Боловсролын салбараас гадна шинжлэх ухаан, инновацын чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтээ сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эрико хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар танилцуулаад сургалтын хоцрогдлыг арилгахад хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. “Мянган инженер” төслийн хувьд Японы их, дээд сургуулиудтай хамтарч судалгаа хийдэг. Ингэснээр судалгаагаар мэргэшиж буй эрдэмтэд Япон улстай харилцаа холбоо тогтоох нь ихэссэн болохыг онцлон хэлсэн юм.
Эх сурвалж: